
Иймээс ч өнгөрсөн гурван өдрийн турш намын анхан шатны үүрээс тодруулсан XXVI Их хурлын төлөөлөгчдийн нэрийг бүртгэх ажил МАХН-ын төв байрны ажилтнуудад оногдсон нь дамжиггүй. Гол нь тэдгээр төлөөлөгчид нь одоогийн МАХН-ын удирдлагын ажил гүйцэтгэх чадвард дүн тавих ёстой. Тэр дүн бүхэл бүтэн 801 хүний саналаас улаан цайм онц гэж гарна гэж байхгүй. Сөрөг саналтай төлөөлөгчдийн үг яриа олны зүрхийг дэлсүүлж, дэмжлэг хүлээх вэ гэдгээс МАХН-ын дарга нарыг айхгүй байгаа гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Үгүй ядах нь ээ л Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн хамаатан саднууд “МАХН-ын дарга нар өөрсдийн хүнийг Их хуралд ирүүлэхийн тулд анхан шатны үүрийн хурал дээр гишүүдийнхээ үг хэлэх эрхийг хассан. Хүчээр гар өргүүлж, худлаа дүнгээр шинэчлэлийг манай гишүүд дэмжиж байна гэсэн мэдээ тарааж байна” гэсэн гомдол мэдүүлээд эхэлж. Энэ бол МАХН-ын Их хурлаар сөрөг саналтай гишүүд нь их улс төр эхлүүлэх нь тодорхой гэдгийн дохио. Тэгээд ч өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хоёр ч удаа “МАХН ухрах уу, урагшлах уу” гэх хэлэлцүүлгийг зохион байгуулж, намынхаа Их хуралд зөвлөмж хүргүүлэх шийдвэрт нам доторх сөрөг хүчин нь аль хэдийнэ санал нэгдчихсэн байгаа. Мөн уг хэлэлцүүлгийг зохион байгуулахын тулд зөвхөн нэг удаагийн арга хэмжээнд гэхэд л 150 сая төгрөг зарцуулж, 400 гаруй хүнийг цуглуулан намын дарга хийгээд Удирдах зөвлөлөө шүүмжлэх аян өрнүүлсэн тэдний хувьд Их хурлын төлөөлөгчийн мандатаас өөрийн болгож чадсан дуулдсан. Тэгэхээр энэхүү Их хурлын уур амьсгал тайван налгар болох нь юу л бол.
Тэгээд ч өнгөрсөн удаагийн МАХН-ын XXV Их хурлаар гэхэд л тухайн үеийн намын дарга М.Энхболдыг унагах ажиллагаа огцом нээлтээ хийсэн гэдгийг түүх гэрчилнэ. Тэр үед М.Энхболдыг унагахгүй бол МАХН урагшлахгүй гэдэг шүүмжлэл түймэр мэт авалцаж, улмаар С.Баярын улс төрийг эхлүүлсэн байдаг. Ийнхүү С.Баяр даргад Ерөнхий сайдын эрх мэдэл очиж, намын XXV Их хурлаас хойшхи МАХН-ын бодлого түүний тархиар бичигдэж ирсэн гэхэд болно. Харин энэ удаад С.Батболдыг унагах зоригтон гарч ирэх үү гэдэг нь сонирхолтой байгаа. Хэдийгээр тус намын Удирдах зөвлөл Н.Энхбаярын эсрэг нэгдмэл хүчээр зогсч, богино хугацааны улс төрөөс татгалзаж буй ч уур амьсгал нэг хэвийн уйтгартай болохгүй гэдэг нь илэрхий болчихсон.
Учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд МАХН-ыг гаднаас нь бус дотроос нь шүүмжлэх нь ихэсч, улмаар С.Батболдыг намын Их хурлаар бус С.Баяр өөрийн сонголтоор намынхаа тамгыг гардуулсан гэдгийг бүгд мэднэ. Нэг ёсны олон ургальч үзлээс ангид энэхүү сонголт өдгөө МАХН-ын Удирдах зөвлөлд л хамгийн их таалагдаж байгаа болохоос бус Н.Энхбаяр ба түүний нөхдийн хувьд хэтэрхий аминчхан сонголт гэдгийг хэлэхээсээ залхаж, цуцахгүй нь тодорхой.
Мөн намын Их хуралтай холбоотой дараагийн нэг асуудал бол намын шинэчлэлийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоо бүх нийтэд ойлгуулах шаардлага. Үзэл баримтлалаа солих бус ерөнхий бодлогоо тодорхой болгохын тулд үндэсний ардчилсан үзэл санааг барьж байгаа гэдгээ сайтар тайлбарлахын төлөө Их хурлынхаа гишүүн бүртэй тулж ажиллахаас ч МАХН-ын Удирдах зөвлөл татгалзахгүй гэх яриа бий. Ингэхдээ “Зүүний нам хэвээрээ байна” гэж тайлбарлаад байхад нь “Баруун нам болох гээд байна” гэж зөрөөд байгаа зарим нэг нөхөддөө хатуухан үг хаяглаж, “Намаа доромжлох нь намтраа доромжилж буй хэрэг” гэсэн утга санаа бүхий сануулгыг шидэж мэдэх юм.
Учир нь энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх саяхан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Намын гишүүн хүн олонхийнхоо шийдвэрийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Намын дарга байсан хүнд зориулсан тусгай дүрэм гэж байхгүй. Зарим нэг хүн бидний шинэчлэлийн санаачилгыг мушгин гуйвуулж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ тохиолдолд намын дотоод дүрэмд ёс зүйн хариуцлага тооцох дүрэм бий” гэсэн тайлбар өгч байна. Энэ бол МАХН-ын Их хурлын уур амьсгалд өөрчлөлт оруулж мэдэх гол сэдэв.
Ерөнхийдөө намын удирдлагууд хурлаа тайван амгалан хэмнэлээр өндөрлөхийг хүсэх ч Н.Энхбаяр ба С.Батболд, Н.Энхбаярын эсрэг МАХН-ын Удирдах зөвлөл гэсэн бяцхан сөргөлдөөн болохгүй гэвэл үүн шиг худлаа таамаг байхгүй биз ээ. Иймээс ч МАХН-ын Их хурлын мандат хэнд очих нь чухлаас чухал байж мэдэх юм. Наад зах нь л сөргөөцөлдсөн тал нь өөрийн хүнээ Улаанбаатарт ирүүлэх хэрэгтэй. Сөрөг саналаас өөрийгөө хамгаалахыг хүссэн нөхөд нь ч тэдний өөдөөс зүгээр суухыг хүсэхгүй л болов уу. Нэг ёсны энэ Их хурал ерөнхийдөө холимог багийн хор шартай тоглолт болж өнгөрөх бололтой.
Г.ОТГОНЖАРГАЛЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин