
Сүхбаатар аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус аймагт энэ онд нийтдээ долоон тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Үүнээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 3.2, улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар их бүтээн байгуулалтын ажил хийж байна. Тухайлбал, аймгийн төвийн гэр хорооллын өнгө төрхийг өөрчилж, зохион байгуулалтанд оруулах зорилгоор жишиг хорооллын район бий болгож эхэлжээ. Аймгийн төв жил гаруйн өмнө эмх замбараагүй, хашигдмал дүр төрхтэй байсан газарт өнгөрсөн намар худалдааны гудамжыг бий болгосон бол удахгүй энэ гудамжны хоёр дахь хэсэг болох “Сүхбаатар” нэртэй, бас нэгэн шинэ гудамж, автовокзал, худалдаа үйлчилгээний төв баригдаж байна. Урьд нь ийм дүр зурагтай байсан газарт ирэх сарын дундуур орчин үеийн тохилог худалдааны төв сүндэрлэх юм. Мөн 2009 онд Баруун-Урт хотын нийт оршин суугчдын цахилгааны төлбөрийг бүтэн гурван сараар чөлөөлөх, гэр хороололд оршин суугчдын нэг өвлийн хэрэглээ болох 5 тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Үүнээс гадна Сүхбаатарчуудын тулгамдсан асуудал болсон хатуулгатай ундны усыг цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар цэвэршсэн стандартын усыг хэрэглээд эхэлсэн байна. Бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцны хорооллыг Тэжээлийн аж ахуйн орчимд барьж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд 45 айл өрх орон сууцандаа ороод байгаа аж.
Д.Улаанаа