“Татар ажиллагаа”-г дэлхийн стандартаар хийсэн

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа”-г дэлхийн стандартаар хийсэн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    “Hero Entertainment”-ийн ээлжит шинэ бүтээл “Татар ажиллагаа” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Өнгөрсөн жил “Hero Entertainment”, “B Production”, “Номадсын сүлжээ ресторан”, “Монгол кино нэгтгэл” хамтран “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг хийж, энэ алдарт киноны баатруудын 25 жилийн дараах амьдралыг харуулсан. Тэгвэл энэ кино баг дахин хамтран “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киног бүтээжээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Киноны найруулагчаар Б.Баатар, продюсероор “Номадс сүлжээ ресторан”-ы ерөнхий захирал М.Есөнмөнх, Эрхүү хотын “Аист” телевизийн ерөнхий захирал Базархандаев Амгалан Ренчинович нар ажилласан байна. Харин киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, Н.Отгонбат, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, ОХУ-ын нэрт жүжигчин Д.А.Певцов, жүжигчин Ч.Ундрал, кикбоксчин Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл, бяцхан охин Б.Хулан нар тогложээ.

    Хэвлэлийн хурлын үеэр найруулагч Б.Баатар хэлэхдээ “Бидний энэ шинэ кино дэлхийн хэмжээний стандартад нийцэх кино болсон. Үүнийг би бардам хэлж чадна. Киноны зураг авалтыг Улаанбаатар, Москва хотод авсан. Москва хотын алдарт Мосфильм кино студид зургаа авсан, энэ хэсэгт ОХУ-ын ардын жүжигчин Д.А.Певцов тоглосон. Мөн Герман улсаас Холливудын кино найруулагч Folker.L перотехникчээр, ОХУ-аас оператор Стрелов Алексей Юривеч нар ирж ажилласан. Киноны зураг авалтыг Red one камераар гүйцэтгэсэн. Иймд манай кино төслийн багийнхан Монголын кино урлагийг дэлхийн кино ертөнцийн хөгжилтэй хөл зэрэгцүүлэх хүсэл мөрөөдөлдөө нэг алхмаар ойртож байгаадаа баяртай байна” гэв.

    Энэ киног хийж эхлэх цагаас эхлэн ОХУ-ын нэрт жүжигчин Сергей Безруковийг тоглоно хэмээн мэдээлж байсан ч түүний оронд жүжигчин Д.А.Певцов тогложээ. Энэ талаар киноны продюсероор ажилласан “Номадс сүлжээ ресторан”-ы захирал М.Есөнмөнх дараах тайлбарыг өгсөн юм.

    “Сергей Безруковий бид кинондоо тоглохыг урьсан. Олон ч удаа санал тавьсан. Гэвч Сергей Безруков өөртөө дахин дайн байлдаантай, тулаантай кинонд тоглохгүй гэж амласан учир бидний кинонд тоглож чадахгүй нь гэдгээ хэлсэн. Сергей Безруков нь “Бригад” кинонд тоглосноос хойш ийм төрлийн кинонд тоглохгүй байхаар шийдсэн юм билээ. “Бригад-2” киног хийхэд хүртэл нэрт жүжигчин маань дахин тоглохыг татгалзсан байна лээ. Өөр уран бүтээл бол хамтран ажиллахдаа дуртай байх болно гэж бидэнд хэлсэн. Иймд бид түүний оронд жүжигчин Д.А.Певцовийг кинондоо тоглох санал тавьсан. Д.А.Певцов бидний саналыг таатай хүлээж авсан. Дахин хамтран ажиллахдаа ч дуртай байх болно гэсэн” хэмээн М.Есөнмөнх захирал тайлбарлав.

    “Татар ажиллагаа” уран сайхны кино нь энэ сарын 10-нд буюу ирэх даваа гаригт албан ёсоор “Өргөө” кино театрт нээлтээ хийх юм. Мөн энэ сарын 12-нд бүх аймгуудын төвд зэрэг нээлтээ хийхээр төлөвлөжээ.

    Дуучин Б.Амархүү Тайванаа гэх 33 настай залуугийн дүрийг бүтээсэн байна. Кинонд хууль бус ажиллагаанд хутгалдсан банкны удирдлага Тайваныг ажлаас нь халснаар түүний амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэдэг. Хүнд өвчтэй охиноо асарч буй эхнэртээ ажлаас халагдсанаа нуухаас өөр арга түүнд байсангүй. Охины нь бие улам муудаж, өндөр үнэтэй мэс засалд орох л ганц найдлага үлдээд байв. Ажил олох горьдлого тасарсан Тайванаа багийн найз Тулгаатай уулзаж, бүх л зовлонгоо хуваалцана. Өмнө нь цагдаагийн албанд зүтгэж явсан түүний найз адал явдлын ном, киногоор ёстой л нэг өвчилсөн хүн. Ингээд Тулгаа найздаа туслахаар шийдэж, хоёр найзын хамт “Татар ажиллагаа”-г төлөвлөдөг. Шинэхэн мэндэлсэн дээрэмчдийн баг амжилтдаа итгэл төгс байсан ч, харамсалтай нь тэднийг шал өөр адал явдал хүлээж байдаг аж.

    Д.Батсүх: Би бүтэлгүй залуугийн дүрд тоглосон


    “Татар ажиллагаа” кинонд бас нэгэн гол дүрд тоглосон “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүхтэй ярилцлаа.


    -Та яагаад Б.Баатар найруулагчийн кинонд тоглох болсон бэ?

    -Баатараа бид хоёр найзууд л даа. Урд нь бас “Би чамд хайртай-2” кинонд та бүхний мэдэхээр дуучин Д.Болд тоглосон. Дараагийн кинондоо намайг тоглуулна шүү гэж байсан. Ер нь бол надад кинонд тоглох олон санал ирдэг байсан. Би бүгдэд нь татгалзаж байсан. Яагаад гэвэл кино хэн хийж байгаа, зохиол ямар байх уу, ямар баг хамт олон хийх үү, гүйцэтгэл нь ямар байх уу гэдгээс кино хэр болох нь шалтгаалдаг. Манай Баатараагийн хувьд “Би чамд хайртай-2” киног маш амжилттай хийсэн. Тэр ч утгаар нь би “Татар ажиллагаа” кинонд тоглох саналыг нь хүлээж авсан. Энэ кинонд би тоглохоос гадна хөгжмийг нь хариуцсан байгаа. Хөгжмийн зохиолчидтой хамтран ажилласан, өөрөө дууг нь дуулсан. Манай кино чинь дөрвөн дуутай. Удахгүй гарч эхлэх байх.

    -Та анх удаа кинонд тоглож байна, хэр хүндрэлтэй байв?

    -Би өөрөө мэргэжлийн дуучин хүн. Жүжигчин биш шүү дээ. Жүжигчин хүнийг ажил хүнд байдгийг сая л ойлголоо. Гэхдээ мэргэжлийн жүжигчид зааж зөвлөж байсан учир гайгүй болсон гэж бодож байна. Найруулагчид загнуулаагүй шүү. Б.Амархүү бид хоёрын хувьд зураг авалт олон дахин давтаж байсан. Учир нь бид хоёр мэдээж туршлага байхгүй. Би бас Б.Амархүүгээ магтаж яримаар байна. Б.Амархүү бол залуу уран бүтээлч, кинонд бол маш сайн дүрээ гаргасан. Б.Амархүү дуучин гэдгээсээ илүү 33 настай Тайванаа гэх сайн аав, сайн нөхрийн дүрийг маш чадварлаг бүтээсэн.

    -Киноны трейлерийг үзэж байхад та нэг бүтэлгүй залуугийн дүрд тоглоод байх шиг санагдсан?

    -Хошин дүр л дээ. Кино маань инээдмийн, тулаант кино. Нэг тийм инээдэмтэй, бүтэлгүй, муу санаатай ч гэмээр юм уу тийм залуугийн дүрийг бүтээсэн. Хувь хүнээсээ өөр дүрд тоглосон.

    -Та урьд нь клипэндээ багагүй жүжиглэлтийг харуулдаг байсан?

    -Клип бол юм ярихгүй, жүжиглэж байгаа юм. Киноны хувьд дүрээ амьдруулна гэж байна. Ер нь бол хэцүү юм билээ. Гэхдээ өөрийнхөө хувьд дүрээ гаргах гэж хувьдаа их хичээсэн. Хэрхэн тоглосоныг минь үзэгчид үзээд шүүх байх.

    -Танд дахин кинонд тоглох санал ирвэл тоглох уу?

    -Яг энэ баг бүрэлдэхүүн маань дахин надад кинонд тоглох санал тавьбал би татгалзахгүй, чадах хэмжээндээ дүрээ сайн гаргаж тоглохыг хичээх болно.

    -Ингэхэд “Номин талст” хамтлаг цаашид уран бүтээлээ хийх үү?

    -Манай хамтлаг 2007 онд арван жилийн ойн баяраа хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй нам гүм байгаа. Одоогоор юу хийхээ ярилцаагүй л байна. Тодорхой бус шалтгааны улмаас уран бүтээлийн завсарлага авсан байгаа. Гэхдээ тус тусын уран бүтээлээ хийгээд л явж байна.

    -Таны хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

    -Би одоо шинэ цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Киноныхоо ажлын хажуугаар дуугаа нэг нэгээр нь бичүүлээд л яваад байлаа. Арван дуутай гоё цомог гаргах гэж байгаа. Оноос өмнө гарах байх. Тэрнээс өмнө шинэ клип гарна.

    -“Номин талст” хамтлаг 15 жилийнхээ ойг үзэгчидтэйгээ тэмдэглэх үү?

    -Манай хамтлагийн 15 жилийн ой 2013 онд болно. Бид нар одоогоор төлөвлөөгүй байна. Гэхдээ 15 жилийнхээ ойг тэмдэглээчээ гэх хүсэлт ирвэл ойгоо хийж болно, болохгүй юм байхгүй. Гэхдээ ойгоо хийхийн өмнө бид шинэ уран бүтээл хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ талаар ирэх онд бид нар ярилцах байх даа.

    -Дуучин Б.Амархүүтэй хамтарч уран бүтээл хийх үү?

    -Б.Амархүү маань их завгүй ажилладаг юм билээ. ОХУ-д хамтлагийнхаа ажил гээд завгүй байдаг. Энэ кинонд хамт тоглож бид их дотно сайхан танилцлаа. Ах дүү боллоо. Б.Амархүү цаашид Монголд уран бүтээл туурвих хүсэлтэй байгаа юм байна лээ. Бид хоёрын хамтран дуулсан “Татар ажиллагаа” киноны “Би чамдаа итгэдэг” дууны клип саяхнаас үзэгчдийн хүртээл болсон. Б.Амархүү дахин надтай хамтарч уран бүтээл хийе, Буриадад хамт тоглолт хийх санал тавьсан. Бид ярилцаж л байна.

    “Татар ажиллагаа” киноны зураг авалтын зургаас энд дарж үзнэ үү.

    М.Дөлгөөн
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж