Ноён Бин Раад Аль-Хусейныг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ноён Бин Раад Аль-Хусейныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор өчигдөр Явган цэрэг эсэргүүцэх минэ (ЯЦЭМ) хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай Оттавагийн конвенцийн Ерөнхийлөгчийн тусгай элч, Йорданы Хунтайж Эрхэмсэг ноён Бин Раад Аль-Хуссейныг хүлээн авч уулзав.

Xунтайж Бин Раад Аль-Хуссейн ЯЦЭМ-д энгийн иргэд болон цэргүүд өртөж, шархдан, амь насаа алдаж байгааг дурдаад ЯЦЭМ-ийг устгах, хориглох  талаар дэлхийн улс орнууд хүч чармайлт тавьж байгааг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс Оттавагийн конвенцийн  зорилго, зарчмыг дэмждэгээ илэрхийлж, түүний  үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг сайшаан, Монгол Улс уг гэрээнд нэгдэн орно  гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Болор Оттавагийн конвенцийн энэрэнгүй зорилго, гол зарчмууд нь үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломат  аргаар хангана хэмээн тунхагласан манай Гадаад бодлогын үзэл баримтлалтай нийцдэг учир Монгол Улс уг гэрээг тууштай дэмжиж ирснийг илэрхийлээд тус конвенцид нэгдэхтэй холбоотой бэрхшээлтэй  олон асуудал байдгийг тэмдэглэв.

Уулзалтад Оттавагийн конвенцийн Хэрэгжилтийг дэмжих нэгжийн захирал Кэрри Бринкэрт, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхоук нар байлцав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж