Бүлгүүд тохиролцвол сонгуулийн хууль асуудалгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Бүлгүүд тохиролцвол сонгуулийн хууль асуудалгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан энэ намрын чуулганы Байнгын хороодын эхний хуралдаан байлаа. Тус хуралдааны дараа Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинтэй уулзан зарим асуудлын талаар тодрууллаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс өмнө хуралдаж,  УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцлоо. УИХ-ын даргын тогтоолоор 27 асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Хуралдаанаар байнгын хороод бэлтгэлээ хэрхэн хангасан талаар ярилаа. Эдгээр асуудлууд үндсэндээ төвөг багатай байгаа. Өмнө нь хаврын чуулганы төгсгөлд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа Засгийн газраас гаргасан саналыг оруулаад жагсаалт гаргачихдаг байсан бол энэ удаад зөвхөн өргөн барьсан хуулийн  төслүүдийг л оруулсан. Иймд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд онцын хүндрэл алга байна.

Харин 2005 оноос хойш УИХ-д өргөн барьсан олон хуулийн төслүүд байна. Эдгээр  хуулийн төслүүдийн заримынх нь эхний хэлэлцүүлгүүд хийгдчихсэн. Мөн хэлэлцүүлж амжаагүй нь ч бий.  Одоогийн байдлаар УИХ-д хууль, УИХ-ын бусад шийдвэрийн 66 төсөл өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаагаас цаг хугацаа өнгөрсөн, зарим зүйл, заалт нь бусад хуульд туссан зэрэг шалтгааны үүднээс УИХ-ын гишүүдийн санаачилсан долоо, Засгийн газраас боловсруулж өргөн барьсан тав, нийт 12 төслийг хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай гэж үзсэн. Үүний цаана мөн олон хууль үлдэнэ. Үүнийг магадгүй нэгтгэх тухай асуудал ч яригдаж болох юм. Заримыг нь угаасаа буцаах, дахин боловсруулах шаардлагатай. Ер нь үүнийгээ цэгцэлж авахгүй бол болохгүй байна. Шаардлага хангахгүй, өөр хоорондоо зөрчилдөөнтэй, төсөв санхүүгийн талаар тооцоо муутай төслүүд ороод ийнхүү хүлээлт үүсгээд байгаа гол нөхцөлийг бий болгож байна.
 
-Ямар хуулийн төслүүд буцаагдахаар болж байна?

-Хэд хэдэн хуулийн төсөл байна. Хуралдааны үеэр С.Ламбаа нарын 11 гишүүн санаачилж 2006 оны долдугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж авахаар болсон. Мөн буцаагдах шаардлагатай Төсөв санхүүтэй холбоотой хуулийн төслүүд, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилттэй холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд байгаа. Жишээ нь, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилттэй холбоотой хуулийг бүхэлд нь өөрчлөлт оруулахаар болж байхад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байх нь ач холбогдолгүй шүү дээ. Цаашид ч дээрх хуулийн төслүүд дээр ажиллахад татаж авах, буцаах шаардлагатай өөр хуулийн төслүүд нэмж гарч ирнэ.

-Засгийн газар санал дүгнэлтээ ирүүлээгүйтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилт алдагдаж байгаа талаар шүүмжилж байна. Энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байгаа вэ, Төрийн байгуулалтын байнгын хороо ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Засгийн газраас санал авах тухайд шүүмжлэл саяын хуралдаан дээр хүртэл гарч байна. Засгийн газар хуулийн төсөлд 30 хоногийн хугацаанд багтан санал өгөх ёстой. Ингэхдээ дэмжиж байна, эсвэл дэмжихгүй байна гэж л өгөх ёстой. Гэтэл сүүлийн үед Засгийн газар маань 30 хоногийн дотроо саналаа өгдөггүй. Ийнхүү санал, дүгнэлтээ өгөөгүй ч УИХ-ын гишүүн хуулийн дагуу хуулийг төслөө хэлэлцүүлэхээр цааш нь явуулдаг. Гэтэл энэ дотор нь санхүү тооцоотой зүйлүүд байсаар байдаг. Ийм л бэрхшээл байна. Бас нэг бэрхшээл нь Засгийн газар санал өгдөг боловч ерөнхийд нь дэмжихгүй байгаа мэт хандлагатай тайлбар хийгээд доторх агуулгадаа зарим нэгэн зүйл заалтыг ингэж өөрчлөх хэрэгтэй хэмээн тайлбар хийсэн байдаг. Ийнхүү хоёрдмол утгыг агуулсан тайлбар явуулдаг.  Энэ тухай хуралдаан дээр нэлээд шүүмжлэлтэй ярьж байна.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай батлагдаад нэг жил өнгөрсөн ч хэрэгжихгүй явж байгаа. Хуулийг батлах тухайн үед Засгийн газар тооцоо судалгаагаа өгсөн юм уу?

-Үүнд  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооноос энэ хуулийн төсөл хэрэгжихэд ихээхэн хэцүү байна гэдгийг манай байнгын хороонд хэлж байсан. Маш их хэмжээний нөхөн төлбөрийн асуудал гарч ирнэ гэж. Одоо хоёр, гурван триллион төгрөгийн нөхөн төлбөрийг шаардаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг том асуудал болж байна. Энэ асуудлаас хэрхэн гарах талаар тухайн Засгийн газар, байнгын хороодтой нь эргээд ярих байх. Шаардлагатай бол зарим өөрчлөлтүүдийг оруулъя гэж тухайн байнгын хороо судалж байгаа гэсэн.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ намрын чуулганы нэлээд гол асуудал болох байх. Энэ хуулийн төсөл ямар шатандаа явж байна?

-Байнгын хорооны маань хувьд энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх олон асуудлуудаас томоохон хоёр гурван асуудал бий. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл байна.  Хуулийн төслийг үндсэнд нь боловсруулаад дууссан. Энэ долоо хоногийн төгсгөлд өргөн барих бодолтой байгаа. Ажлын хэсгийн хуралдааныг хийгээд дараагаар нь өргөн барих болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдан гарах юм бол үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх боломжтой болох болно.

-Энэ намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль батлагдах эсэх талаар хүлээлттэй байгаа. Намууд энэ хуулийн төсөл дээр саналын зөрүүгээ нэгтгэсэн зүйл байна уу?

-Сонгуулийн хуулийн хувьд хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Намын бүлгүүд дээр байр сууриа нэлээд ойртуулчихсан байгаа. Холимог хэлбэр, хосолсон хэлбэрээр явуулахаар ярьж байгаа. 50/26 гэсэн хэлбэр дээр бол аль аль талаасаа санал тогтчихсон. Одоо ганцхан 50 гэж буй тэр хувилбарт хүнээ дугуйлах уу, намаа дугуйлах уу гэдэг дээр бүлгүүдийн санал зөрөөтэй байгаа. Үүнийг бүлгүүд нэн даруй тохирвол сонгуулийн хууль батлагдахад асуудалгүй болно.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн хуулийн хамтаар хэлэлцүүлбэл цаг хугацааны хувьд үр дүнтэй хэмээн зарим гишүүд ярьж байна. Ийм боломж бий юу?

-Эдгээр хуулийг хамтад нь хэлэлцүүлж чадахгүй байх. Гэхдээ хэлэлцэх шаардлагатай. Орон нутгийн сонгуулийг 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгуультай зэрэг явуулна гэсэн хууль гарчихсан байгаа. Гэхдээ энэ хуулийн дагуу явах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Хэрэв зэрэг явуулж чадахааргүй бол хуулийг өөрчлөх хэрэг гарна. Тэгвэл орон нутгийн сонгууль ямар хуулиар явах вэ гэдэг бас л тулчихсан асуудал болно л доо. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуулийн дараагаар угсруулаад хэлэлцэх ёстой хууль болж таарна.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж