
Мишагийн Эрдэнэ-Очир гэх энэ залуу аймгийнхаа театрт бүжигчин байснаа гэнэт л аймгийнхаа хамгийн алслагдсан суманд багшлахаар явчихад нь гайхсан хүн олон. Авьяаслаг бүжигчин, олны таашаал талархал хүлээгээд эхлэхээрээ мэргэжлийн урлагийн байгууллагаа орхин хөдөөг зориход гайхахгүй хэн байх билээ. Тэгээд л хэдэн жоохон хүүхэд дагуулчихаад хаана л уралдаан тэмцээн болно, тэнд оччихсон шавь нарынхаа тоглолтыг сонирхуулж үзэгчдийн санаа оноог цуглуулж явдагсан. Хоёр зуун километрээс аймгийн төвд ирнэ гэдэг их зардал орно. Сургууль тэр бүхнийг гаргаад байх төсөвгүй ч М.Эрдэнэ-Очир бор зүрхээрээ зардал мөнгөө олоод л ирнэ. Эхнэр Булган нь хөдөлмөр, технологийн багш. Эхнэр нь бүжгийн хувцасны зураг дизайныг гарган оёод өгчихнө. Ирснийх хэд хэдэн медальтай, шавь нар нь ч бөөн баяр л буцна.
М.Эрдэнэ-Очир ярихдаа:
– Өндөршил сумын сургуульд 14 жил багшилсан. Тэнд очингуут “Нарны домог” хүүхдийн бүжгийн хамтлаг байгуулж, 200 гаруй хүүхэд энэ хугацаанд хамрагдсан. Шавь нар маань аймгийн төдийгүй улсын уралдааны шагнал олон хүртсэн. “Нарны домог”-ийнхон 2000 онд аймагт тайлан тоглолтоо хийсэн. 2006 онд нийслэлд болсон “Хаврын баяр” наадмын ”Алтан цом”-ыг хүртээд шавь нар маань их урамшсан. Мөн “Нутгийн дуулал, хүүхдийн төвөргөөн” тайлан тоглолтоо дараа нь 50 гаруй хүүхдийн бүрэлдүүнтэй хийхэд хөдөөгийн жижигхэн сургуулиас ийм өргөн бүрэлдүүнтэй бүжгийн хамтлаг гарсныг урлагийн мэргэжилтнүүд гайхаж байсан. Тэгээд 2008 онд нийслэлийн “Цэцээ гүн” цогцолбор сургуультай хамтран “Эрдмийн хөлөг сургууль минь” тоглолтыг нийслэлийхэнд сонирхуулсан. Энэ тоглолтоос хойш “Цэцээ гүн” сургууль намайг ирж ажиллахыг удаа дараа санал болгосон. Хөдөөд олон жилийн хөдөлмөрөөр бий болсон хамтлаг, авьяаслаг шавь нараа орхих хүнд байсан ч арай том хүрээнд авьяас чадвараа сорихоор энэ сургуульд ирээд ажиллаж байна. Одоо өөрийн үе үеийн шавь нарынхаа хамтарсан тоглолтыг дан бүжгээр хийхээр бэлтгэж байна гэлээ.
Говийн аймгийн хамгийн алслагдсан сумаас нийслэлд уригдан ирээд ганцхан жил ажиллаж байгаа М.Эрдэнэ-Очир “Уран хэлхээ” цэнгээнт бүжгийн тоглолтоо нийслэлийхэнд өргөн барихад бэлэн болжээ. Хөтөлбөрт Латин Америкийн цэнгээнт бүжиг, “Өрнө, дорны гоёл” загварын үзүүлбэр, “Талын язгууртан” гоц содон үзүүлбэр,найрал болон гоцлол дуу орсон нь нийслэлийн хүүхэд багачуудын төдийгүй насанд хүрэгчдийн сонирхлыг татаж байна.
Нийслэлийн “Цэцээ гүн” цогцолбор 60 дугаар сургуулийн бүжиг дэглэгч, соёлын тэргүүний ажилтан, багш М.Эрдэнэ-Очир, түүний авьяаслаг шавь нарын ирээдүй тодоос тод байна. Хөдөөгийн багш М.Эрдэнэ-Очирын авьяас чадвар нийслэлийхнийг бишрүүлэхэд хүрсэн нь Дундговьчуудыг ч баярлуулж байгаа юм.