Л.Гантөмөр: НХХЯ-ыг халамжийн яам гэж бодоод байна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: НХХЯ-ыг халамжийн яам гэж бодоод байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж гурван асуудал хэлэлцлээ.  Хэлэлцсэн гол асуудал нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Төслийг НХХЯ-ны нөхдүүд намын бүлгийнхэнд танилцуулсан аж. Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг хэлэлцээд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд зарим нэг үүрэг өгөхөөр тогтжээ. Тухайлбал, ажилгүйдлын шалтгаан, цалингийн нэмэгдэл хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлөх тухай бодлого, судалгаа гаргуулахыг хүсчээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг шинээр дахин боловсруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, судалгаа, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэх гурван том асуудлыг нэг хуулиар зохицуулаахаар нэгтгэсэн нь үр ашиггүй болсон хэмээн шүүмжлэгджээ. 

Зүй нь, Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэд ажилгүйдлийн тоог оруулж, үүнтэй уялдуулан төрийн төсөв мөнгөний бодлого гардаг байх ёстой гэж үзэж энэ бодлогыг боловсруулахыг НХХЯ-нд санал болгожээ. Мөн УИХ-д өгч буй мэдээллээр ажилгүйчүүдийн тоо 3,4 хувь, 5 хувь гэж хоёр янз гардаг. Гэтэл статистикийн мэдээгээр 9.5 хувьтай гарч байгаа нь эргэлзээтэй байна. Тиймээс юуны өмнө ажилгүй хүн гэж хэн бэ гэдгийг тодруулах шаардлагатайг гэлээ.

Түүнчлэн Засгийн газарт асуулга тавьж, ажилгүй иргэдийн багагүй хувийг эзэлж буй 45-аас дээш насны хүмүүс ажил эрхлэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар болжээ. Мөн хуралдаанаар ажил эрхэлж буй хүмүүсийг орлогыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахаар намын бүлгээс тусгайлан Ажлын хэсгийг байгуулахаар болсон гэнэ.  Мөн иргэдийг ажилтай болгоход аль аль талын оролцоо байх ёстой талаар судалгааг дээрх ажлын хэсэг тодруулах юм. Уг ажлын хэсгийг Э.Бат-Үүл, З.Энхболд, Л.Гантөмөр, П.Алтангэрэл нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Гишүүд одоо 9,5 хувьтай ажилгүйдлийн хэмжээг жилийн дараа хэдэн хувь болгож багасгах, иргэдээ ажилтай болгохын тулд хэнтэй хамтрах, төсөв мөнгөний ямар бодлого талаар бодлого боловсруулж, намрын чуулганд оруулах юм байна.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр НХХЯ-наас боловсруулсан төслийн талаар хэлэхдээ,

-Уг нь ажилгүйдлийн шалтгааныг тодорхой гаргаж ирвэл хүмүүсийг ажилтай болгох бодлого зөв боловсруулагдана. Гэтэл энэ яам өөрийгөө “Халамжийн яам” гэж ойлгочихоод байна. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн бодлогыг хослуулан явуулах учиртай байхад бүх бодлого нь халамж руугаа хазайчихсан. Хуулийн зорилтот бүлэг гэдэг нь баг хорооны Засаг дарга нарын тодорхойлсон хэсэг хүмүүс рүү хандсан төрийн дэмжлэг болчих гээд байна. Мөн үүнийгээ хэрэгжүүлэх төр захиргааны хөдөлмөрийн  байгууллага байгуулах гэх мэтчилэн өнөөдрийн ажиллаж буй орон тоог улам нэмэгдүүлэх гэж байна. Уг нь хөдөлмөр зуучлалын ажлыг ТББ-ууд ч хэрэгжүүлэх боломжтой. Яагаад энэ ажлыг төрийн бус байгууллагаар хийлгэж болдоггүй юм бэ. Хүмүүст мөнгө тараахдаа ядахдаа ажилтай, эсэхийг нь бүртгээд авчих боломжтой шүү дээ. Ядаж л хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж буй мөнгөө хэд байгааг мэдэж байх хэрэгтэй” гэв.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яагаад үзэл баримтлалын түвшинд өөрчлөхөөр болж байгаа  талаар тайлбарлахдаа “Хуулийн концессын алдаа гэдэг нь энэ хуульд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг хэрхэн дэмжиж буй зүйл алга байгаад байна. Ажил хийхийг дэмжих хуулиар ажил хийж буй хүмүүсийг хэрхэн дэмжих тухай нь бодлого тодорхой байх хэрэгтэй. Үүний оронд ажил эрхлээгүй ангид халамж өгөх бодлого баримталж байна. Бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөрийн онлайн биржийг энэ ондоо багтааж ажилд оруулахыг Засгийн газраас хүссэн. Энэ ажлыг заавал төрийн байгууллага, төрийн зохион байгуулалтаар биш хувийн хэвшил, төрийн бус байгууллага хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Хэрэв ингэвэл төсвөөс гаргаж буй хөрөнгө, ажлын байр хэрэггүй болно” гэв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж