АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.30 цагт хуралдаж, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. Мөн Тусгай хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг сонсох юм. Улсын ерөнхий прокурорын зүгээс Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ хоёр үндэслэлээр гаргасан юм. Үүнд нэгдүгээрт дээрх дарга нарыг Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн бол, хоёрдугаарх нь төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэж үзэж буй. Эл асуудлыг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо гурван удаа авч хэлэлцсэн ч, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэсэн энэ үндэслэлийг Тусгай хяналтын дэд хороо авч үзэх шаардлагатай хэмээн шилжүүлсэн болно. Энэ дагуу Тусгай хяналтын дэд хороо нь өнгөрсөн сарын эхээр хуралдаад “Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчжээ” гэсэн дүгнэлтээ гаргасан юм. Харин Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “Өнгөрсөн зуны турш миний бие болоод манай байгууллага холбогдох бүхий л байгууллагад хангалттай шалгуулсан. Хууль зөрчиж үү, үгүй юу гэдгийг хэн нэгний албан бичгийг үндэслэж, шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Хууль зүйн дагуу бүх зүйл шийдвэрлэгдэх ёстой. Бид хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж буй билээ. Тиймээс энэхүү маргаантай асуудлыг Хууль зүйн байнгын хороо хаалттай авч хэлэлцэнэ. Мөн тус байнгын хороогоор авч хэлэлцэх бас нэг чухал асуудал нь Улсын дээд шүүгчийг УИХ-д танилцуулах тухай юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж