УИХ-ын дарга санал тоолох системтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга санал тоолох системтэй танилцав

    УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн тухайн өдөртөө буюу санал хураалт дууссанаас хойш 30 минутын дараа зарлагдах боломжтой хэмээн Сонгуулийн ерөнхий хороонд хамтран ажиллах санал тавьж буй ES&S компанийн төлөөлөл үзэж байна.

     Өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгуулийн санал хураалтын дүнг асар богино хугацаанд гарган ирж чадах системтэй танилцлаа. Сонгогч энэ системийн дагуу санал өгөхийн тулд эхлээд хурууны хээ болон хувийн мэдээллээ бүртгүүлэх бөгөөд зөвхөн нэг хүний төлөө санал өгөх боломжтой байхаар програмчлагдсан системд санал хураалтыг нь бүртгэж авах аж. Санал хураалтын дүнг нэгтгэн бүртгэсэн файл мэдээллээ интернетийн суурин болон зөөврийн сүлжээг ашиглан Сонгуулийн төв байгууллага руу шууд дамжуулах боломжтой аж. Ийнхүү дамжуулсан мэдээлэл нь төв дээр нэгтгэгдэж орон даяар явагдсан санал хураалтын дүнг ердөө 30 минутын дотор нэгтгэн зарлагдах техникийн боломж байгааг ES&S компанийн төлөөлөгч УИХ-ын даргад танилцууллаа.

    Д.Дэмбэрэл дарга хөдөө орон нутгийн нөхцөл байдалд уг төхөөрөмжийг хэрэглэх боломж байгаа эсэх болон уг системийн үнэ өртгийг сонирхон асуув. Энэхүү системийн төхөөрөмж нь санал хураалтын хуудас бүхий том хайрцаг дээр байрлах бөгөөд цахилгаан эрчим хүчний сүлжээгүй газруудад батарейгаар 16 цаг ажиллах боломжтой аж. Уг системд анхнаас нь хэдэн цаг ажиллах, ямар үйлдлийг хийх ёстойг нь командаар сануулсан байдаг бөгөөд хийсэн бүх үйлдлийнх нь тайлан мэдээллийг авч шалгах боломжтой байдгаараа давуу аж. Санал хураалтын хуудас дээр сонгогчийн санал хураалтын дүн бичигдэх бөгөөд файл мэдээлэл нь уг системдээ хадгалагдан үлддэг байна. Системийн нэг бүрийн үнэ 6000 ам.доллар бөгөөд их хэмжээгээр хийсэн худалдан авалтыг хямдруулдаг хэмээн компанийн төлөөлөгч хэлэв.

     Сонгуулийн санал хураалтын системийн танилцуулах арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, мөн УИХ дахь МАХН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож санал бодлоо солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж