С.Ламбаа: Ирэх жилээс элэг шилжүүлдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

С.Ламбаа: Ирэх жилээс элэг шилжүүлдэг болно

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Сайд аа, хамгийн сүүлд олны анхаарал татаад байгаа нэг сэдвээр яриагаа эхэлье. Уушгины хатгаа гэсэн оноштой эмнэлэгт хэвтсэн хоёр настай М.Номинжин гэдэг охин эмчийн алдаанаас болж тархи нь үхжин жил гаруй үхлийн ирмэг дээр ухаангүй байгаа талаар хэвлэлүүдэд бичиж байна. Ер нь эмчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж иймэрхүү тохиолдол цөөнгүй гардаг. Үүнд танай яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс алдаа гаргасан Б.Одгэрэл эмчид хариуцлага тооцсон. Охины ар гэрээс гаргасан гомдлын дагуу эмчийн асуудлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Тэндээс шүүхэд шилжүүлж, Баянгол дүүргийн Мөрдөн байцаах газарт шалгаж байна. Яамны зүгээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн захирал Эрхэмбаатарт иймэрхүү алдаа гаргаад байвал ажлаа өг гэсэн асуудал тавьсан. Мөрдөн байцаалтын шатанд явцын талаар мэдээлэл гаргах боломжгүй байдаг учраас одоогоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Хүүхдийн эмчилгээний хувьд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нар арга хэмжээ авч байгаа. Гэрээр нь арван удаа нөхөн сэргээх эмчилгээ хийсэн. Унаа тэрэг гаргаж өгч байгаа. Эмнэлэг дээрээ ч хүссэн цагт нь хүлээж авч эмчилж байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн клиникийн эмч нар гардаж эмчилгээ хийж байгаа. Ер нь эмч нар энэ мэт алдаа гаргавал манай яамны дэргэд Эмчийн ёс зүйн хороо гэж бий. Түүгээр оруулж эмчлэх эрхийг хасдаг. Ингэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэдэг. Эмчийн асуудал Мэргэжлийн хяналтын газарт шилжсэн бол түүнд манай оролцоо байхгүй. Тэр газрын ажил болоод явчихаж байгаа юм. Тэндээс шүүх, хяналтын газарт шилжүүлэх гэх мэтээр цаашаа явдаг.

-Эмч нарын ёс зүй, ажлын хариуцлагын талаар яам­наас тусгайлан авч байгаа арга хэмжээ гэж бий юү?

-Сайд болсноосоо хойш ми­ний дэвшүүлсэн хоёр уриа­ны маань нэг энэ л дээ. Эмч мэргэжилтний ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх уриа­тай эхний жилдээ ажилласан. Энэ хүрээнд ёс зүйн дүрэм, журмыг сахиж биелүүлэх талаар томоохон шийдвэрүүд гаргасан. Чанарын албадуудыг шинээр байгуулсан. Том эмнэлгүүдийн чанарын албаны дарга нарыг Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөж томилдог тогтолцоонд шилжүүллээ. Мон­­голд өнөөдөр эмнэлгийн дотоод хяналт хамгийн чухал болоод байна. Дээр ярьсан эмч нарын алдаа ч хяналт сулаас гарч байгаа асуудал. Энэ 2010 онд эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлт хийх уриа дэвшүүлээд  ажиллаж байна. Эрүүл мэндийн, Иргэний эрүүл мэндийн даатгалын, Дархлаажуулалтын тухай хуу­лийн төсөл, Тамхины хянал­тын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд хуулийн төслүүдийг өргөн бариад байна. УИХ-ын энэ  намрын чуулганд төсвөөс гадна манай салбарын хуулиудын хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Ихээхэн ч сенсаац тарих байх, их ч хэл ам татлах байх.

-Тухайлбал, ямар асуудал хэл ам татлах бол?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд л гэхэд НХХЯ-ны Нийг­мийн даат­гал, хөдөлмөрийн газарт харьяалагдаж байгаа эрүүл мэндийн даатгалыг бие даасан агентлаг болгохоор оруулж байгаа.

– ЭМЯ-ны харьяа байх уу?

-Тэр агентлагийг ЭМЯ-ны харьяанд авах гэж байгаа юм биш. Бие даасан байгууллага болгоод ЭМЯ, манай эмнэлгүүдээс үйлчилгээ худал­даж ав­даг тогтолцоонд шил­жүүлэх гэж байгаа юм. Тэгэхдээ хамгийн чанартай, хамгийн сайн эмнэлэгт л даатгал мөнгөө өгдөг, тэнд хүн илүү үзүүлдэг тогтолцоонд шилжүүлье гэсэн санаа. Одоо бол бүх аймаг, Улаанбаатарын эмнэлгүүдэд даатгалын мөнгөө хуваарилчихдаг. Орны тоогоор л мөнгө хуваарилдаг болохоос эмчилгээний чанар ямар бай­на, хүндээ хүрч үйлчилж чадаж байна уу, үгүй юү хэн ч мэдэхгүй. Хэн ч хяналт тавихгүй. Ийм хачин тогтолцоог халах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхэлж орны тоогоор мөнгө өгөх биш, тухайн хүнийг эмчилсний дараа эмчилгээний чанарыг нь харгалзаж өгдөг болгох гэж байна. Энэ мэдээж нэлээд сенсаац болно. Санхүүжилтийг оношийн бүлгээр хийнэ.

Олон жил яамд хооронд булаацалдаад эрүүл мэндийн даатгал хүндээ нялзахгүй өдий хүрсэн. Иргэд насаараа даатгал төлчихөөд эмнэлэгт шинжилгээ хийлгэх гээд очихдоо төлбөр төлдөг. Одоо бол цусны, биохи­мийн гээд наад захын шинжилгээ ямар ч төлбөргүй болсон. Шинэ хууль баталснаар үүнийг найдвартай, баталгаатай болгоно. Жилд хэдэн хүн хэвтүүлж эмчилчихээд сууж байж таарахгүй, бүх хүндээ эмнэлгийн үйлчилгээг хүргэсэн байх ёстой. Гэрт нь эм, тариаг нь хүргэж өгөөд сувилагч нь үйлчилдэг бол хөдөө эмнэлэгт хэвтэх хүн бараг байхгүй шүү дээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандартад ч ан­хаарч байна. Дэлхийн стандартаар 1,5 сая хүнд нэг MRI аппарат байх ёстой. Гэтэл манайх 2,7 сая хүнтэй мөртлөө гуравтай байх жишээтэй. Айхтар өндөр төлбөртэй.

-Амаржих газруудын бай­дал хүнд хэ­вээрээ бай­на. Нярайн халдвар дахин гарахыг үгүйсгэж болмооргүй. Үүнд яаж анхаарч байгаа вэ?

-Зах зээлд орсон эхний жилүүдэд төрөлт, халдварт өвчин буурсан. Төрөлт буураад эхлэхээр манайхан туйлшрахдаа сайн юм чинь амаржих газруудаа цөөлөөд, хүүхдийн эмнэлгүүдээ татан буулгаад хаячихсан. Хүүхэд, гэр бүлийн мөнгө, шинээр мэндэлсэн хүүхдийн мөнгө өгөөд, жирэм­сэн эхчүүдэд гурван сартайгаас нь тэтгэмж өгөөд эхэлтэл төрөлт нэмэгдчихсэн. Тэр тусмаа эмзэг бүлгийнхний төрөлт нэмэгдсэн. Бололцооны хүмүүс тэгж их амаржаад байгаа юм байхгүй. Тэрнээс болоод хоёр, гурван сөрөг тал гарч ирсэн. Амаржих газар хүрэхээ больсон. Ор хүрэхгүй, ачаалал ихэссэн. Эмзэг бүлгийхэн их төрдөг болсноос хоол, калорын дутагдалтай, хавсарсан өвчтэй эхчүүд олноор ирдэг болсон. Түүнээс шалтгаалаад эрүүл эхчүүд амарждаг газарт биш, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ачаалал нэмэгдэж харьцаа алдагдсан. Яамнаас үүнд анхаарч байна. Нэгдүгээр амаржих газрыг 2,1 тэрбум төгрөгөөр иж бүрэн засч халдвар дамжих эх үүсвэрийг хаасан.

-Засварын дараа дахин ня­райн халдвар гарсан гэж дуулдсан?

-Тэр бол халдваргүйжүүлэл­тийн дэглэм алдсанаас болсон биш эхээс урагт дамжсан халдвар байсан гэдгийг тогтоосон. Гэхдээ эмнэлгийн ачаа­лал хэвээрээ байсан. Тиймээс сая “Бороо гоулд”-тай гэрээ хийгээд “Бороо гоулд” 7,5 тэрбум төгрөгийг нэгдүгээр амаржих газрын өргөтгөлд зориулж цоо шинэ эмнэлэг барьж өгөхөөр боллоо. Ингээд Мэргэжлийн хяналтын газрын акталчихсан, хувийн 23 эмнэлэг байрлаж байсан хуучны барилгыг сая нураалаа. Одоо шинэ амаржихын суурь тавих гэж байна. Манайх түлхүүр хүлээж авахаар гэрээ хийчихсэн. Барилгын стандартыг ЭМЯ гаргаж өгсөн. Нийт 150 ортой. Түүнээс 100 нь төрөх, 50 нь эх нялхсын эмчилгээний чиглэлийн зориулалттай байх юм. Одоо гуравдугаар амаржихын зориулалттай байсан Энэрэл эмнэлгийн байрыг нурааж мөн 150 ортой амаржих газар барихаар боллоо.

-Алдартай дөрөвдүгээр амар­­жих газар юу болж байна?

-Дөрөвдүгээр амаржихад 19 тэрбум төгрөг баталж өгсөн. Хоёр жил асуудал тавьж байж энэ жил төсвийн тодотголоор зураг төслийг нь иж бүрэн хийгээд төсөв батлуулж авсан. Энэ жил баталсан хоёр гаруй тэрбум төгрөгөөр тендэр зарлаад Яармагт барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ямар компани шалгарах нь тодорхойгүй байна. Хэдхэн хоногийн дараа дүн гарна. Хаана барихаа эцэслэж шийднэ.

-Яармагт барихад хотын төвөөсөө хол. Түргэний тэрэг түгжрэлд орж явтал замдаа хүүхэд төрчих вий гэсэн айдас бас дуулдаж байгаа?

-Үүнийг харгалзаж үзээд 300 ортой төрөх эмнэлэг гэдгээ больж байгаа.

-Тэгээд ямар эмнэлэг ба­рих вэ?

-Нийслэлийн эх нялхсын төв болгох гэж байгаа. Одооны Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн статустай адилхан. Нийт 300 ортой. Зуун эх амаржина. Гэхдээ эрүүл эх биш. Хавсарсан өвчтэй юм уу хүндрэлтэй эхийг л тэнд амаржуулна. Тэгэхээр яаралтай хүргэнэ гэх асуудал байхгүй. Мөн хавсарсан өвчтэй 100 эхийг эмчилнэ, 0-16 насны 100 хүүхэд эмчилнэ. Энэ эмнэлэг ашиглалтад орвол нийслэлийн эх нялхсын асуудал иж бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ачааллыг бууруулж хөдөөнөөс авдаг эх, хүүхдийн тоог нэмэх юм. Хөдөөнөөс авч эмчлэх хүнийхээ тоог 70-80 хувьд хүргэмээр байна.

-Мянганы сорилын сан­гийн санхүүжилтээр эрүүл мэн­­дийн салбарт авах сан­хүүжилт юу болж байгаа вэ?

-Миний сайд болсноос хойш, энэ хамтарсан Засгийн газраас АНУ-д нэлээд лобби хийж байж хийсэн ажил бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргах ёстой байсан 17 сая ам.долларыг 39,2 сая ам.доллар болгож нэмсэн явдал байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх болон осол гэмтэлд хэрэглэх  60 орчим тэрбум төгрөг төслөөр орж ирж байна. Энэ бол буцалтгүй тусламж юм шүү дээ. Манай салбарт хийж байгаа гайхамшигтай том өөрчлөлт. Үүгээр бүх сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилж, сумын эмнэлэгт урьдчилан сэргийлэлтийг яаж хийдэг вэ гэдгийг харуулах төсөл болно.

-Нэг хэсэг хөдлөх тэрэггүй шахам болоод байсан түр­гэний машины хүрэлцээ сайжирсан гэж үзэж болох уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт түргэн тусламжийн үндэсний сүлжээ байгуулна гэж тусгасан. Хөтөлбөрийг удахгүй Засгийн газар батална. Түргэн тусламжийн парк шинэчлэлтээр том дэвшил гарсан. НҮБ-ын ХАС, Дэлхийн зөн байгууллагаас маш том дэмжлэг авч явуулын амбулаторийг нэгдсэн эмнэл­гүүдэд байгууллаа. Тоноглосон хоёр хоёр машин өгсөн. Сумын бүх иргэнд энэ машинуудаар хүрч шинжилгээ, оношлогоо хийж үйлчлэх ёстой. Аймаг, сумын эмнэлгүүдэд 200 гаруй түргэний тэрэг өгөөд байна. Алсын дуудлагын машинууддаа парк шинэчлэлт хийлээ. Дандаа хурдан жиптэй болсон. Нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн түргэний машинуудыг шинэчилсэн. Хууль зүй, до­тоод хэргийн яамтай хамтраад удирдлагын мэдээллийн том төвтэй болсон. Үүнд 03, цагдаагийн дуудлага, гамшгийн дуудлага нэгдсэн. Харин хөдөө хээр гэмтэж бэртсэн хүнийг нийслэлд яаралтай авчрах асуудал хүнд байна. Машинаар хүнд гэмтсэн хүн тээвэрлэх боломжгүй. Тийм учраас Монгол Улс олон улсын төвшинд эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэдэг жиш­гээр ганц нэг нисэх онгоцтой болмоор байна. Тэгэхгүй бол хөдөө аймагт онгоц нисдэггүй өдөр осол гэмтэлд орсон хүний амь нас үрэгдэх аюул байдаг. Онгоц огт нисдэггүй 10 аймаг байна шүү дээ, наад зах нь. Ми-8-аар явъя гэхэд үнийг нь дийлэхгүй.  Энэ л одоо миний толгойг гашилгаж байна.  

-ОХУ-ын манайтай хил зал­гаа нутгуудаар халдварт саа гарсан. Үүнээс сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн онд манай зэргэлдээ ОХУ-д халдварт саагийн 600 орчим тохиолдол бүртгэгдсэн. Манай улс 2000 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт саагүй орон гэсэн гэрчилгээ авчихсан орон шүү дээ. Тэр байтугай дэлхий нийтэд халдварт саа байхгүй болсон өвчин. Гэтэл ОХУ-д сэргээд гараад ирлээ. Ядахдаа хил залгаа наагуур гараад ирсэн. Хүүхдэд айхавтар халддаг өвчин. Энэ байдлыг Засгийн газарт танилцуулсан. Тийм учраас НҮБ-ын ХАС-гаас 130 гаруй мянган ам.доллар гаргаад байна. Вакцины хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Хүүхдэд хоёр үе шаттайгаар вакцин хийнэ. Аравдугаар сарын 1-5, арваннэгдүгээр сарын 1-5-нд вакцинжуулна. Бүх хүүхдийг хамруулах ёстой. Тодорхой нас заачихсан. Эцэг, эхчүүд үүнд анхаарах ёстой. Товлолын вакциныг заавал хийдэг номтой.

-Сэрүүний улирал эхэллээ. H1N1 сэргэхгүй байгаа?

-Нөгөө “түй түй” гэдэг байх аа. Дахиад битгий дэгдээсэй л гэж бодож байна. Дэлхий нийтээрээ зарлагдаагүй байгаа учраас арай учиртай байх гэж бодож байгаа. Ноднин өдийд ид пижигнэж байсан шүү дээ.

-H1N1-ийн вакцин нэлээд хар сэр дагуулсан. Хүүхэд унадаг татдаг боллоо гэсэн яриа ч гарсан. Энэ юунаас болсон бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй вакцин хэрэглэсэн шүү, манайх. Гэтэл хятад вакцин оруулаад ирсэн гэж цуурсан. Тэр унадаг татдаг боллоо гэдэг батлагдаагүй. Эмнэлгийн байгууллагууд цаг тухайд нь үзээд хянаад тогтоогоод өгсөн. Угаасаа унадаг, хордлого авдаг хүнд хийхгүй гэсэн үйлдвэрийн зааварчилгаатай эд шүү дээ. Яагаад эцэг эхээс нь зөвшөөрөл авч вакцин хийж байсан гээч.

-Харин тэр чинь сэжиг төрүүлсэн дээ?

-Манайхан эцэг эхээс зөв­шөөрөл авна гэхээр л их эрсдэлтэй байх гээд хардчихсан. Хариуцлагаа эцэг эхэд тохох гэж байна гээд ойлгочихсон. Хэрэг дээрээ энэ хүүхэд унаж татдаг уу, ямар юмны харшилтай вэ гэдгийг л асуух зорилготой байсан. Түүнийг ээж, ааваас өөр хэн мэдэх юм бэ. Тэгж хэлж хийснээс хардлага сэрдлэг үүссэн.

-Одоо 300 мянган хүн тун байна. 2011 оны тавдугаар сар хүртэл хүчинтэй вакцины нөөцтэй. Гэхдээ өвчин битгий гараасай, үүнийг хэрэглэхгүй байгаасай л гэж хүсч байна.

-Манай хөрөнгөтэй бэлтэй иргэд гадагшаа их явж эмчлүүлэх юм. Дотооддоо оношлогоо эмчилгээний сайн төвтэй болох боломж байна уу?

-Монголдоо өөдтэйхэн шиг оношлогоо эмчилгээний төвтэй болооч гэсэн санал их гардаг. Ерөнхий оношлогооны төв барьж байгуулъя гэж Засгийн газар дээр ярилцаад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж байна. Тэдний хөрөнгө оруулалтаар БНСУ-ын эмч нар оролцсон том төвийг Монгол Улсад байгуулъя. Гэхдээ энд ерөнхий оношлогоо л хийнэ. Нэг, хоёр, гурав гээд том эмнэлэг, төвүүд байхад нэг их том төрөлжсөн оношлогооны төв хэрэггүй. Тархи, зүрх судасны оношлогоо гэвэл гуравдугаар эмнэлэг байна шүү дээ. Нэгдүгээр эмнэлэгт бөөрний төв байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр элэгний клиник байгуулсан. Энд гепатитыг эмчилнэ. Хавдар судлалын төв дээр элэгний клиник байна. Хавдартай элгийг энд эмчилнэ.

-ДОХ нэлээд дэлгэрсэн шинжтэй байна. Цөөн хүн­тэй манай оронд үү­нээс сэргийлэх, халдвар тархаахгүй байх чиглэлээр юу хийх вэ?

-ДОХ-ын 81 тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд байна. Энэ бол цоо шинээр энэ өвчин гарч ирээд байгаа юм бас биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголд 70 хүн ДОХ-той гэж байх үед л цаана нь халдвартай 500 хүн бий гээд тогтоочихсон байсан. Манайхан болохоор “Өө энэ сард бүр гурав илэрлээ. С.Ламбаа сайдын үед ДОХ мөн ихэсч байна аа. Хурдан тарж байна аа” гэх гээд байна л даа. Үнэн хэрэг дээрээ илрүүлэлт нь сайжраад байгаа гэсэн үг. Болдог бол халдвартай бүх хүнийг олж авах хэрэгтэй. Илрүүлэлт сайн бол ДОХ байхгүй болно. Хамгийн сайн нь Монголд донорын цусаар ДОХ тарсан тохиолдол байхгүй. Цус,цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бай­гууллага, мэс засал хийдэг бүх эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалыг маш өндөр төвшинд байлгах ёстой. Тэгж байж ДОХ, элэгний В, С вирусын халдвараас сэргийлнэ. Тийм учраас Цус сэлбэлтийн төвийн тоног төхөөрөмжийг автоматжуулах тухай ярьж байна.

Манайд ДОХ бэлгийн за­маар халдварлаж байна. Хэрэг дээрээ бүх хүнийг сэжиглээд шинжилгээ аваад байх хэрэггүй. ДОХ-той тохиолдлын 80 гаруй хувь нь биеэ үнэлэгч, ижил хүйстнүүд байгаа. Урьдчилсан сэргийлэх арга замыг тэр хүмүүс рүү илүү чиглүүлэх хэрэгтэй юм. “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэвийн амьдралтай 300 мянган хүнд ДОХ-ын шинжилгээ хийгээд нэг ч илрэл гараагүй. Тэгэхээр тэр эмзэг бүлгүүд рүү чиглэж ажиллах хэрэгтэй юм. Өөрөө сайн дураараа ирсэн, эсвэл сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийх нь зөв гэж би үзэж байгаа. Түүнээс биш шинжилгээ өг гэж хүн бүрийг шахах нь наад зах нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно.

Нэг зүйл хэлэхэд, манай улс ДОХ-ын халдвартай хүний тоог зарлаж байгаа нь хүний эрх зөрчсөн асуудал юм. Дэлхийн аль ч улс халдвартай хүнийхээ тоог зарладаггүй. Маш нууц ажил байдаг. Тоо хэлээд байх тусам хүний айдас хүйдэс ихэсдэг.

-Айж байсан нь дээр биш үү?

-Айх нь зөв. Гэлээ гэхдээ цаана байгаа халдвар тээгч хүний эрхийн асуудал бас давхар явж байгаа шүү дээ.

-Танай яам сая ойгоо тэмдэглэсэн үү. Цаашдаа юу хийх вэ?

-Тэглээ, 80 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирэх жил манай эрүүл мэндийн салбарын 90 жилийн ой болно. 2011 оны зургадугаар сард тэмдэглэх байх. Монгол  хүн устаад бараг байхгүй болохын даваан дээр энэ салбар үүсч гадаад орнуудын тусламж дэмжлэгтэйгээр хүн амаа өдий зэрэгтэй болгосон. Одоо ч гэсэн УИХ, Засгийн газар хүнийхээ эрүүл мэндэд их анхаарч байна. Наад зах нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 400 орчим мянган хүний даатгалыг Хүний хөгжлийн сангаас өгөх гээд төсөв рүү оруулах гэж байна. Төрөөс даатгалыг нь хариуцдаг хүмүүсийнхээ мөнгийг ч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр ярьж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт хийж байгаа том дэвшил, өөрчлөлт гэж үзэх хэрэгтэй. Харин өнөөдөр монгол хүн өөрөө эрүүл байхын төлөө, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга орж байхын төлөө, өвчин тусахгүй байхын тулд бололцоотой бүхнээ хийх хэрэгтэй. Элдэв хорт зуршлаас ангид байх ёстой. Архидалтаас болж ямар их осол аваар гарч байна. Архинаас болж элэгний гепатит их байна. ДОХ ч архитай зарим талаар холбоотой. Хар тамхи, мансууруулах бодис байна. Шинжлэх ухааны дэвшил зарим талаар сөргөөр нөлөөлж байна. Компьютерээс болж нүдний эмгэг, сэтгэцийн өөрчлөлтөд хүүхдүүд орох боллоо. Энгийн тоо бодож чадахаа больсон. Утасны дугаар цээжилдэг хүнгүй болсон. Японд бага ангийн сурагчдад тооны машин, элдэв төрлийн зүйл хэрэглэхийг хорьж эхлээд байна. Монгол хүн өөрөө өөрийгөө энэ мэт зүйлээс сэргийлэх ёстой. Монголын эрүүл мэндийн хөгжил бас ч дэвшилттэй байна гэж бардам хэлж болно. Бөөр шилжүүлж байна. Удахгүй чөмөг шилжүүлэх гэж байна. Ирэх жилээс элэг шилжүүлэх гээд тоног төхөөрөмжийг нь худалдаж авах гэж байна. Ингээд хэлээд байвал хөгжил байна аа байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж