Бельгийн ван II Альберттай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Бельгийн ван II Альберттай уулзав

Бельгийн Цог Жавхлант Ван Хоёрдугаар Альберт Ази, Европын Дээд хэмжээний уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн хүлээн авалт хийлээ. Уг хүлээн авалтын үеэр Ван Хоёрдугаар Альберт дөрвөн орны төр, засгийн тэргүүнийг хүлээн авч ганцаарчлан уулзав.

Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байв. Ван Альберт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжуудын талаар санал солилцон,  Монголын ардчилсан хувьсгалын 20 жил, Монгол Улсын гадаад бодлогын зарим асуудлаар харилцан ярилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэхүү Дээд хэмжээний уулзалтын үеэр Европын комиссын дарга Хосе Мануэль Бароссо, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Х.В.Ромпуй, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, БНЧУ-ын Ерөнхийлөгч В.Клаус, Австралийн Ерөнхий сайд Жулиа Жилиард, Люксембургийн Вант Улсын Ерөнхий сайд Ж.К.Юнкер, Тайланд Улсын Ерөнхий сайд А.Вежжажива, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Зун нарын зэрэг төр, засгийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх салбар хуралдааны үеэр Мянмарын талаар анхаарал татсан үг хэллээ. Мянмарт хүний эрхийг зөрчиж байгаа тухай, тус улсын дарангуйллыг эсэргүүцсэн хурц шүүмж, хэлэлцүүлэг өрнөх үеэр “ 20 жилийн дараа гэхэд Мянмарт ардчилсан сонгуулиас сонгогдсон төр засгийн эрхийг барьж, хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан нийгэмтэй улс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс 20 жилийн өмнө тийм итгэл найдвартайгаар ардчилсан хувьсгал хийсэн бөгөөд итгэл найдвараа алдахгүй байхыг энд оролцож буй Мянмарын төлөөлөгчдөд хэлье” хэмээн хэлсэнд  олон оролцогч талархан баяр хүргэв.

Зохиогчийн эрх: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж