Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ

Брюссель хотноо Ази, Европын Дээд хэмжээний наймдугаар уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр хоёрдугаар хуралдаан “Тогтвортой хөгжил” хэлэлцүүлэээр өрнөж байна. Эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг нь тогтвортой хөгжлийг хангах гурван үндсэн тулгуур мөн гэдэг үзэл санааны дор өрнөж байгаа уг хэлэлцүүлэгт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эдгээр асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “…Монгол Улс АСЕМ-ын хүрээнд үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх итгэл дүүрэн байгааг илэрхийлье. АСЕМ-ын дээд хэмжээний 7 дахь уулзалтын гол үр дүн болох Тогтвортой хөгжлийн асуудлаархи Бээжингийн тунхаглалын үзэл санаа, ач холбогдол өнөөдөр ч хэвээр байна. Түүний мөрөөр авч хэрэгжүүлэх тодорхой хөтөлбөр чухал гэдгийг бид бүгдээрээ ухамсарлаж байна” гэлээ.

Тэрбээр цааш нь  тогтвортой хөгжлийн тулгуур гурван үзэл санаа тус бүр дээр саналаа хэлэв.
Эдийн засгийн хувьд 1997, 1998 оны Азийн санхүүгийн хямрал дэлхийн санхүүгийн өнгөрсөн хоёр жилийн хямралын дохио байсныг дурдаад, хэрвээ бид бэлтгэлтэй байсан бол хямралыг хохирол багатай даван туулах байлаа гэсэн юм.  Засгийн газрууд хямралаар далимдуулж эдийн засгийн хориг арга хэмжээ авч, эдийн засгийг хүчээр зохицуулахыг оролдож байгааг тэрээр шүүмжиллээ. Монгол Улсын хувьд эдийн засаг тогтвортой өсөх сайхан боломж бүрдэж буй бөгөөд ирэх жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөх хандлага байгааг дуулгав.

Мөн аливаа хөгжлийг нийгмийн дундаж давхрагынхан авч явдгийг тэмдэглээд Засгийн газрууд тэдэнд хандсан зөв бодлого хэрэгжүүлбэл тогтвортой хөгжлийн нэг үндэс болох талаар санал дэвшүүллээ.

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт сэрүүн уур амьсгалтай хэмээгддэг Монгол орныг тойролгүй хөгжилд томоохон сорилт болоод байна. Манай орны газар нутгийн 80 хувь цөлжилтөд автагдаж, газрын доройтол, усны хомсдол газар авч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн ихээр өртөж буй орны хувьд бид энэ асуудлаар идэвхтэй ажиллахыг зорьж байна.

Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгаар Засгийн газрын тусгай хуралдааныг 8 дугаар  сарын 27-ны өдөр эрчимтэй цөлжиж буй говь нутагт зохиион байгуулж,  олон нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулахыг зорилоо. Уг хуралдаанаас дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монголын говиос илгээлт гаргасан. Далайд гарцгүй, эмзэг улс орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бүрдүүлэх явдал нэн тулгамдсан зорилт болоод байна.

…Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудлаар АСЕМ-ын түншүүдтэйгээ улам ойртон хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа энэ дашрамд илэрхийлж, мөн уриалж байна…” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Дээд хэмжээний уулзалтын гурав дугаар хуралдаан “Дэлхий нийтийн асуудлууд” хэлэлцүүлэг, “ Бүс нутгийн асуудлууд” хэлэлцүүлэг-ажлын үдийн зоог, дөрөв дүгээр хуралдаан “Иргэд хоорондын харилцаа, АСЕМ-ын үүрэг, түүний ирээдүй” хэлэлцүүлэгт тус тус оролцов.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж