Санхүүгийн чуулга уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Санхүүгийн чуулга уулзалт болж байна

“Mongolia: Money & markets” сэдэвт санхүүгийн чуулга уулзалт өнөөдөр МҮЭ-үүдийн соёлын төв ордонд эхэллээ. Чуулга уулзалт үндсэн найман хэсгээс бүрдэх бөгөөд өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын эдийн засгийн байдал, банк санхүүгийн салбарын  тулгамдсан асуудлын талаар мэдээлсэн юм. Энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдээс харахад манай оронд нүүрлэсэн санхүү эдийн засгийн хямрал дуусах явцдаа орсон гэдгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун лекцдээ онцолсон. ДНБ-ий хэмжээ оны эхнээс таван хувиар өссөн төдийгүй энэхүү өсөлтөд уул уурхай, тээвэр, худалдааны салбар голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн манай улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 133 орноос 99-д жагсаад байгаа зэрэг ололт цөөнгүй ч ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгааг доктор Ч.Хашчулуун нуугаагүй юм. Өнөөдөр манай улсын санхүүгийн салбарын бүтэц нэлээд гаж хэлбэрт орсныг чуулганд оролцогчид шүүн хэлэлцэв.

Санхүүгийн салбарын 95,6 хувийг банкны салбар эзэлдэг бөгөөд үлдсэн 4,4 хувийг л үнэт цаасны зах зээл, хадгаламж зээлийн хоршоо зэрэг бусад салбарынхан эзэлж байгаа юм. Түүн дотроо даатгалын салбарын эзлэх хувь ердөө 0,9 хувь байна. Энэ нь гаж хэлбэр төдийгүй эдгээр салбарт хийх зүйл, эзлэх орон зай их буйг харуулж байгаа аж. Зүй нь санхүүгийн үйлчилгээний салбаруудын эзлэх хувийн жин тэнцвэртэй байх ёстой гэнэ. Тиймээс ч чуулганд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн О.Чулуунбат санхүүгийн салбарт илүү бүтээлчээр ажиллахыг уриалж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж