Авиа компаниудаас алдаа дутагдал илрээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Авиа компаниудаас алдаа дутагдал илрээгүй гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хэрэглэгчийн гомдлын дагуу шалгалт явуулсан байна. Авиа компаниуд харилцан адилгүй үнэ тарифаар үйлчилгээ үзүүлж байгааг шалгахыг хүссэн байна. Энэ дагуу зөвхөн орон нутгийн болон олон улсын  нислэгийн байдлыг ИНЕГ, “МИАТ” ХК, “Изинис эйрвиз” ХХК, “Аэромонголия” ХХК-ийн хэмжээнд шалгасан төдийгүй   зорчигчийн тийз борлуулагч “Айр маркет”, “Айр тарнс” зэрэг компанийг шалгажээ. Гадаадын “Аэрофлот”, “Корейн эйр”, “Айр чайна” зэрэг авиакомпанийн төлөөлөгчийн газруудыг ч мөн хамруулсан байна. Авмакомпаниудын хувьд ижил биш хэмжээний үнэ тариф мөрдөх нь түгээмэл байдаг ажээ. Энгийн тийз гэхэд л 18 төрөл, бизнес тийз таван төрлийн үнэ тарифтай байгаа бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ийм ижил биш үнэ тариф үйлчлэх явдлыг зөрчил гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Сонголт олон болох тусмаа  хэрэглэгчдэд ашигтай байдаг. Тиймээс  иргэд онгоцоор нисэх тийзээ эрт захиалах, эсвэл хамт олон найз нөхдөөрөө үйлчлүүлэх зэргээр хямд тйиз авах боломж байгааг тэд онцолж байв. Түүнчлэн авиакомпани бүрийн онцлог өөр өөр гэнэ. Одоогийн байдлаар “Изинис эйрвиз”, “Аэромонголия” хоёр компани орон нутагт нислэг хийдэг. Гэхдээ нислэгийн тариф өөр. Үүнийг Шударга өрсөлдөөнийхөн шалгаад өөр байхаас ч аргагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байх юм. “Изинис” ХХК-ийн онгоцнууд нь багтаамж багатайгаас алсын аймгуудад нисэхдээ  замдаа өөр аймагт буулт хийж онгоцоо цэнэглэх шаардлага гардаг гэнэ. Онгоцоо цэнэглэх, онгоцны буудлыг ажиллуулсны хөлс мөнгө гэхчилэн зардал өсдөг ажээ.  Одоогийн байдлаар авиакомпаниуд зорчигчдын нислэгийн тийзийн үнэ ханшийн 40 хувийг зөвхөн шатахуундаа зарцуулж байгаа гэнэ. Дээр нь талбай ашигласны хөлс мөнгө, үйлчилгээний төлбөр гэхчилэн алдагдалтай ажилладаг гэж  хэрэглэгчдийн өмнөөс шалгалт хийсэн мэргэжилтнүүд тун сайн тайлбарлав. Товчхондоо бол авиакомпаниудаас зөрчил илрээгүй гэнэ. Гагцхүү олон төрлийн үнэ тарифын үйлчилгээгээ олон түмэнд таниулаагүй нь л авиакомпаниудын буруу юм байна. Бусдаар бол “бүх юм нь ок” гэсэн дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтнүүд гаргаснаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Д.Цээпил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж