ТӨХ-ны даргыг огцруулахаар шамдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

ТӨХ-ны даргыг огцруулахаар шамдаж байна

Гүйцэтгэх засаглал, тэр дундаа Ерөнхий сайдын мэдэх асуудал болох ТӨХ-ны даргын суудал руу улс төрийн сонирхол өндөлзөж буй бололтой. Энэ хүрээнд хамгийн сүүлд гарсан мэдээлэл гэвэл ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэнг Д.Сугарын оронд томилуулах сонирхол өрнөж эхэлсэн гэдэг яриа юм.

ТӨХ-ны дарга Д.Сугарыг солих шаардлага, эсвэл сонирхол, магадгүй шахалт Ерөнхий сайд С.Батболдод байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин түүний оронд Х.Хэрлэнг тавих сонирхлыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүчтэй илэрхийлж байгаа гэх мэдээлэл бий.

 Д.Сугарыг огцруулах сонирхлоор өдөөгдсөн үйл ажиллагаа өрнөөд буй нь өөрт нь ч ойлгомжтой байгаа бололтой. Өөрийнхөө оронд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн дарга байсан Т.Ганболдыг зүтгүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн юм байна. Гэхдээ энэ нь түүний санаснаар болно гэхэд хэцүү. Учир нь төрийн эрхийг барьж буй намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал зөвхөн намын үзэл суртлын нүүр царай биш гэдгийг У.Хүрэлсүхийн далдханаас удирдсан томилгоонууд харуулж байгаа аж.

МАХН-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдыг хөлгүй болгох, явгалах гэсэн мэт бодлогыг нь хэрэгжүүлэх төвшний албан тушаалууд дээр түүний сонирхлоос үл хамаарсан томилгоонуудыг У.Хүрэлсүх зүтгүүлж чадсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьж буй юм. Одоо ээлжит томилгоог Д.Сугарыг огцруулах байдлаар хийх гэж байгаа гэнэ. /С.Батболдод Ё.Отгонбаярыг оролцуулаад гарын хуруунд дараад тоолох цөөхөн хэдэн хүн л нөлөө бүхий суудлууд дээр үлдсэн гэдэг яриа бас байна/

Д.Сугарыг огцруулахын тулд ямар үндэслэл гаргах нь гэхдээ тодорхойгүй байна. “Намайг хэн ч халж чадахгүй” гэсэн байр сууриа хэвлэлээр илэрхийлсэн Д.Сугар юунд найдаж байгаа хэрэг юм бол?

УИХ-ын гишүүнээр ажиллаж байснаар нь түүнийг улстөрч гэж хэлэхэд бас хангалтгүй. Харин Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан түүнийг туршлагатай төрийн албан хаагч, хуульч гэж хэлэхэд бүрэн боломжтой. ТӨХ-ны даргын ажлыг авснаас хойш ажил, шийдвэр бүрээ, алхам гишгэдэл болгоноо хуулийн хүрээнд хийсэн гэдэгтэй найдаж байх магадлал илүү өндөр юм. Гэхдээ ТӨХ-ны даргын ажлыг авснаас хойш дандаа нэр цэвэр байсан уу гэвэл бас тиймгүй. Дорнодын Мардайн ордоос ОХУ руу уран зөөвөрлөж байсан 131 км урттай төмөр замыг “Бүрхээст хайрхан” компанид худалдсан, ингэхдээ ямар нэг тендер явуулаагүй гэж буруутгагдаж байсан. Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших найман тэрбум ам.доллараар үнэлэгдэх Асгатын мөнгөний ордыг ОХУ-ын "Полиметалл"-д өгөх гэрээнд гарын үсэг зурах эрхийг "Монголросцветмет" нэгдлийн захирал О.Эрдэнэд олгож байсан. Улмаар гэрээ байгуулагдаж, үүнийг нь Ерөнхий сайд байсан М.Энхболд буцаан цуцалсан зэрэг нь тухайн үедээ олон нийтэд ил мэдээлэгдсэн зүйлүүд. “Полиметалл”-тай гэрээ хийх даалгаврыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчилж байх үеэрээ өгч, үүнийг нь хуулийн хүрээнд ТӨХ-ны дарга толгой мэдэн шийдэх эрхгүй гэдгээр өөрийгөө аваад гарч байсан ч гэдэг. Тэгэхээр хуулийг яг таг баримталсан цагт улс төрийн сонирхлоор өөрийг нь тийм ч амархан хөдөлгөхгүй гэдэгтээ итгэсээр ирсэн байж болох юм. Юутай ч албан тушаалаа ашиглан мөнгөний үнэртэй хууль бус ажилд оролцсон гэж сэрдэх үндэс багатай юм. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхдөө жилийн орлогоо 6 сая гэж бөглөж байж. Энэ нь хэвлэлээр гарахдаа 600 сая төгрөг болж ташаарсны мөрөөр тэр үеийн АТГ-ын дарга руу өөрөө ярьж, хэвлэлийн алдаа юу гэж асуусан тухай Д.Дангаасүрэн агсан нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Саяхны үйл явдал гэвэл Монголын хөрөнгийн биржийн удирдлагын багийн тендертэй холбогдоно. Уг тендерийн ялагч дээр Ерөнхий сайдаас өөр байр суурь баримталсан гэж зарим эх сурвалж өгүүлж байгаа. Энэ нь төдий л том зөрчил биш болов уу. Бас Сү.Батболдтой таатай харилцаатай явж ирсэн гэдэг.

Гэхдээ халж сольё гэвэл шалтаг хаанаас ч олдоно. Ажилдаа хамаг эрч хүчээ шавхах, тэгээд шатаж дуусах, арга барил хоцрогдох гээд албан тушаалтныг шинэ хүнээр солих шаардлага гэж бас бий. Үүнийг төрийн албан хаагчийн халдашгүй эрхээр хаацайлах ч учир дутагдалтай. Үүнийг Д.Сугар ч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бололтой.

ТӨХ энэ улиралд багтаан Хөгжлийн банкийг байгуулах ажлыг эхлүүлэх ёстой.  Банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг үүргийг ТӨХ-ны даргад Ерөнхий сайд эртнээс даалгавар болгосон. Хөгжлийн банк нь стартегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой. Тус банкны хийсэн хөрөнгө оруулалтын 100 тэрбум төгрөг тутамд эдийн засгийн өсөлт нэг хувиар нэмэгдэх тооцоо бий.

Нөхцөл байдал чухал болохын хэрээр ТӨХ-ны даргын суудал улс төрийн сонирхолд өртөж байж болох юм. У.Хүрэлсүхийн удирдаад байгаа сценариар үйл явдал өрнөх нь үү, эсвэл… гэдэг л байна. Ерөнхий сайд ямар бодолтой байгаа юм бол доо?

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж