АСЕМ-ын уулзалтаас тунхаглал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын уулзалтаас тунхаглал гаргалаа

Ази, Европын улс орнуудын төр, засгийн тэргүүн, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар 2010 оны 10-р сарын 4, 5-нд Брюссель хотноо хуралдаж, дэлхий нийтийн тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Энэхүү уулзалтаас “Эдийн засаг, санхүүгийн илүү үр дүнтэй засаглалын төлөө” тунхаглал болон АСЕМ-ын уулзалтын даргын мэдэгдэл тус тус батлагдан гарав. Тунхаглалд төр, засгийн тэргүүнүүд Ази, Европын хүчирхэг хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, тэнцвэртэй эдийн засгийн төлөө байгаагаа нотолсон юм.

 “…Дэлхийн эдийн засгийн хямрал нь санхүү эдийн засгийн систем сул байгаагаас улбаатай. Иймд зах зээл дэх итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын шинэчлэлийг дэмжих, хөгжиж буй орнууд дахь олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс Ази, Европын шинэ хурдыг бий болгохын төлөө байна.

…Улс орнуудын хөгжлийн ялгаатай түвшинг харгалзан үзсэн, түүнчлэн дэлхийн эдийн засгийн төлөөх хамтарсан хариуцлагыг бий болгосон бодлогын арга хэмжээг авахаар бид санал нэгтэй шийдвэрлэлээ.

…Олон улсын валютын сангийн засаглалыг шинэчлэх, түүний итгэл даах чадвар, хууль ёсны эрх болон үр дүнг дээшлүүлэх нь чухал бөгөөд өөрийн бүрэн эрхэд хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрээр хангахад анхаарч ажиллах нь чухал байна.

…Инфляцийн дарамтыг арилгаж, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр Азид хэрэгжүүлсэн арга хэмжээг бид сайшааж байна…” гэхчилэн санхүү, эдийн засгийн зохицуулалтын тодорхой асуудлуудыг тусгасан тунхаглалыг баталлаа.

Тэргүүн нар дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илэн далангүй, нээлттэй, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Илүү үр нөлөөтэй дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн үйл явц дахь ахиц \нийгмийн нэгдмэл байдал, байгаль орчин хамгаалах асуудал, ирээдүйн Ази-Европын хамтын ажиллагаа\, дэлхий нийтийн анхаарал татсан асуудал \далайн дээрэм, терроризм болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, гамшгаас сэргийлэх болон гамшгийг даван туулах, хүний аюулгүй байдал, хүний эрх ба ардчилал, НҮБ-ын системийн шинэчлэл\, бүс нутгийн асуудал, хүмүүс хоорондын харилцаа, АСЕМ-ын ирээдүй болон цаашдын хандлага зэрэг нийтлэг асуудлаар санал солилцож, нэгдмэл ойлголтоо бататгалаа. 2012 оны Ази, Европын Дээд хэмжээний уулзалтыг Лоас Улсад зохион байгуулахаар тогтов.

Зохиогчийн эрх: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж