Улсын байцаагчид номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Улсын байцаагчид номын дуу сонсоно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төв болон орон нутгийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, семинарыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Сургалтаар Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй, анхаарвал зохих асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагынхан мэдээлэл өгөх аж.  Түүнчлэн сургалтанд ОХУ-ын Холбооны Шилжилт Хөдөлгөөний албаны паспортын үйл ажиллагаа болон хүн амын бүртгэлийн тооцооны газрын дарга Ю.В.Ивашкин,  мөн албаны Мэдээллийн газрын орлогч даргын үүргийг гүйцэтгэгч С.В.Бабкин нар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын урилгаар оролцож байгаа бөгөөд  “Шинэ үеийн паспорт визийн танилцуулга”,  “Иргэдийн  хаясан, үрэгдүүлсэн, гэмтсэн , хүчингүй болсон паспортуудын нэгдсэн систем” сэдвээр мэдээлэл хийж, ОХУ-ын болон манай хоёр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлогыг харилцан судалж, туршлага солилцохоор төлөвлөж байна.
Энэхүү сургалт нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж байгаа анхны сургалт бөгөөд тус улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог төгөлдөржүүлж, төрийн үнэн бодитой ой санамжийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болно гэж үзэж байна.
Түүнчлэн энэхүү сургалт нь 2010 оны долдугаар сараас орон даяар зохион байгуулах шинэчилсэн бүртгэлийг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой ажээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж