
Нэрт жүжигчин Жэки Чан манай улсад энэ сарын 3-5-ны өдөр хүмүүнлэгийн ажлаар айлчилж байгаа юм. Тэрбээр өчигдөр хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт худгийн шав тавьж, гэр хорооллын өрхүүдэд зургаан тонн гурил, будаа тараасан юм. Мөн энэ өдөр Жэки Чан бүтэн өнчин 500 гаруй хүүхдэд “Өргөө” кино театрт гарч буй өөрийн сүүлд тоглосон “The Karate Kid” киног үзүүлсэн юм. Энэ үеэр Холливудын од Жэки Чан хэлэхдээ “Би үнэхээр их баяртай байна. Би дахин Монголд ирэх болно оо” хэмээн хүүхдүүдэд амласан. Тэрбээр өнөөдөр 10:50 цагийн онгоцоор нутаг буцсан бөгөөд “Монголд ирэхийг эртнээс хүсч байсан. Харин өнөөдөр ингээд Монголд байгаадаа аз жаргалтай байна. Монголчууд намайг үнэхээр сайхан угтаж авлаа. Баярлалаа” хэмээн хэлсэн юм.
М.Анир