Дундговьд зуд болж байхад засаг ноёд нь гадаадад зугаалж явна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Дундговьд зуд болж байхад засаг ноёд нь гадаадад зугаалж явна

Хүйтний ам цаашилж байгаа хэдий ч хаврын хавсрагатай чилийсэн өдрүүд өмнө байна. Энэ өвөл цаг агаар сайнгүй байснаас ихэнх аймаг зудын байдалтай байгаа. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн дүгнэснээр 12 аймгийн 65 сум гамшгийн байдалтай байгаа. Малчид хүч тамираа бартал цас зудтай тэмцэж, хотынхон эрвийх дэрвийхээрээ тусламж, хандив цуглуулсан. Байдал ийм хүнд байхад ажлаа, аймгаа хаяад гадаадад зугаалж явдаг засаг ноёдын тухай сонсоод чихэндээ итгэсэнгүй. Гэхдээ хөдөлшгүй баримт байгаа учраас “том толгой”-той дарга нарын тухай бичихээр шийдлээ. Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат, ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож нар сураг тасраад нэлээд хэд хоножээ. Хөдөөгийн ажил барагдах биш, цаг үеийн асуудлаар аймгийнхаа дарга нартай уулзахаар очсон хүмүүсийг Тамгын газрын ажилтнууд “Дарга нар эзгүй байгаа” гэж буцаадаг болжээ. Аймгийн Засаг дарга Ш.Төрбат энэ сарын 7-нд Бээжингийн нислэгээр гадаадыг зорьсон байна. Тэрээр Хонконг, Тайваниар аялах төлөвлөгөөтэйгөөр аймгаасаа гарчээ. Түүний араас ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож болон Тамгын газрын албан тушаалтнуудаас бүрдсэн найман хүнтэй баг мөн л Бээжингийн галт тэргээр өмнөд хөршийн хилийн дээс алхсан байна. Тэднийг зугаалга хаана хүрээд өндөрлөх, хэзээ эргэж ирэхийг мэдэх хүн олдсонгүй. Ямар зорилготой хаашаа явснаа зориуд нуусан байж ч болох юм. ИТХ-ын дарга ноён Ц.Мөнгөнцоожийн 9959202… гэх дугаар руу өчигдөр залгахад мессеж роуминг үйлчилгээгээ идэвхжүүлсэн байлаа. Энэ бол ноён даргын гадаад дахь аялал дуусаагүй байгааг илтгэнэ. Харин Засаг дарга Ш.Төрбат дөнгөж өчигдөр буцаж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.
Дарга хүн гадаад явж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ Засгийн газраас цагийн байдал хүндхэн байгаа тул аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ажил хариуцсан албан тушаалтнуудыг урт хугацаагаар чөлөө авах, гадаадад томилолтоор явахгүй байх тухай тогтоол гарсан санагдаж байна. Хэрэв тогтоол гараагүй бол ийм утгатай үүргийг Засгийн газраас лав өгсөн. Дундговь аймаг гамшгийн байдал, мал хорогдлоороо Өвөрхангайн араас нэхэж яваа. Онцгой байдлын албанаас авсан мэдээллээр энэ аймагт 700 гаруй мянган мал хорогдсон байна. нөхцөл байдал ийм байхад Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь гадаадад зугаалж явааг Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу. Аймгийн удирдлагууд зудын байдалтай байхад сумдаараа явж ажиллаагүй, шуурхай арга хэмжээ аваагүй гэх шүүмжлэлийг нутгийнхан нь хэлж байна лээ. ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож хүйтэнд хоригдож, цасанд боогдсон малчид дээрээ хүрч очоогүй хэрнээ “Ланд 80”-аа голж, 45 сая төгрөгөөр шинэ жийп худалдан авч тансагласан тухай манай сонин өмнө мэдээлж байсан. Хамгийн ноцтой нь төрийн нэрээр эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа засаг ноёд хувийн компанийн зардлаар гадаадад зугаалсан байж болзошгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар Дундговь аймгийн нутагт орших Эрээний төмрийн ордын лицензийг эзэмшдэг Хятадын компанийн зардлаар өмнөд хөрш рүү явсан байж магадгүй байна. Нутгийнхан ч иймэрхүү яриа хөөрөөтэй суугаа юм билээ. Зудтай нутгаа орхиод гадаад руу зугаа цэнгэл хөөн одсон засаг ноёдын хэрэг зоригийг нь асууж, зардал мөнгийг нь шалгадаг газар байдаг болов уу.    

Б.Түвшинтөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж