Авлигатай тэмцэх үү, АТГ-тай нь тэмцэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх үү, АТГ-тай нь тэмцэх үү?

Тэртээ 2003 оны тавду¬гаар сард “С.Зоригийн аллагын сэжигтэн” хэмээгдэн Францаас хулгайлагдаж ирэн шоронд хоригдож, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод хэдхэн хоносны дараа нас барсан Д.Энхбатын өмгөөлөгч Д.Санжаасүрэн хэвлэлд ярилцлага өгчээ. Хэдийгээр тэр өөрөө энэ хэргийн улмаас “улсын нууц задруулсан” хэмээгдэн жил зургаан сарын хорих ял авч, хугацаанаас жилийн өмнө өршөөлөөр суллагдсан ч гэлээ өөрийн өмөөлүүлэгчийн тухай “Хуулийн байгууллагаас зохион байгуулалттайгаар Дамирангийн Энхбатыг хөнөөсөн процесс нь дэлхийд Монголын нэр төрийг үнэлэх том хэмжүүр болсон. Дотооддоо ч гэсэн Монголын хууль хяналтын байгууллага, шүүх прокурор ямархуу үйл ажиллагаа явуулдгийг харуулсан тод жишээ. Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар сонирхох ёстой үйлдлүүдийг манай хуулийн байгууллагын эрх бүхий хүмүүс хийсэн” гэжээ. Үүний нэг нотолгоо нь Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц албан томилолтоор явж байгаад дээрх хэргийн улмаас Английн цагдаад баривчлагдлаа. Монголын тусгай албад Франц Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллааа явуулж, Д.Энхбатыг хулгайлж авчирсан нь олон улсын эрх зүй болоод хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг хэ¬мээгдэн, энэ үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон бүх хүмүүст Европын холбоо “хөл хорио” тогтоогоод байгаа нь энэ. Юу ч гэмээр юм дээ. 

Нөгөө их шалгадаг, тагнадаг байгууллагууд маань өөрсдөө шалгалтанд унаад дуусч байна. Тагнуулынхан ямар хэрэг илрүүлсэн тухай биш, тэдний ямар хэрэг илэрсэн тухай л бид сонсдог болов. Дээр нь сүүлийн үед Авлигатай тэмцэх газар гэж бас нэг элгэнд наалдсан дэлүү шиг хэнд ч хэрэггүй этгээд гарч ирээд, улс амьтны ажлыг үрэн таран хийх шиг болж байна аа. Уг нь энэ газрыг Монгол Улс авлигын хэргээр дэлхийн улс орнуудын толгой цохиход хүргээд байгаа төрийн өндөр албан тушаалтан, түшмэд мяндагтнуудын хууль бус үйлдлүүдийг илрүүлэхээр анх байгуулсан юм. Тусгайлан хууль журам хүртэл гаргаж, төсөв хөрөнгөөр эрхлүүлж байгаа. АТГ-ыг анх байгуулагдсан өдрөөсөө эхлэн “Авлигатай тэмцэх газрын ажилтнууд авлигад өртөхгүйн тулд цалин пүнлүү, ахуй хангамж нь ч тэр хэрээр өндөр дээд байх ёстой” хэмээн хэл ам таталсаар байж, Монголд байхгүй өндөр цалин хангамжтай болсон доо. Сүүлдээ ч бүр цайрч,  “Манайхан орон сууцгүй бол авлигад автах магадлалтай” гэж хэлээд төсвийн баахан мөнгөөр дарга цэрэггүй байр бариулж байгаад нэг нь хэрэгт татагдах шив дээ. Өндөр цалингаар авлигаас сэргийлдэг юм бол тэр авлига аваад байгаа нөхдүүдийн ч гэсэн цалинг өсгөх хэрэгтэй биз дээ. 100 гаруй хүний орон тоотой төрийн тусгай алба байгуулж, тэгээд тэр нь зүгээр ч нэг ажлаа хийж чадахгүй бие биенээ тагнаж чагнан хөгөө хөлдөө чирч байхын утга учир юу юм. Юм бас шударга байх хэрэгтэй биз. Их цалинтайгаар бага цалинтайг шалгуулна гэдэг угаасаа эрүүл бус. Ингээд авлигаас салах гэж энэ газрыг байгуулсан монголчууд эцэстээ АТГ-аас салахын мөн болж байна. Өнгөрсөн хавар тус газрынхан 2009 оныхоо төсвийн тайланг Сангийн яаманд гаргаж өгтөл үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн бүх мөнгөөрөө ажилтнууддаа орон сууц аваад, дарга нь хүртэл өөртөө тушаал гарган байшин бариулсан хэрэг мандаж, нэг хэсэг шуугиулсан. Уг нь үйл ажиллагааны зардал гэдэг нь АТГ-ын хувьд авлигын гэмт үйлдлийг мөрдөн мөшгих, бензин тосоо хийх, эсвэл авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, байгууллагуудын дунд зохион байгуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гэсэн үг л дээ. Гэтэл нөхдүүд “Манай мөрдөн байцаагч нар машинтай гэмт хэрэгтний араас явган хөөцөлдөж байна” гэж уйлагнах мөртөө бие биенээ байраар шагначихсан хэрэг шүү дээ. Үүнээс энэ газар үнэхээр авлигын эсрэг тэмцэж байна гэдэг итгэл үнэмшил хэн нэгэнд төрнө гэж үү.
Удалгүй нөгөө авлигачдыг цээрлүүлэх үүрэг бүхий дарга маань өөрсдийн дотоод хяналт нэрийн дор ажилтнуудаа тагнаж чагнасан бас нэг хэрэг мандаж, ТЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссарыг “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд саатуулж байв. Ахлах комиссар АТГ-ын тушаалаар Мөрдөн шалгах албаны  дарга асан Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарыг тагнаж чагнасан гэдэг. Энэ хэргийн улмаас АТГ-ын даргыг огцруулах асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д танилцуулсан боловч өнгөрөгч долдугаар сард оруулсан энэ асуудал Хууль зүйн байнгын хорооон дээр гацсаар гурван сарын нүүр үзэж байгаа. Хуульзүйн байнгын хороо Ч.Сангарагчаа даргын асуудлыг өөрийн эрх үүргийн хүрээнд шийдэхээс бултуулан Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлсэн боловч Тусгай хяналтын дэд хороо түүнийг “Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан тулд өнөөдөр асуудал дахиад л Хууль зүйн байнгын хороон дээр эргэж ирлээ
Баасан гаригт хуралдсан намрын чуулганы нээлтийн дараа Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын даргын асуудлыг хэлэлцүүлэхээр зарласан боловч “Ирц хүрээгүй” гэсэн шалтгаанаар бас л хуралдсангүй. Энэ хооронд Ч.Сангарагчаа дарга “Ерөнхий прокурор улстөржсөн үйл ажиллагаа явуулж байна” хэмээн мэдэнтээ мэдэгдээд амжсан. Хууль зүйн байнгын хороо, Ч.Сангарагчаа дарга хоёр ийнхүү цаг хожиж байх зуур Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байсан хяналтын камерийн бүх бичлэг, компьютерийн хард дискүүд бүгд устгагдсан, Мөрдөн байцаах газарт авчирч өгсөн компьютерүүдийн харданд ямар ч мэдээлэл байгаагүй тухай Ерөнхий прокурор өөрийн амаар хэлсэн байна лээ.

Ингэхээр бид одоо авлигатай тэмцэх үү, эсвэл АТГ-тай нь тэмцэх ёстой юу? Ажлаа хийсэн шиг хийж чадахгүй, чадахгүй байна аа гээд авчих гэхээр өгч бас чаддаггүй, өөрийг нь томилсон хэсэг бүлэг хүний ар өвөрт гарч гүйгээд аргалаад үлдчихдэг төрийн албадын хуучин урхаг АТГ-ыг ч бас тойрохгүй дайрч байгаа бололтой. Тус газрын өнгөрсөн гурван жил шахмын хугацаанд хийсэн ганц ажил нь сурагчдаасаа засварын мөнгө татсан сургуулийн багш, гаалийн ганц хоёр байцаагчид л арга хэмжээ авсан байх. Бусад үед нь бол олонхи болсон намын захиалгаар хэн нэгнийг айлгах, эсвэл ажил албан тушаалд халдах гээд ирвэл сөргүүлэн тавьдаг улстөрчдийн тоглоомын хөзөр л болж ирсэн.

Даваа гаригийн сонин дээр тус газрын Мөрдөн шалгах албаны дарга асан Э.Амарбатын ярилцлага гарчээ. Тэр ч бас удирдлагуудынхаа ийм хууль бус, бусармаг ажиллагаатай эвлэрэхээ болиод удаж байгаа гэнэ. Гэхдээ энэ үл эвлэрэл нь түүнийг өмгөөлөгч Б.Ганчимэгийг “хүчиндсэн” гэх хэрэгт гүтгэгдэн албан тушаалаас нь бууруулах үеэс эхлэлтэй аж. Хэрвээ тэр үед мань эрийг ямар нэг байдлаар хамгаалж хаацайлсан бол хэдий болтол ч эвлэрэх байсан юм билээ, бүү мэд. Ингээд л өөрийнх нь хэлснээр дарга, цэрэг хоёрын дунд “хар муур” гүйж, Ч.Сангарагчаа дарга өөрийнхөө комиссарыг “дарга нарынхаа эсрэг мэдээлэл дамжуулаад байна” гэж хардаж сэрдэн тагнаж чагнахад хүрсэн гэнэ. Учир нь мань хүн АТГ-т ажилд орохынхоо өмнө прокурорын байгууллагад хэдэн жил ажилласан аж. Угаасаа энэ байгуулагад өөрийн үндсэн боловсон хүчин, бэлтгэгдсэн мэргэжилтэн гэж байхгүй, бүгд л тагнуул, цагдаа, мөрдөн байцаах, шүүх, прокуророос шүүгдэж очсон нөхдүүд байдаг болохоор энэ үг Э.Амарбат комиссарын хувийн бодол биз. Эсвэл салхины чиг хаашаа эргэснийг анзаарчихаад “салхин доогуур нь исгэрнэ” гэдэг ч болж байж мэднэ.

Дашрамд хэлэхэд, уг нь бол иймэрхүү тохиолдолд манайхаас өөр оронд бол Ерөнхий прокурор нь гарч ирж ганц удаа мэдэгдэл хийгээд л шийдэгдэх асуудал. Соёлтой оронд бол төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчсөнийг тогтоосон бол хариуцсан прокурор нь ганц өглөө мэдэгдэл хийгээд л дуусдаг биз дээ. Цаад нөхөр өөрөө албан тушаалаасаа татгалзах, эсвэл шүүхээр шийтгүүлэх хоёрхон зам үлддэг. Гэтэл манайхан юм бүхнийг нууцын зэрэглэлд аваачиж, үнэ хүргэсэн улс. Тиймдээ ч манай хуулийнхан улс төр болоод бизнесийн янз бүрийн эрх ашиг, шатрын өрөг дээр аль нэг талд нь орсон байхаар хардагддаг.

Өмнө нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Алтанхуяг гэдэг хүн бүтэн зургаан жил энэ суудал дээр суухдаа нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгч үзээгүй, телевизийн камерт бүтэн орж байгаагүй нэгэн. Монголд амьдардаг эсэхэд нь ч эргэлзмээр түүний хийдэг ажил зөвхөн УИХ-ын хаалттай хуралдаанууд дээр л ил болдог байлаа. Уг нь бол хуулийн байгууллагуудын толгойг барьж байгаа хүн тэр хэрээрээ ил, нээлттэй байж, бодит байдлыг олон нийтийг төөрөлдүүлэхгүйгээр, аль болох шуурхай танилцуулж байх учиртай. Шинээр томилогдсон Д.Дорлигжав прокурорын хувьд ч мөн ялгаагүй. Түүнийг ажил авснаас хойш “долдугаар сарын 1”-ний цагдаа нарын хэргийг сэргээх, АТГ-ын даргыг огцруулах гээд толгой дараалсан том асуудлууд цувж байгаа. Гэтэл өөрөө энэ талаар ганц удаа албан ёсоор тайлбар хийсэнгүй. Улс төрийн том намын дарга байсан, тэр хэрээрээ олон нийтэд нээлттэй байж, нийгэмд имижээ бий болгочихсон хүн прокурорын ажил авмагцаа нэг их “нууцлаг” дүрд хувираад эхлэх нь тийм ч таатай биш л байх. Харин ч тэр хэрээр Ерөнхий прокурорын албан тушаал, түүнийг тойрсон хардлага сэрдлэг, төлөг таамаг улам тэлж, хариуцлагаас мултрах гэсэн заримынх нь хувьд  ч аятайхан өгөөш болох нь тодорхой.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж