ОХУ-ын эрдэмтдэд шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

ОХУ-ын эрдэмтдэд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга Александр Леонидович Асеев тэргүүтэй эрдэмтдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, ОХУ-ын зарим эрдэмтнийг Байгаль нуур дахь “Мир” экспедицид үр бүтээлтэй ажиллаж, нуурыг хамгаалах, судлахад хувь нэмэр оруулсныг нь үнэлэн төрийн одон, медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд сонордуулан, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга Александр Леонидович Асеев, Байгалийн баялгийг ашиглах Байгаль нуурын хүрээлэнгийн захирал Арнольд Кириллович Тулохонов нарт “Алтан гадас” одон, Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн дарга Игорь Вячеславович Бычковт “Найрамдал” медаль гардуулж баяр хүргэлээ.

-Монгол Улс хоёр том гүрний дунд байдаг. Монголчууд оросуудад эртээс элэгсэг дотно хандаж ирсэн. Бидэнд ижил төстэй зүйл их бий. Монголын эрдэмтэд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарынхантай олон чиглэлээр хамтарч ажилладаг. Тухайлбал суурь судалгаа, археологи, геологи, нийгмийн ухааны чиглэлээр Монголын ШУА-тай хамтарч 100 гаруй төсөл хэрэгжүүлээд буйг дурдахад таатай байна. Ер нь судлаачид өөр олон чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Уул уурхай, нүүрс, чацаргана гээд нэрлэж болно. Монгол нийт хураасан чацарганыхаа 10 хувийг л үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Гэтэл дэлхийн зах зээлд чацаргана өндөр эрэлттэй байна. Сарын дараа гэхэд л Улаанбаатар маш их утаатай болно. Нүүрс боловсруулах, утаагүй түлшний асуудал байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд та бүхний хоёр орны судлаачдын хамтын ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг үнэмж, дэмжиж байдгийг илэрхийлье гэж Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч судалгааных нь ажлыг үнэлж оросын эрдэмтдийг шагнасанд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга Александр Леонидович Асеев талархал илэрхийлээд энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг гэж хэллээ. Тэрээр мөн Монголын ШУА-ийн удирдлагатай судалгааны төслүүдийн асуудлаар үр ашигтай яриа хэлэлцээ хийснээ дурдаад хамтын ажиллагаагаа хоёр орны эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдгаа тэмдэглэсэн юм. 

 Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж