Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж болж байна. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд уг хуулийн төслийг “Ажилгүйдлийг дэмжсэн төсөл болсон учраас засч залруулах зүйл ихээхэн байна” гэж үзлээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийг буцаах шаардлагатай гэсэн байр суурь баримталж буйг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл илэрхийлэв. Гэвч УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Хоёр намын бүлэг дээр ажлын хэсэг байгуулаад, гишүүдээс гаргасан санал бүр дээр ажиллаад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг сайжруулах нь цаг хугацаа хэмнэнэ” гэсэн байр суурь баримталлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хэлснээр бол ажилгүйдлийн гол цөм сумын төвд төвлөрч байдаг. Харамсалтай нь, тэдгээр ажилгүйчүүд ажил идэвхтэй хайж байгаа гэдгээ бүртгүүлэх аргаа ч олдоггүй, бас мэддэггүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тайлбарласнаар бол Монгол Улсын ДНБ-ийн 80 хувийг бүтээдэг хувийн хэвшлийнхэн ажлын байрыг олноор бий болгож, төрийн ачаанаас хөнгөлж байхад тэдэнд урамшуулал олгодоггүй. Дээр нь 45-аас дээш насныханд ажил олддоггүй. Гэтэл тэд өрх гэрийнхээ орлогыг бүрдүүлэх гол хөдөлмөрийн насных байх жишээтэй. Тиймээс ажлын байр бий болгож байгаа, 45-аас дээш насныханг ажилд авсан бол тухайн компанид урамшуулал олгодог байя” гэв.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр “45-аас дээш насныханг ажилд авахаар ээлжийнх нь амралт урт удаан хугацаагаар үргэлжилдэг, түүнийг дагаад амралтын мөнгө нь өндөр гардаг. Харин залуучуудыг ажилд авчихвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байхын хэрээр амралт нь богино, амралтын мөнгө нь бага гарах гээд харгалзаж үзэх асуудал нэлээд байгаа учраас энэ бүхнийг цогцоор авч үзэх шаардлагатай” гэлээ. Санал хураах шатанд олонх гишүүн уг хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж