
Азиас дэлхийн хэмжээний “супер од” болон гялалзаж яваа жүжигчдийн нэг бол Хонконгийн нэрт жүжигчин, кино найруулагч, продюссер, дуучин Жэки Чан юм. Тэрбээр 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хонконгод төрсөн бөгөөд 5.4 кг жинтэй төрсөн түүнийг багад нь махан бөмбөг буюу паопао гэж хочилдог байжээ. Найман настайгаасаа кино дэлгэцийн амьдралд хөл тавьсан аж. Үүнээс хойш өдийг хүртэл 100 гаруй кинонд дүр бүтээсэн байна. Түүнийг Брюс Лигийн орлон тоглогч байсан гэдгийг хүн бүр мэддэг. Харин Жэки Чан “Би сэтгэлээр унасан үедээ өөрийн шүтээн болох Брюс Лигийн тоглосон киног үздэг” гэсэн байдаг. Тэрбээр кунфугийн урлагийг олон нийтэд таниулсан, адал явдалт, хөгжилтэй, тулааны урлагийн мастерийн дүрийг бүтээдэг. Хөгжилтэй, чадварлаг дүр нь түүнийг зөвхөн Ази гэлтгүй Холливудын хэмжээнд хүргэсэн юм. Холливудад “Оргил цаг”, “Шанхайн үдэш”, “Хориотой улс”, “Karate kid” зэрэг олон киногоор нэрд гарсан билээ. Тэрбээр кинонд орлон тоглогчгүй тоглодог гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Тиймээс тулалдаж, нэг газраас нөгөө рүү үсэрч, харайж байхдаа бэртэх тохиолдол их гардаг ажээ. “Бурхны дуулга” киноны зураг авалтын үеэр цамхгаас мод руу үсрэх үедээ хальтирч зургаан метрийн өндрөөс унаж байсан гэдэг. Үүнээс болж толгойдоо цоорхойтой болсон байна. Мөн киноны дуугаа өөрөө зохиож дуулдаг бөгөөд хэд, хэдэн цомгоо фэнүүдийнхээ хүртээл болгосон чадварлаг уран бүтээлч. Дэлхийн хэмжээний нэрт жүжигчин Жэки Чан манай улсад хүмүүнлэгийн ажлаар энэ өдрүүдэд ирээд байгаа. Жэки Чан манай улсад айлчлах үеэрээ “Манай өвөг эцэг Монгол хүн байсан. Би үүнийг саяхан мэдсэн. Баяртай байгаа” хэмээсэн юм. Ийнхүү тэрбээр өвөөгийнхөө нутгаар айлчлаад өнөөдөр нутаг буцлаа.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин