Ундраа: “Би мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг”

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ундраа: “Би мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өргөө, Соёмбо, Тэнгис кино театруудад энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж байгаа “Татаар ажиллагаа” кинонд тоглосон жүжигчин Ч.Ундралтай уг киноны хэвлэлийн хурлын үеэр уулзан шинэхэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.

    -“Татар ажиллагаа” кинонд ямар дүр бүтээсэн бэ?

    -Буриадын ардыг жүжигчин Б.Амархүүгийн тоглосон Тайванаагийн эхнэр Хандаагийн дүрд тоглосон.

    -Нөхөр нь найруулагч болохоор киноны гол дүрд тоглоод байна гэсэн шүүмжлэл их байсан. Таны тоглосон Хандаагийн дүр гол дүр үү?

    -Гол дүр биш хоёрдугаар дүр. Үнэхээр энэ удаад би гол дүрд тоглоогүй шүү. Би жижигхэн хэсэгт  л тоглосон байгаа. Загвар өмсөгч Одгэрэл эгч бид хоёрын гарах хэмжээ, үүрэг яг адилхан, хоёрдугаар дүрүүд байгаа. Би бяцхан охин нь хүнд өвчин тусчихсан санхүүгийн асуудалд тулгарсан  ээжийн хэсэгт тоглолоо.

    -“Би чамд хайртай 2” кинон дээр амьдралд хөл тавьж байгаа охины дүр бүтээж байсан шүү дээ. Энэ удаад ээжийн дүр бүтээхэд та өөрөө эх хүн гэдэг утгаараа амархан байсан уу?

    -Мэдээж эх хүн учраас энэ дүрийг бүтээхэд амархан байсан. Та нар энэ киног үзээгүй байгаа болохоор яг ямар дүрд тоглосон бол гэж бодож байгаа байх л даа. Миний хувьд хэрвээ тийм асуудалд орвол яах вэ гэдгийг мэдрэхэд харьцангуй амархан байсан. Охин нь хорт хавдар туссан тэр үед нөхөр нь ажлаасаа халагдчихсан санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа тийм дүр байгаа. Ийм өвчин, шаналалтай үед эх хүн, хүний эхнэр хүн ямархуу байх уу гэдгийг харуулсан хэсгүүд байгаа л даа.

    -Дуучин Б.Амархүүтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?

    -Амархүү бол удирдан явж байгаа гол дүр. Би хэт жүжиглэлт биш, энгийн амьдралд ойрхон тоглолтууд хүмүүст их хүрдэг гэж боддог. Уг кинонд яг тэр тоглолтыг Амархүү маш сайн гаргасан. Хамтарч тоглоход мэдээж сайхан байсан. Яагаад гэвэл Батсүх ч, Амархүү ч дуучин. Урьд нь “Би чамд хайртай 2” кинон дээр тоглосон Болд ч гэсэн дуучин байсан. Ер нь дуучид гэдэг чинь урлагийн хүмүүс учраас угаасаа байгалиасаа жүжиглэх авьяас байдаг юм байна аа гэж бодсон. Зураг авалтын хорин хувьтай байхад л аяндаа цэгцрээд явчихдаг. Батсүх, Амархүү хоёр мэргэжлийн жүжигчид биш дуучид гэхэд үнэхээр сайн тоглосон. Та бүхэн бас үзээд бахархах байх.

    -Энэ кино дөрвөн дуутай гэсэн. Та дуучидтай хамтран дуулсан уу?

    -Үгүй ээ. “Гурван охин” хамтлаг, дуучин Амархүү,  Батсүх хоёр болон  “Нэгүүн” студийн Оки, Цэрэн хоёр хамтран киноны sound track-ыг дуулсан. Мөн Монголын номер нэг гитарчин Өөжгий хөгжмийн зохиогчоор ажилласан.

    -Ер нь дэлгэцийн уран бүтээл хийхээс гадна эргэн дуулах бодол байгаа юу?

    -Би мэргэжлийн дуучин биш жүжигчин учраас мэргэжлийнхээ ажлыг хийсэн нь миний хувьд сэтгэл хангалуун байдаг ш дээ.

    -Киноныхоо нээлтийг тэсэн ядан хүлээж байна уу?

    -Манай кино нэг өдөр Соёмбо-д 15.00 цагт, Тэнгист 18.00 цагт, Өргөө-д 20.00 цагаас зэрэг гарна. Тэгэхээр харьцангуй маш олон үзэгчдэд нээлтээ хийх учраас сэтгэл догдлоод л байж байна даа. Өчигдөр бид “Өрнө Дорно кино фестивальд тест маягаар үзсэн. Сэтгэл их хөдөлж байсан. Миний харж дүгнэж байгаагаар өнгө гэрэл чанарын хувьд бидний урьд нь хийж байсан кинонуудаас сайн болсон гэж бодож байна.

    Г.Даша

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж