ОУВС том гүрнүүдийн өрийг анхааруулж байна.

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

ОУВС том гүрнүүдийн өрийг анхааруулж байна.

Засгийн газруудынх нь өр хурдацтай нэмэгдэж байгааг хянахыг Олон улсын валютын сан /ОУВС/ ням гаригт дэлхийн томоохон гүрнүүдэд анхаарууллаа.  
Эдийн засгийн хямрал “нэн ялангуяа эдийн засгийн хөгжингүй улсуудын санхүүгийн баланст гүнзгий сорви үлдээлээ. Эдийн засгаа сэргээхийн тулд зээл авч байгаа улс орнууд ирэх жилийн төсвөө илүү чанга, танаж хийх хэрэгтэй байна” гэж ОУВС-ын хоёр дахь том тушаалтан John Lipsky Хятадын Бээжин хотод болж байгаа Хятадын хөгжлийн чуулганы үеэр хэлсэн байна.

Герман, Канадаас бусад G-7 хөгжингүй эдийн засгуудын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй /ДНБ/ харьцах засгийн газрын зээлийн харьцаа 2007 оны сүүлээр ойролцоогоор 75 хувь орчим байсан бол 2014 он гэхэд энэ байдлаараа бол 110 хувь болж нэмэгдэх болно гэж ОУВС тооцоолж байна.

Энэ жил хөгжингүй улсуудын ДНБ-тэй харьцах өрийн дундаж харьцаа дэлхийн хоёрдугаар дайны дараах 1950-иад оны түвшинд хүрэх гэж байна. Засгийн газруудын өр хурдацтай нэмэгдэж байгаа нь эрүүл мэнд, тэтгэврийн зардал нэмэгдэж байгаатай холбоотой.

“Урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал хангахын тулд АНУ иргэдийнхээ хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэд, өрхүүдийн хадгаламж нэмэгдсэнээр үндэсний хадгаламж нэмэгдэх ба ингэснээр одоо байгаа дансны алдагдлыг бууруулах боломжтой” гэж ОУВС зөвлөсөн байна.

Америкийн үндэсний өр хуримтлагдсаар одоогийн байдлаар 12.5 триллион ам.долларт хүрээд байгаа нь үндэсний эдийн засгийнх нь нийт бүтээмжийг давж гарах аюул учруулж байна. Энэ өрийн бараг хагасыг нь АНУ дэлхийн хамгийн том зээлдэгч болсон Хятадаас зээлсэн байна.

Японы үндэсний өрийн хэмжээ үүнээс ч их, ДНБ-ээс нь бараг хоёр дахин их байгаа. Гэсэн хэдий  ч тэр өрийн дийлэнхийг японы засгийн газар гадны орноос биш харин иргэдээсээ зээлсэн нь  эдийн засагт нь үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах юм.

Европ болон Японд хөдөлмөрийн татвар хангалттай их байдаг. Тиймээс нийгмийн халамжийг сайжруулж, шууд бус татварыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж Липски хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж