Шаардлага хангаагүй зарим сургуулийн гал тогоог хаав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Шаардлага хангаагүй зарим сургуулийн гал тогоог хаав

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаар аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийлээ. Тус сургуулийн 1-5 дугаар ангийн  3817 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. “Үдийн цай” хөтөлбөрт “Хөвчийн жонон”, “Кинзатрейд”, “Нөмрөг   алтай”,  “Гурван тарган” ХХК-иуд болон “Хаан түшиг” нарийн боовны цех, “Ундрах” бүл, “Хэнтий сүү” хоршоотой бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр сургуулиуд долоо хоногийн 2-3 өдөрт халуун хоол, бусад өдөр цай, үзэмний шүүс, гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдээс гурилан бүтээгдэхүүн авч, үдийн цайны цэсийг долоо хоногоор зохиож, сургуулийн захиралын зөвшөөрлөөр баталдаг аж. Хан Хэнтий, Бор-Өндөр  цогцолбор, IV сургуулиудын гал тогоо зориулалтын байртай, гал тогооны тоног төхөөрөмжөөр хангажээ. Тэмүүжин цогцолбор сургуулийн бага ангийн хичээлийн байрны гал тогоо зориулалтын бус, үйлдвэрлэл, үйлчилгээний технологи урсгал, стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул уг гал тогоог хааж, шинээр баригдсан сургуулийн гал тогоонд үйл ажиллагаа явуулахыг үүрэг болголоо. Хэрлэн I сургуулийн бага ангийн хичээлийн байрны өргөтгөлд ажилчдын хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, түүхий эд бэлтгэлийн өрөө, угаалгын өрөөг тусад нь зохион байгуулаагүйгээс үйлдвэрлэл, үйлчилгээний технологи урсгал зөрчигдөх, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын гал тогоонд  ажиллаж байгаа ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж дүгнэлт гаргуулж, тогооч нар мэргэжлийнх бөгөөд чанарын баталгаатай ариутгал халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна. Үдийн цайнд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа боодол шаардлага хангасан, зориулалтыг өөрчилж тоноглосон  тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ тээвэрлэн хүргэж байгаа ч аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хянах дотоодын хяналтын лаборатори байхгүй байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж