
Харин энэ асуудал хичээлийн шинэ жил болон санхүүгийн жилийн зөрөөтэй эхэлдгээс болж үүсээд байгаа аж. Санхүүгийн жил нэгдүгээр сарын 1-нд эхэлдэг. Харин хичээлийн шинэ жил есдүгээр сарын нэгэнд эхэлдэг. Хичээлийн шинэ жил эхлэхэд элсэлтээс шалтгаалан нийтийн тээврээр зорчих оюутны тоо ч хэд хэдэн мянгаар өсдөг байна. Гэтэл санхүүгийн жил нь ирэх жилийнх нь нэгдүгээр сарын 1-нд эхлэх тул Сангийн яам өмнөх жилийнхээ есдүгээр сарын 1-ний оюутны тоогоор нийтийн тээвэрт зорчих оюутнуудын нөхөн олговорыг олгосон аж. Тиймээс нийтийн тээвэрт зорчих оюутны тоо нэмэгдсэн ч санхүүгийн жил эхэлтэл төсөв нэмэх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудлаас үүдэн 15 мянга гаруй оюутан хохироод байгаа юм.
Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр:
-Бид нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой удаа дараалан уулзаж энэ талаар ярилцсан. Тиймээс энэ хүрэлцэхгүй байгаа 80 мянгаа нэмэхээр болсон. Энэ тоог нэмэхдээ мэдээж судалгаатай хандана. Давуулж эсвэл дутаахыг хүсэхгүй байгаа. Тиймээс сургууль, сургуулийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан санал авч энэ тоог 96 мянга болгохоор болсон. Удахгүй шийдэгдэх байх. Тиймээс захиалгаас хоцорсон оюутнууд сургууль дээрээ цахим картаа захиалах боломжтой болох юм.
“Этүгэн” дээд сургуулийн I курсын оюутан Ч.Ганбат:
-Манай сургууль дээр цахим картны захиалга авч байна гэж зарлал гарсан даруйдаа алга болчихсон. Тэгээд цахим картаасаа хоцорчихсон. Сургуулийнхаа оюутны зөвлөлд хандахаар Оюутны холбоо руу яв гээд Оюутны холбоон дээр ирэхээр сургуулиараа л дамжиж захиалж байгаа гээд ийш тийш нь явуулаад ойлгомжгүй байгаа юм. Хэрвээ одоо нэмэлт захиалга авна гэвэл өглөө эрт 05.00 цагаас л босч дугаарлах байх даа. Цахим карт авах оюутан их байгаа юм шиг байна.
ХААИС-ийн оюутан Б.Пагма:
-Цахим картаас хоцорсон бол аравдугаар сарын 1-нээс өгнө гэсэн. Тэгээд өнөөдөр өгч магадгүй гээд ирсэн. Мэдэх хүн байхгүй байна. Цахим картгүй бол сургуульдаа ирэх, харих 1200 төгрөг болно. Өөр тийшээ явахаар болбол хоолныхоо мөнгөөр явчихдаг. Манай сургууль руу заавал хоёр автобусаар явдаг. Удахгүй өгөх л байлгүй. Би энд виза картаа авахаар ирсэн юм. Цахим картаа авсан ч виза картгүй бол явж болдоггүй юм. Виза карт бас их удаан гарч байна. Бүтэн сар болж байж л гардаг.
“Мандах-бүртгэл” дээд сургуулийн оюутан Б.Азбаяр:
-Өдөрт хамгийн наад зах нь 1600 төгрөгийг автобусанд зарцуулж байна. Заримдаа үүнээс ч ихийг зарцуулна. Одоо сунгалтаа хийлгэх гэж байна. Виза картны хувьд бага зэрэг удаан гарч байгаа ч авчихвал манайх шиг хол сургуулийн хувьд маш их хэрэгтэй байна. Харин нэг үеэ бодвол оюутны цахим картаар оройн цагаар автобус үйлчилдэг болчихсон гэсэн. Өмнө нь орой 20.00 цаг өнгөрөнгүүт л кондуктор нь мөнгө нэхээд зогсчихдог байсан.
Монголын оюутны холбооноос мэдэгдсэнээр энэ сардаа багтаан нэмэлт захиалгыг авах аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар автобусанд үнэ төлбөргүйгээр зорчих эрхийг 130 мянган оюутны 80 мянга нь л авсан. Тэгэхээр цаана нь дахиад 50 мянган оюутан үлдэнэ. Бүх оюутан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй л дээ. Хувьдаа машинтай, ойрхон гэртэй оюутнууд ч бий. Гэхдээ бараг үнэгүй шахам олгож байгаа боломжоос татгалзах оюутан ховор шүү дээ. Тэгэхээр хүрэлцэхгүй байх боломж ч үүсч мэднэ. Мөн өнгөрсөн оны тоог үгүйсгэх оюутнууд ч байна. Тэдний үзэж буйгаар өнгөрсөн жил 80 мянган оюутан захиалж байсан нь хөнгөлөлтийн карт 7-8 мянган төгрөгийн үнэтэй байсантай холбоотой аж. Одоо бол энэ хөнгөлөлтийн карт бараг үнэгүй. Бүртгэлийн болон зураг угаалгах л мөнгө ордог бололтой. Тиймээс нэмэлтээр ирж магадгүй 16 мянган оюутны цахим картны захиалга хангалтгүй байж мэдэх юм. Мөн зарим оюутны ярьж байгаагаар Оюутны холбооноос олгодог виза картыг байхгүй болгоод ганц л карт үзүүлэх нь зүйтэй гэцгээж байлаа. Виза карт гаргаж өгөхөд Монголын оюутны холбоо маш удаан үйлчилдэгт тэд бухимдаж байгаа нь энэ аж. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол нийтийн тээврийн үйлчилгээний зардлыг бараг 100 хувь төр дааж байгаад оюутнууд талархалтай хандаж байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин