Ажилд зуучлах алба бизнес болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ажилд зуучлах алба бизнес болжээ

Сүүлийн үед ажилд зуучилж, буян үйлддэг хүмүүс олон болоод байгаа.
Дотоодын компани төдийгүй гадаадын аж ахуйн нэгжид хүртэл ажилд оруулж
өгнө гэж байгаа юм аа, тэд чинь. Тэгээд өөрсдөө сонинд зар өгч, ажилд
орох хүмүүсийг хайж олоод л цалин мөнгөтэй залгуулна даа. Ингээд бодоод
үзэхээр “дэндүү  их ачтан” гэдэг дууг ажилд зуучилж өгч байгаа хүмүүст л
зориулмаар санагдах юм. Гэхдээ ажилд зуучлах нэрийн цаана бүхэл бүтэн
сүлжээ бизнес байгаа нь нөгөө нүүрэн дээрээ инээгээд нуугдаж байгаад
нуруу руу цохихтой л адил юм болоод байна. Яагаад ингэж хэлэх болсон нь ч
бас шалтгаантай.

 Саяхан танил хоёр охин маань  ажилд зуучлах
албаар зуучлуулж “Боржин” худалдааны төвд ажиллахаар болсон гэнэ ээ.
Зарлал хараад л очсон бололтой юм. Зуучлах алба гэж өөрийгөө нэрийдсэн
нэг залуу бүртгэл гэж 15 мянган төгрөг авсан гэж байгаа. Тэгээд л орох
ажил бэлэн. Нөгөө хоёр маань “Боржин” худалдааны төвд очсон их л
уриалгахан хүлээж авсан гэж байгаа. Эхний өдөр энэ тэрийг хийгээд л
өнгөрөөж. Харин хоёр дахь өдрөөс нь эхлээд элдвээр хэлэн загнаж,
эмэгтэй  хүүхдүүдээр хүнд юм зөөлгөжээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн
хэцүү гэсэн ажлаа хийлгэсэн гэсэн. Хэрэв чадахгүй, даахгүй бол гээд л
загнаж байсан гэнэ билээ. Тэгээд л гурав дахь өдрөөс нь ажлаа хийж
чадахгүй байна гээд халсан. Найзууд маань 30 мянган цаасаараа хохироод
зогсохгүй бие, сэтгэл санаагаараа давхар хохироод л үлдэж байгаа юм.
Эмэгтэйчүүдээр хүнд юм өргүүлж, ачигч хийлгэж, элдвээр харааж загнасан
юм чинь хохирсон гэхэд болохгүй юмгүй. Харин ажилд зуучилсан залуу
зүгээр л 30 мянган цаастай болоод л үлдэж байгаа биз дээ. Зүгээр гээд
хэлчих бас хэцүү юм аа. Ирсэн хүмүүсээ ажилд оруулж өгсөн нь үнэн. Гэтэл
өөрсдөө тэнцээгүй юм чинь. Энэ бүхнээс хараад байхад ажилд зуучлана
гэдэг сайхан бизнес шиг л санагдаад байгаа юм даа.  Ажилд зуучлах алба
байгуулахад нэг их олон хүн хэрэггүй. Бараг ганцаараа байхад л болно.
Хамгийн гол нь ажил олгогчтойгоо л тохирох хэрэгтэй. Тэгээд зарын сонинд
“ажилд зуучлана” гэсэн зараа тавиад л төлөвлөгөө хэрэгжиж эхлэнэ.
Хүмүүс ирээд мөнгөө төлөөд бүртгүүлнэ. Тохирсон газар руугаа явуулаад,
өнөөх газар нь хэд хоног ажлаа хийлгэж байгаад л “баяртай” болгоно. Ийм л
энгийн дарааллыг хэрэгжүүлээд байгаа бололтой.

Зөвхөн дээрх
тохиолдлоор ч ингэж хардаад байгаа юм биш. Олон л хүмүүс ажилд зуучлуулж
буй нэртэй хохирсон байдаг нь нууц биш. Тэр болгон хүмүүст хэлээд яваад
байх хэцүү. Ямар “Би ажилд зуучлах албаар дамжуулж нэг байгууллагад
орсон чинь тэнцэлгүй халагдчихлаа. Тэдэн төгрөгөөрөө шатлаа” гээд л
яриад байлтай биш. Тэгсгээд л чимээгүй өнгөрч байгаа байлгүй. Тэгэхээр
нэр цэвэр бизнес гээд хэлсэн ч болно. За даа, тэгээд ажилд орохдоо
мэдлэг мэргэжлээ ашиглаж, өөрийн биеэр албан байгууллагын дарга нартай
уулзаж байж ажилд орохгүй бол та минь ээ, хэчнээн ч төгрөгөөрөө хохирч
магадгүй бололтой шүү. Тэр дундаа ажилд зуучилдаг “буянтангууд” баланд
шунасан зөгий шиг олширч байгаа энэ үед.  

Н.ПУНЦАГБОЛД.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж