Харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үндэс гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үндэс гэв

Бельгийн Вант улсын нийслэл Брюссель хотноо Ази Европын уулзалтын Дээд хэмжээний наймдугаар уулзалт өчигдөр  эхэллээ.
Брюссель дэх хааны ордонд эхэлсэн энэхүү Дээд хэмжээний уулзалтын эхэнд Төр засгийн тэргүүнүүдийг, Бельгийн Цог Жавхлант Ван хоёрдугаар Альберт, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпуй, Бельгийн ерөнхий сайд Ив Латерм, Европын комиссын дарга Хосе Мануэль Бароссо нар угтан авав.

Дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ноён Х.В.Ромпуй “Дэлхийн хүн амын 58 хувь дэлхийн худалдааны 60 хувийг хамарсан бүс нутгийг төлөөлсөн лидерүүд та бүхэн илүү энх тайван амар амгалан, тогтвортой, хангалуун амьдралыг хэрхэн хүмүүст өгөх вэ гэдэг амаргүй хариуцлагыг үүрсэн билээ.  Ази,  тогтвортой хүчтэй эдийн засгийнхаа нөлөөгөөр дэлхийн тавцанд голлох байр суурийг эзлэх боллоо.  Харин Европын хувьд зүүн баруун хэмээн хуваагддаг байсан нь түүх болон үлдлээ.  Бидэнд хариуцлагаа хэрэгжүүлэх боломж улам бүр бий болсоор байна. Өнөөдөр бид дараах зүйл дээр тогтож ярилцах гэж байна. Эдгээр нь дэлхийн эдийн засаг санхүүгийн засаглал, илүү тогтвортой удаан үргэлжлэх хөгжил,бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хамтран ажиллах зэрэг болно. Харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны хамгийн гол үндэс суурь билээ” гэсэн юм.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэн Зябао, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак, Бельгийн Ерөнхий Сайд Ив Латерм нар төр засгийн тэргүүнүүдэд хандлаа.
 Эдийн засгийн хөгжил, нийгмийн эв санааны нэгдэл, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг нь харилцан уялдаатай бөгөөд тогтвортой хөгжлийг хангах үндсэн гурван тулгуур юм гэдгийг уриалах, санхүүгийн салбарт шинэчлэл хийх, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх олон улсын санхүүгийн шинэ тогтолцоог бий болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа баяжуулахаа нотлох, терроризмтэй тэмцэх, хүний эрх аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, цөмийн зэвсгийг үл хэрэглэх зэрэг чиглэлээр үүрэг амлалтаа биелүүлэхээ нотлох нь АСЕМ-ын уулзалтын Дээд хэмжээний наймдугаар уулзалтын зорилго болж байна.

Уг уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш “Тогтвортой хөгжил” сэдвээр болох салбар хуралдаанд үг хэлнэ.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж