Нутгийн өөрөө удирдах байгууллагынхан УИХ-ыг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Нутгийн өөрөө удирдах байгууллагынхан УИХ-ыг уриалав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн, Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд, дэд тэргүүн Г.Маналжав нарыг хүлээн авч уулзлаа. Монголын Нутгийн удирдлагын холбоо Үндэсний зөвлөлгөөнөө “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдах ажилтан, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд оролцсон байна. Төлөөлөгчид орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон аж. Мөн УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүнүүд УИХ-ын даргад дээрх уриалгыг гардуулан, эрхэм гишүүдэд уламжлахыг хүслээ. Уг уриалгад, “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцсон орон нутгийн удирдах ажилтан, сонгуультан, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, Төлөөлөгчид бид орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бэрхшээл зовлон, ажилд саад тотгор болж буй зарим асуудлаар санал бодлоо нэгтгэн эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийг шуурхай, зоригтой, дорвитой, бүтээлчээр шийдвэрлэж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэн өөрсдөө идэвхтэй, санаачилгатай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгнө үү гэж УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд хандан доорхи хүсэлтийг тавьж байна.

Үүнд:
1.    Үндсэн хуулийн үзэл баримтлалыг удирдлага болгон Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хуулийг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах байгууллагаа улс төрийн намуудаас гадна зарим нэр хүнд бүхий төрийн бус байгууллага, баг, хороо нэр дэвшүүлэх замаар иргэдийн өөрсдийнх нь төлөөллийг сонгодог болгох, эсвэл орон нутаг ИТХ-аа өөрсдөө сонгох журам гарган хэрэгжүүлдэг байх.

2.    Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг, Баг, Хорооны удирдах ажилтныг сонгож томилоход улс төрийн намууд зөвлөх байдлаар чиглэл өгч, удирдлагаа иргэд, олон нийтийн саналаар өөрсдөө сонгодог болохыг чухалчлах, дээрээс улс төрийн нам, тодорхой хүмүүсийн ашиг сонирхлыг зөрчилдөөн хэтэрхий орж байгааг зогсоох.

3.    “Орон нутгаас хөгжил эхэлнэ” гэсэн дэлхийн жишиг бүхий зарчмыг тууштай баримталж, төсвийн орлогын тодорхой хувиа өөрсдөө захиран зарцуулдаг байх, төсвөөс хэмнэсэн хөрөнгөө хөгжлийнхөө төлөө зарцуулдаг эрхтэй болох, тухай нутаг дэвсгэртээ барьж байгуулах, засварлан өөрчлөх, хөрөнгө оруулалтын ажлын сонгон шалгаруулалтыг биеэ даан шийдвэрлэдэг болох, орон нутаг өөрийн онцлогоор зарим төлбөр хураамжийг Хурлаараа хэлэлцэж тогтоодог байх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийг жигд тогтвортой хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх.

4.    “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай” хуулийг шинэчлэх замаар Сум, Дүүргийг өмчтэй болгож, өмчийн харилцаанд идэвхтэй оролцдог болгох.

5.    “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, ”Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиудыг дахин нягталж, судлах үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийг хүчингүй болгож, Төсвийн эрхийн нэгдсэн хуультай болгох, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж өгөхийг уриалж байна гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж