Экспортоо нэмэгдүүлэхэд валютын дайн туслахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Экспортоо нэмэгдүүлэхэд валютын дайн туслахгүй

Хөгжингүй орнуудын эдийн засаг тогтворгүйжиж, хэзээ мөдгүй хямралд өртөх вий гэх болгоомжлол газар авсаар байна. Энэ үед улс орон бүр экспортоо тэлэх замаар хөл дээрээ баттай тогтохыг зорих болов. Ингэхийн тулд валютын ханшаа бууруулж, бараа бүтээгдэхүүнээ хямд өртөгтэй гаргаж, үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг дээш­лүүлэх нь эн тэргүүний ажил болжээ. Үүнээс валютын дайн гэгч зүйл эхэлсэн гэж дүгнэж болох уу.

Тэгвэл өнөөдрийн байдлаар валю­тын бодлого нь зөр­чилдсөн улс орнууд нэгээр тогтохгүй байна. Хамгийн тод жишээ нь АНУ, Хятад юм. Барак Обамагийн засаг захиргаа юанийн ханшийг өсгөхийн тулд Хятадын талд элдэв дарамт шахалт үзүүлсээр бай­гаа. Өнгөрсөн долоо хо­ногт  АНУ-ын Конгресс Хятад­тай хийх худалдаанд хо­риг тавьсан заалт бүхий хууль баталсан. Юанийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн зургадугаар сараас хойш ердөө 2.06  хувиар чангарчээ. Гэтэл америкчууд энэхүү өөрчлөлтийг ойрын хугацаанд 40 хувьд хүрнэ хэмээн найдаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн сарын эхээр Японы Засгийн газар валютынхаа ханшийг сул­руу­лах зорилгоор их хэмжээний иен зах зээлд гаргаж, оронд нь ам.доллар худалдан авах болсон. Энэ нь олон улсын зүгээс нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа.

Өнгөрсөн сард улс орнуудын валютын бодлогод хамгийн ихээр өртөж, “хэлмэгдсэн” Бразилийг нэрлэж болно. Тиймдээ ч тус улсын Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд мэдэгдэл гаргаж, цаашид ямар нэгэн дорвитой алхам хийх болно гэдгээ анхааруулсан юм. Мексикт мөн л гадны валют их хэмжээгээр худалдан авч, зах зээл дэх нийлүүлэлтийг нь хумихыг оролдсон. Өнгөрсөн сарын дундуур тус улсын төв банк 61 сая ам.доллар худалдан авч байв. Түүнчлэн үнэт цаас эзэмшигчиддээ 600 сая ам.доллар худалдах эрх олгосон аж. Энэ нь зөвхөн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилготойгоор хийгдсэн гэх боловч мөн л песогийн  ханшийг сулруулах алхам болсон билээ.

Ихэнх валютын ханш унах хандлагатай байгаа энэ үед цаасан мөнгийг орлогч алтны үнэ тэнгэрт хадсан билээ. Хөрөнгийн биржүүд дээр нэг унци алт 1319 ам.долларт хүрч, урьд өмнөх дээд амжилтуудаа эвдсэн юм.

“Kanundrum Capital”-ын шинжээч Брайн Келли “Бид экспортод түшиглэсэн эдийн засгийг цогцлоож байна. Тиймээс экспортоо тэлэхийн тулд валютын ханшаа аль болох сулруулахыг зорихоос өөр аргагүйд хүрсэн” гэжээ. Гэвч бүх орон нэг зэрэг ингэж чадахгүйд л хэргийг гол учир нь оршиж байгаа юм.

Харин сүүлийн өдрүүдэд Хятад, Японы валютын бодлого нь харилцан нэг нэгнээсээ хамааралтай болж буйг эдийн засагчид онцлож байна. Хятад Токиогийн худалдааны хамгийн том харилцагч болсон. Тус улсын хувьд АНУ-ын бодлого боловсруулагчдад юанийн ханшийг чөлөөлөх амлалт өгсөн хэдий боловч одоог хүртэл дорвитой өөрчлөлт гаргахгүйгээр ам.доллараас уясан  хэвээр байгаа. Ам.долларын иентэй харьцах ханш сүүлийн үед нэлээд суларсан. Өөрөөр  хэлбэл, ам.долларын ханш унавал юанийнх ч бас унана гэсэн үг. Тиймээс Хятад Японы бондыг худалдан авч, иений ханш чангарахад нэлээд хэмжээгээр нөлөөлсөн. Харин одоо Японы Засгийн газар иен авч, ам.доллар зарж байна. Хятадууд ам.доллар худалдан авч, бусад валют руу хөрвүүлж байгаа.

Нью-Йорк дахь валютын бодлогын “Brown Brothers” төвийн тэргүүн Марк Чэндлэр “Улс орнууд албаар эдийн засгийн дайныг эхлүүлээгүй. Тэдний хувьд хэрэгжүүлж буй бодлого нь хүссэн, хүсээгүй нэг цэг дээр уулзаад байгаа юм. Түүнээс биш экспортоо тэлэх замаар хөршөө үгүйрүүлчихье гэж хэн ч бодоогүй” гэжээ.

Иений ханшийн өсөлтийн эсрэг Японы Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого нь зөв гэж хэлэхэд бас л эр­гэлзээтэй байгаа юм. Сүү­лийн хоёр жилийн дотор иений ам.доллартай харьцах ханш 25 хувиар өссөн. М.Чэндлэрийн онцолж буй­гаар Японоос гадна Малайз, Тайланд зэрэг томоохон экспортлогч орнууд валю­тын ханшаа бууруулах зо­рилгоор шинэ бодлого хэ­рэгжүүлж эхлэх тухай яриа аль хэдийнэ газар авчээ. Энэ онд Азийн орнуудаас Малайзын валютын ханш хамгийн хурдтай чангарсан. Тус улсын ринггитийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 10.6 хувиар өссөн байна. Тайландын бахтынх 8.73 хувиар чангарчээ. Ийн Азийн орнуудын валют чангарах болсон шалтгаан нь хө­рөнгө оруулагчид АНУ-ын хувьцааг худалдан авахаас татгалзаж, өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Тайвань, Өмнөд Солонгос, Энэтхэг рүү хошуурах болсонтой хол­боотой юм.

Улс орнууд валютын ханшаа сулруулах нь эрс­дэлтэй гэдгийг зарим эдийн засагч онцлох болсон. “Financial times” сонинд энэ тухай онцлон өгүүлжээ. Бээ­жингийн удирдлагууд валют арилжаанд нөлөөлсөн нь улсаас экспортлогчдодоо “та­таас” үзүүлсэн хэрэг болсон. Гэхдээ энэ нь урт хугацаанд ашигтай байж чадахгүй гэд­гийг зарим ажиглагч онцолж байгаа юм. Өмнө нь 1930-аад онд болсон эдийн засгийн их хямрал үүнтэй ижил шалтгаанаар үүссэн билээ.

Валютын арилжаанд хөнд­лөнгөөс оролцох нь ердөө заль ч байж болох. Өнгөрсөн хавраас эхлэн Швейцарийн Засгийн газар франкийн ханшийг сулруулахын тулд их хэмжээний евро худал­дан авсан. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус улсын төв банк долоон тэрбум ам.долларын алдаг­дал хүлээсэн билээ. Эцэст нь франкийн евротой харь­цах ханш улам бүр л өссөөр байгаа. Өмнө нь 1992 онд Их Британи олон тэрбум паунд зарлагадан байж, валютынхаа ханшид нөлөөлөх амжилтгүй бодлого хэрэгжүүлж байсан юм. Иймэрхүү аргаар хүссэн үр дүндээ хүрч болохгүй гэдгийг нотлох жишээ олон байна. Хятадын хувьд АНУ-тай “тэрсэлдэж” эхлэхээс өмнө буюу 2005-2008 оны хооронд юанийн ам.доллартай харьцах ханш нь 25 хувиар чангарсан билээ. Тэр үед ч тус улсын худалдааны ашиг нэмэгдсэн хэвээр байсан. Тиймээс яг үнэн хэрэгтээ Хятадын тэрбумаар тоологдох хүн ам, хямд ажиллах хүчний зах зээл нь экспортлогчдынх нь өрсөлдөх чадварыг сайж­руулах гол хүчин зүйл болсон гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Тэгэхээр эцсийн дүнд экспортоо нэ­мэгдүүлэх, валютын ханшаа сулруулах нь угтаа бол огт өөр зүйл болж таарах нь ээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж