Paris-ын бас нэг дуулиан

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Paris-ын бас нэг дуулиан


Хэдхэн долоо хоногийн өмнө хар тамхи хэрэглэсэн хэргээр шүүхэд дуудагдаад буй Paris Hilton дахин шүүхийн хаалга татаж магадгүй болоод байна. Тэрбээр өнгөрсөн сарын 29-ны орой найз залуу Cy Waits-ын хамт зоогийн газраас гарч явахдаа гэрэл зурагчинг машинаараа шүргэн, механик гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Хосуудыг зоогийн газраас гарч ирэхэд тэдний ганган Bentley-г гэрэл зурагчид бүчиж авсан ба явах замыг нь хаан, зураг авцгаасан аж. Тус хэргийг хариуцаж буй цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Энэхүү хэрэгт тухайн гэрэл зурагчин тодорхой хэмжээгээр буруутай. Машины явах замыг хааж зогссон байсан”  гэжээ. Мөн тухайн гэрэл зурагчин түргэн тусламжийнхан ирж, биеийг нь үзэхэд би зүгээр байна хэмээж байсан гэнэ. Энэхүү хэрэгт холбогдуулан Paris өөрийн Twitter дэх хуудсандаа “Гэр бүл найз нөхөдтэйгээ халуун дулаан өнгөрүүлж байсан сайхан үдшийг маань гайтай гэрэл зурагчид баллаж орхилоо. Папараццид үнэхээр солиорчихсон улс” гэж бичсэн байна. 

Харин хосууд тухайн гэрэл зурагчныг газар унахад машинаа ухраан, хэргийн газраас холдсон байна. Цагдаагийнхан ирж Cy Waits-ыг байцаан, гэрэл зурагчинг эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр мөн Paris Hilton-ы хамт кокаин буюу мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан баривчилсан ч нэг өдрийн дараа суллагдсан юм.

Хосууд хамтдаа явж байхад нь цагдаагийнхан шалгахад Paris түрүүвчиндээ мансууруулах бодис авч явсан юм. Энэ хэргийн талаар цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч CNN агентлагийн мэдээлснээр, Хилтон хар өнгийн “Кадиллак Эскаладе” машинаар Вин зочид буудлын ойролцоо явж байхад нь цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, баривчилсан бөгөөд түүнтэй хамт явсан найз азлууг нь мөн баривчилсан гэж мэдээлж байсан юм. Paris  энэ зун Өмнөд Африкт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр марихуан авч явсан хэрэгт буруутгагдсан ч удалгүй хэрэгсэхгүй болсон юм.

Харин энэ удаагийн хар тамхины хэргээр тэрбээр нэг жилийн тэнсэн харгалзах ял аваад байгаа юм. Харин түүний найз залуу энэхүү хэргээс үүдэн клубын ерөнхий зохион байгуулагчийн ажлаасаа халагдсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж