Хямдрал зарласан бүтээгдэхүүнийг сайтар шалга

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хямдрал зарласан бүтээгдэхүүнийг сайтар шалга

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санаачлан Стандартчилал хэмжилзүйн газар болон Хэрэглэгчийн төлөө нийгэмлэгтэй хамтран хүнсний худалдааны төвүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтад 39 байгууллагыг хамруулснаас 101 зөрчил илэрчээ. Хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн горим ямар байгааг голчлон шалгасан байна. Хүнсний бөөний төвүүдийн худалдааж буй бараа, бүтээгдэхүүнд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, орц найрлага, хэрэглэх аргыг нь бичээгүй зэрэг шошгын зөрчил түгээмэл байжээ. Мөн хадгалалтын хугацаа дууссан, чанар биет байдал нь алдагдсан болон гарал үүслийн гэрчилгээгүй дабороторийн шинжилгээгүй бүтээгдэхүүн худалдаж хэрэглэгчдийг хохироох явдал байсаар байгааг ШӨХТГ-ын улсын байцаагч Д.Эрдэнэцэцэг хэлж байлаа.

Хэрэглэгчдийн халааснаас ямх ямхаар хумсалдаг бас нэгэн зөрчил бол жин хэмжүүрийн алдагдал байдаг. Баталгаажилтгүй жин хэмжүүрээр худалдаа наймаа эрхэлсэн зөрчил хоёр ч бөөний төвд илэрсэн байна. “Барс” худалдааны төв дээр худалдаж байсан зааны дүрс бүхий ууттай элсэн чихэр, цагаан будааны жин зохих хэмжээндээ хүрэхгүй, 50-100 гр-аар дутуу  байжээ. Мөн худалдааны төвд “Мөнхийн болор”, “Хоргын хүү” компанийн үйлдвэрлэсэн элэгний нухаш нь хаяг шошгоны зөрчилтэй байсны дээр хаана, хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хоол амтлагчийг олноор нь худалдаж байгаа ажээ. Сүхбаатар дүүрэгт ”Замбала” худалдааны төв, “Сэлбэ”, “Очир” зэрэг дэлгүүрт хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байжээ. Баянгол дүүрэгт “Вест” супермаркетад “Монкек” ХХК-ийн үйлдвэрлэсэн үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй мушгиа нарийн боов, биет байдлын доголтой өргөст хэмх, вандуй, компот, Баянзүрх дүүрэгт “Баясах өргөө”, “Every day” дэлгүүрт хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хямдрал зарлан худалдаж байсан байна. Тиймээс “sale” зарласан бүтээгдэхүүнийг сайтар шалгахад илүүдэхгүй нь гэдгийг хэрэглэгчдэдээ сануулъя.

Баянзүрх дүүргийн “Тэнгэр” бөөний төвд шинжилгээний бичиггүй, мэргэжлийн хяналтын дүгнэлтгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргажээ. Чингэлтэй дүүргийн “Юмт бөмбөгөр” худалдааны төвд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй төрөл бүрийн гаа, тамхин чихэр зэргийг  худалдаж байсныг хураан авч устгасан байна. Тус дүүргийн нутаг 17 дугаар сургуулийн хажуу талын “Ванхүү” ХХК-ийн “Далайхүү” худалдааны төв нь зориулалтын агуулах зоорьгүй, бараа бүтээгдэхүүний тавиургүйгээс хүнсний барааг шалан дээр шууд хураасан байжээ. Энэ бүх зөрчлөөс 88 хувийг газар дээр нь засч залруулсан бөгөөд аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу 200-250 мянган төгрөгөөр торгосон байна. Харин шалгалтаар элдэв зөрчил илрээгүй газруудад “Номин фүүдс”, “Номинхайпермаркет”, “Оргил” худалдааны төв, “Урбаник” бөөний төв, Батсарай ХХК-ийн “Баттрейд”бөөний төвүүдийг нэрлэж байна. Мөн “Шонхор” зах их засвар хийж, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахуйц байдлаар ажилладаг болсныг мэргэжилтнүүд сайшааж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж