Би нөхөөсөнд явдаг хүн биш

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Би нөхөөсөнд явдаг хүн биш

Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Нийслэлийн Ардчилсан намын даргын тамгаа аваад удаагүй байна. Ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Ямар   ч  байсан  албан  ёсоор тамга, тэмдгээ хүлээж аваад ажилдаа шуурхайлан ор­лоо. Эхний ээлжинд ахмадын баярыг тохиолдуулан намынхаа өндөр настнуудыг хүлээж авч баярлууллаа.  Ойрын үед залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагынхаа хурлыг хийж ажлыг нь идэвхжүүлэх  төлөвлөгөөтэй байна. Мөн ахмадын байгууллагынхаа хурал, зөвлөгөөн хийх, нийслэлийн намын бүх үүрүүдийн дарга нарын уулзалтыг хийхээр төлөвлөөд байна.

-Ж.Батзандан “Хагаралдсан, хуваагдсан намын дарга байхыг хүсээгүй” гэж мэдэгдсэн. Таны хувьд ийм үед намын даргын суудлаас эмээгээгүй юү?

-Нийслэлийн гурван дүүрэгт одоо зөрчил байгаа нь үнэн. Гэхдээ бид нэг мөчир дээр сууж байгаа. Тэр мөчир хугарвал бүгд л унана. Тиймээс хусмаа чамласан хүүхэд шиг албан тушаалын хойноос гүйгээд байвал зорилгоо яаж биелүүлэх юм бэ. Эцсийн эцэст бид нэг л зорилготой. Энэ бүхнийг хаана, хаанаа ойлгож эв нэгдэлтэй байх учиртай.

-С.Эрдэнэ танд Нийслэлийн ардчилсан намын даргын тамгыг өгөхдөө “Дүрмийн алдаагаа засаарай” гэж захисан. Та харин журмын алдаа байсныг үгүйсгэхгүй гэсэн. Үүнээс харахад та хоёр одоо ч зөрчилтэй байгаа юм биш үү?

-Намын дүрмээр бүрэн эрхийн хугацаа дөрвөн жилийн хугацаатай дуусдаг. С.Эрдэнэ даргын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас чөлөөлөх асуудлыг нь ярих байсан.

Гэтэл С.Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхээр санал хураасан. Энэ тохиолдолд хариуцлага тооцох тухай яриа үүснэ. Бас итгэл үзүүлэх эсэхээр санал хураасан тохиолдолд дахин нэрээ дэвшүүлэх боломжгүй болно. Харин бүрэн эрхийн хугацаа дууссан бол дахин нэрээ дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Үүн дээр журмын алдаа гарсан. Түүнээс бусад нь бүгд ном журмын дагуу явсан. С.Эрдэнэ ямар ч асуудлаар Хяналтын ерөнхий хороонд хандаад дүрмийн алдаа гараагүй нь тодорхой байсан. Нөгөө талаар С.Эрдэнэ дарга улстөрч хүний хувьд намынхаа эв нэгдлийг бодож тийм алхам хийсэн байх.

-Дүрэм, журмын алдаа гэдгийг сэтгүүлчид онцолж байсан. Чухам хэн нь худлаа ярьсан болж таарах вэ?

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга сонинд ярилцлага өгсөн байгаа. Ер нь журмын алдаа нь тодорхой байсан.

-Та хоёр албан тушаалаа булаацалдаж багагүй хугацаанд хэвлэлээр “байлдсан”. Гэнэт сэтгүүлчдийн өмнө тэврэлдэж тамгаа солилцсон нь хачирхалтай байсан. Генсек та хоёрын дундах “гал”-ыг унтраахаас илүү намынхны чинь дарамт байсан юм биш үү?

-Ямар ч дарамт шахалт байгаагүй. Ерөнхий нарын бичгийн даргыг гадаадаас ирэхэд нь С.Эрдэнэ албан тушаалаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн.

-Ерөнхийлөгч та хоёртой уулзаж “эвлэр” гэж үүрэгдсэн юм биш үү?

-Ерөнхийлөгчтэй өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш уулзаагүй юм байна.

-Тамгаа солилцсоноос хойш С.Эрдэнэтэй холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Тамгаа солилцсоны маргааш 300 орчим гишүүн оролцсон үдэлт, угталтын арга хэмжээ зохион байгуулсан. 

-С.Эрдэнэ багагүй хугацаанд Нийслэлийн АН-ын даргын албан тушаалд тэссэн нь сайн ажилласных уу, эсвэл сайн “хор” найруулдагынх байв уу. Та юу гэж дүгнэх вэ?

-С.Эрдэнэ дөрвөн жил  Нийслэлийн АН-ыг удирдсан. Бүрэн эрхийн хугацаандаа “хор” энэ тэр найруулах шаардлагагүй байх. Харин улирч сонгогдох эсэх нь тусгай асуудал байсан. Миний хувьд С.Эрдэнийг бүрэн эрхийнхээ хугацаанд “хор” найруулаад явсан гэж үзэхгүй байна. 

-Та хоёр хоёулаа ардчиллын анхны партизанууд. Нийслэлийн АН-ыг С.Эрдэнэ та хоёр удирдахад ямар ялгаа гарах вэ?

-Ер нь салхи орно. Аливаа удирдлага өөрчлөгдөхөд бодлого, үйл ажиллагаа өөрчлөгддөг. С.Эрдэнэ гэдэг өөр хувь хүн. Үзэл бодол, хүмүүжил, төлөвшлөөрөө надаас огт өөр. Миний арга барил өөр. Ардчиллын партизан гэхээр л хэвэнд цутгачихсан юм шиг ойлгож болохгүй.

-Тэгвэл та ямар арга барилаар ажиллана гэж?

-Би аливаа асуудлыг эв зүйгээр шийдэхийг зорьдог. Хүлээцтэй, тэвчээртэй байдаг. Ямар ч байсан юу юугүй хатуурхаад, тас цохидог ч юм уу аргаар ажилладаггүй. Миний энэ зан намд хэрэг болж байсан үе бий. Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад манай нам хоёр тамгатай, хоёр даргатай бужигнаж байлаа. Үүнийг зохицуулаад одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа үндсэн дүрэм, журмыг боловруулсан. Журам нь тодорхойгүйгээс тоглоомийн дүрэмгүй дур дураараа шийд гаргадаг байлаа. Үүнийг эвээр шийдэж, таслан зогсоож чадсан. Бүх ажил намын дүрэм, журмаар шийдэгддэг болсон. Одоо нийслэлийн гурван дүүрэгт зөрчил байгаа. Хагас жил шийдэж чадаагүй энэ асуудлыг нэг тийш нь болгож Нийслэлийн АН-ын эв нэгдлийг хадгална гэдэгт өөртөө итгэлтэй байгаа.

-Таны яриад байгаа эв нэгдэл, эв зүй танай намын удирдлагуудад байдаггүй. Намын удирдлагуудыг сонгох, солих болохоор л тамгаа аваад зугатдаг, хөнжилдөө хөлөө жийлцдэг уламжлал байгаа?

-Тамгаа авч зугатаж байгаа нь хувь хүний хүмүүжил, ёс суртахууны асуудал. Тамга авч зугатдаг асуудал  байсан учраас намын тамгыг хэрэг эрхлэх газарт хадгална гэсэн журмыг дүрэмдээ оруулсан байгаа. Үүнээс хойш тамга тэмдэгээ авч зугатах асуудал гарахгүй байх.

-АН-ын удирдлагуудыг сонгоход фракц хоорондын зөрчил нөлөөлдөг. С.Эрдэнийг явуулахын тулд “Алтангадас” фракциас таныг зүтгүүлсэн гэх яриа байгаа?

-Хурал хуралддагаараа хуралдаж хугацаа нь дууссан хүнийг явуулж дараагийн хүнийг сонгох л асуудал. С.Эрдэнэ олонхийн итгэл авч чадахгүй байдал үүссэн учраас л Х.Тэмүүжин, Ж.Батзандан бид гурав нэрээ дэвшүүлсэн. Намын дүрмээр өөрийн саналаар нэрээ дэвшүүлж сонгогдсон. Энд нэг л зүйлийг хэлмээр байна. Бид нэг мөчир дээр сууж байгаа. Хичнээн өөр фракц, өөр талын хүн байлаа ч бидэнгүйгээр тэд явахгүй, тэдэнгүйгээр бид явахгүй л байхгүй юу. Яагаад гэвэл нэг намынхан учраас. Тийм учраас яаж ийж байгаад эвийг сахиж голомтоо авч үлдэх ёстой.  Үүнийг л сайн мэдэж эвийг сахих улстөрчид намаа удирдах ёстой.

-Та Н.Алтанхуяг даргын сойсон “морь” биш үү?

-Биш. Тийм зүйл байхгүй.

-АН-ынхны удирдах албан тушаалтнаа татаж унагадаг уламжлал сонгууль дөхөхөөр идэвхиждэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нэг талаас сонгуулийн жил арай болоогүй байна. Нөгөө талаас нэгдүгээрт, миний томилолт бол хувь хүний шийдвэр. Хоёрдугаарт, МоАХ-ын гишүүд, партизанууд “Хотын нам дээр хөдөлгөөн гарвал та нэрээ дэвшүүлвэл яасан юм бэ” гэж санал гаргасан. Би гэнэт тохиолдлоор ч юм уу, нөхөөсөнд явдаг хүн биш. Нийслэлийн АН-ын дарга хийж байсан. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа ажиллаж байсан. Гэнэт дээрээс унаад ирчихээгүй, энэ ажлыг хийж байсан учраас намынхан маань итгэж намайг сонгосон. Тиймээс жилийн дараа ч юм уу, сонгуулиар өөрчилнө гэсэн асуудал байхгүй.

-С.Эрдэнэ дарга танд тамгаа хүлээлгэж өгч байхад ардчиллын партизануудын нэг “Түвдээ чамайг мэднэ шүү. С.Эрдэнийг дэмждэг хүн бий шүү. Араа даагаарай” гэсэн үгийг чулуудаж байсан. Журмын нөхрийнхөө үгийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай Ардчилсан холбооны Хан-Уул дүүргийн салбарын гишүүн тэгж хэлсэн. Хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Намайг магтаж, заналхийлэх нь асуудал биш. Нэг хүн тэгж хэллээ гэхэд арван хүн намайг дэмжиж байгаа учраас надад чухал биш.

-Ардчилсан намынхан удирд­лагууддаа ихэвчлэн танил “кадр”-уудаа зүтгүүлдэг. Шинэ, залуу боловсон хүчин танай намыг удирдах цаг болсон юм биш үү?

-Би намын удирдлагын өмнөөс одоохондоо ярих эрх алга. Харин нийслэлийн АН-ын хувьд шинэ хүмүүсийг ажиллуулна гэж бодож байгаа.

-С.Эрдэнийг Ш.Түвдэн­доржоор сольсноос Ж.Батзандан, Х.Тэмүүжин зэрэг шинэ хүмүүсийг гаргаж ирэх нь зөв байсан гэж шүүмжлэх хүмүүс бий?

-Х.Тэмүүжин, Ж.Батзандан нар шиг шинэ залуусыг намын ажилд оруулах нь зөв. Ямар ч байсан энэ намд ороод хатаад, улс төрийн нарийн ширийнийг ойлгоод, хамт олондоо уусч ямар байдлаар яаж улс төр хийх вэ гэдгийг мэддэг байна гэдэг том ойлголт. С.Эрдэнийг Ш.Түвдэндоржоор солих ямар ялгаа байна гэсэн яриа байгааг үгүйсгэхгүй. Намд удсан гэдэг өнцгөөр харж тэгж дүгнэсэн байх. Гэхдээ намд олон жил ажилласнаараа хуучин сэтгэлгээтэй байна гэж байхгүй. Шинэ боловсон хүчинд ч гэсэн хуучин сэтгэлгээтэй нь байдаг шүү дээ. 

-Тухайлбал, та Х.Тэмүүжин шиг хатуу шүүмжлэгч байж чадах уу?

-Шүүмжлэх, юмыг нураах амархан. Харин хийж бүтээж, олны дэмжлэг хүлээнэ гэдэг хэцүү. Дуртай нэгэн нь олны дэмжлэг хүлээдэг бол олон шинэ хүмүүс гарах л байх. Олны дэмжлэг авахгүй байна гэдэг дутуу байгаагийн шинж. Цаашид суралцах, өөрчлөгдөх хэрэгтэй биз ээ.

-Танай намынхан дотоод хагарал, тэмцлээ ардчилал нэрээр халхавчилдаг уламжлалтай. Таныхаар хөнжилдөө хөлөө жийлцдэг, дайтдаг жишгээсээ салах гарц байна уу?

-АН янз бүрийн үзэл бодолтой хүмүүс учраас зөрчил заавал гарна. Намын дүрэмд үүнийг олонхио дагаж цөөнхөө хүндэтгэнэ гээд заачихсан байгаа. Гэтэл цөөнх нь олонхио дагахгүй, олонхи нь цөөнхөө хүндэтгэхгүй байна. Түүнийг л намжааж цөөнхөө хүндэлдэг, сонсдог улстөрчид гарч ирсэн тохиолдолд эв нэгдэлтэй болно. Түүнээс биш нэг нэгийгээ тас цохиод байвал АН урагшлахгүй. Хоорондоо зөвшилцөхөөс өөр зам харахгүй байна.

-МАХН нэрээ сольж, цаашид барууны үзэл баримтлалаар явна гэж байгаа. Үүнд танай на­мын удирдлагууд ямар нэг байр сууриа илэрхийлэхгүй байгаагаар намаа “булшилж” байна гэж дүгнэх хүмүүс байна?

-Намын дарга энэ долоо хоногт ирж ҮЗХ-ны хурал хийж албан ёсоор байр сууриа илэрхийлэх байх. Миний хувьд ҮЗХ-ны хурал дээр өөрийн байр сууриа илэрхийлнэ.

-Та ямар байр суурьтай байна вэ?

-ҮЗХ-ны хурлын шийдвэр гараагүй байхад би ингэж бодож байна гэж ярихад арай эрт байна. Цөөнх байвал олонхио дагах учиртай. Намын удирдлага олонхийнхоо байр суурийг илэрхийлэх байх.

-МАХН шинэчлэл ярьж байгаа энэ үед АН 20 жилийн түүхээ дүгнэж байна. Анхдагч гишүүний хувьд ардчиллын 20 жилийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн 20 жилд алдаа байхыг үгүйсгэхгүй. Огтны хамраас цус гаргаагүй хийсэн хувьсгалыг ард түмний заяа тэтгэсэн. Ерөнхий ханаараа Монгол Улс эргэлт буцалтгүй ардчиллын замаар орлоо. Хөгжих дэвших хандлагатай болсон нь олзуурхууштай.
 
-Харин намын хувьд дэвшил гарав уу. Өнөөх л хэрэлддэг, зөрчилддөг хэвээрээ байна?

-Одоо намын зөрчил, тэмцлийн талаар ярихгүй. Энэ сэдвээр хангалттай ярилаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаа ялуулахын тулд голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгд та ордог юм билээ. Ирэх сонгуульд Нийслэлийн АН өмнөхөөсөө илүү амжилт гаргах болов уу?

-Өнгөрсөн 20 жилийн 18 жилд нь МАХН орон нутагт ялалт байгуулсан. Ирэх сонгуульд бид олонхи болохыг зорьж байна. Тэгж байж нийслэлийн иргэдийн өмнө тулгараад буй бэрхшээлийг давах шинэ арга барилаар ажиллана. Орон сууц, утаа, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдэх болно. Өнгөрсөн сонгуульд баримталсан “Шинэ хөдөө, шинэ Улаанбаатар” гэсэн мөрийн хөтөлбөрөө баяжуулах болно. Иргэдийн амьдралыг огцом өөрчлөх томоохон бодлогыг хэрэгжүүлэх болно. Олон жил яриад бүтдэггүй, хардлага дагуулдаг ажлыг хүн ардад мэдэгдэхүйц бодлого барин бодитоор буй болгож ажиллана.

-Уучлаарай. Таныг өндөр албан тушаалаас салдаггүй. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж байсан. Гэсэн ч яаж ийгээд л албан тушаал ахидаг гэж ярьдаг юм билээ?

-Батлан хамгаалахын сайдаар муу ажилласан гэж тус яамныхан өнөөдрийг хүртэл үздэггүй. Намайг очиход арми үнэхээр хүнд байсан. Авдаг цалин нь бага, хувцас форм нь дутуу байлаа. Цэргийн цол, мэргэжлийн зэргийн цалин мөнгө, хувцас хэрэгслийг бүрэн гүйцэд хангуулсан. Армийн орон сууцыг хувьчилсан. Намайг Батлан хамгаалахын сайд байхад жолооч маань “Би цэргийн цолны цалин, мэргэжлийн нэмэгдлээрээ байрныхаа мөнгөө төлдөг болчихлоо” гэж баярлан ярьж байсан. Энэ мэтчилэн армид хийсэн ажлаа ярьж болно. Гэхдээ энэ бүхэнд улс төрийн оролцоо байгаа учраас янз бүрээр ярих хүн байгаа л байх. Харин армийнхнаас асуувал өөр хариу хэлэх байх.

-Та одоо өмнөх С.Эрдэнэ даргын удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг өөрчлөх үү?

-Бүгдийг нь солихгүй. Нөгөө талаас өөрийн баг, ажлаа мэддэг хүмүүстэй хамтарч ажиллана. Мөн залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагаас шинэ эрчээр  хамтарч ажиллавал бүтэхгүй зүйл байхгүй биз ээ.

-МоАХ-той хэр холбоотой ажиллах вэ?

-Миний хүсэл, мөрөөдөл, алдаа оноо шингэсэн байгууллага учраас холдохгүй.
-Баярлалаа. Амжилт хүсье.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж