МАХН-ын Их хурлын бэлтгэл хангагдлаа гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

МАХН-ын Их хурлын бэлтгэл хангагдлаа гэв

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, тус намын удирдах зөвлөлийн гишүүн У.Барсболд тэргүүтэй удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх МАХН-ын анхан шатны байгууллагууд хурлаа хийж, ирэх арваннэгдүгээр сард хуралдах намын их хуралд төлөөлөгчөөр оролцох гишүүдээ сонгосон байна. Тодруулж хэлбэл, улсын хэмжээнд тус нам 309 намын хороотой. Тэр нь дотроо 1626 намын анхан шатны байгууллага болж задардаг. Өнөөдрийн байдлаар 1626 намын анхны шатны байгууллагаас 1605 нь хурлаа хийж, их хуралд оролцох гишүүдээ сонгожээ. Хурлаа хараахан хийж амжаагүй байгаа 21 анхан шатны байгууллагын хувьд олонх гишүүн нь намрын их ажилд дайчлагдан яваагаас хуралдаандаа ирж, ирц бүрдүүлж чадаагүй аж. Тиймээс намын дүрэмд заасны дагуу гурав хоногт багтаан анхны шатны хуралдааныг хуралдуулж, их хуралд оролцох гишүүдээ сонгох ёстой болж байгаа гэдгийг намын ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Мөн  МАХН-ын анхан шатны байгууллагууд нь дээрх хуралдааныг хийх үеэрээ намынхаа уугуул нэрийг буцаан сэргээх тухай, үзэл баримтлалаа өөрчлөх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм байна. Санал хураалтын шатанд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81.3 хувь нь уугуул нэрээ сэргээхийг бүрэн дэмжсэн бол 10.7 хувь нь намын их хурлаар эцэслэн шийдэх ёстой, найман хувь нь нэрээ сэргээхийг дэмжихгүй” гэсэн хариултыг тус бүр өгчээ. Харин намын үзэл баримтлалыг өөрчлөх тухайд гишүүдийн 92 хувь нь”Намын үзэл баримтлалыг өөрчлөх нь зүйтэй” гэж дэмжсэн бол 2.4 хувь нь “Дэмжихгүй” гэсэн эсрэг саналыг тус бүр өгөөд байгаа аж.

МАХН-ын их хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод болох тов зарлагдаад байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж эхэллээ гэсэн мэдээллийг тус намын удирдлагууд өглөө. МАХН-ын их хуралд хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцож, намынхаа нэр, үзэл баримтлалыг өөрчлөх эсэх дээр шийдвэрийг гаргах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж