Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулах ажлын ерөнхий удирдамжийг баталсан байна. Энэхүү удирдамжаар татвар хураалт зохион байгуулах газар, цагийн хуваарь, хугацаа, бүрэлдэхүүн, бэлтгэл ажил зэргийг тогтоожээ. Татвар хураах ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд ирэх сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд албан татвар хураах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Зургадугаар сарын 1-15-ны хооронд татварт хамрагдсан эсэх талаар хяналтын ажил явуулах юм байна. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах байршлуудад очиж, тээврийн хэрэгслийн татвараа төлөх юм байна.
Үүнд:
Баянгол дүүрэг – “Хөсөг трейд” ХХК-ийн байр
Баянзүрх дүүрэг – “Их сүлд” группын байр
Сүхбаатар дүүрэг – “Монгол глобал” ХХК-ийн Саруул төвийн байр
Сонгинохайрхан дүүрэг – “Автобус-2” ХК-ийн байр
Хан-Уул дүүрэг – “Автобус-1” ХК-ийн байр
Чингэлтэй дүүрэг – “Баянбогд плаза” ХХК-ийн байр
Албан татвар хураах байранд ажиллах ажилтнууд эхний сард Мягмар гаригт амрах бөгөөд сүүлийн сард өдөр бүр амралтгүй ажиллах юм. Өглөө 10,00-14,00 үдээс хойш 15,00-19,00 гэсэн цагийн хуваариар ажиллана гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Анхаа