Бизнес эрхлэгчдийг дэмжье гэвэл хөрөнгө төсөвлө

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдийг дэмжье гэвэл хөрөнгө төсөвлө

Засгийн газраас зарласан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн эхний гурван улирал хэдийнэ өнгөрлөө. Энэ хугацаанд бизнес эрхлэх орчин шинэчлэгдэж чадсан уу гэдэг асуултыг бид Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хувийн хэвшил, инновацийн бодлогын хэлтсийн дарга Б.Арвинбаярт тавьсан юм.

-Бизнесийн орчны  шинэтгэлийн жилд нийтдээ 131 арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний ихэнх нь хууль эрхзүйн орчныг шинэчлэхтэй холбоотой багц асуудлууд байгаа. Шинэтгэлийг зөвхөн төрийн албаныхан хийнэ гэсэн үг биш. Бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагууд гэхчилэн тал бүрийн оролцоотойгоор ажил явж байна. Яам агентлагуудын саналыг ч авсан. Бизнесийн орчныг шинэчилнэ гэдэг ганц хууль, ганц харилцааны асуудал биш болохоор хүлээгдэх зүйл олон байна. Одоогийн байдлаар эхний гурван улирлын тайланг ЗГХЭГ-т  өргөн барьчихаад байна.

-Төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг хэрэгжүүлээд байгаа вэ?

-Хийж хэрэгжүүлсэн ажлын хувь хэмжээг тоогоор илэрхийлэхэд төвөгтэй. Холбогдох яам, агентла­гуудын хувьд энэ жил хийсэн ажил болоод хийхээр төлөвлөсөн ажлаа ЗГХЭГ-т хүргүүлсэн. Харин орон нут­гийнхан тайлангаа ирүүлэхгүй удааш­руулж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Ховд зэрэг цөөн хэдэн аймгаас ажлын тайлангаа ирүүлсэн. Бусад нь өгөөгүй. Энэ улиралд бүх газраас ирүүлсэн тайлан болоод саналыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд оруулна. Гэхдээ зарим нэг ажил яамдын төвшинд хүлээгдэж байгаа тал бий.

-Яагаад?

-Сангийн яам болон ХХААХҮЯ-ны сайдын хамтарсан тушаалтай “Зээлийн батлан даалтын тухай хууль”-ийн төсөл хүлээгдэж байх жишээтэй. Ажлын хэсгүүд саналаа боловсруулаад ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн ч Сангийн яам дээр хүлээгдэж байгаа.

-Бизнесийн орчны шинэтгэл гэхээр хамгийн түрүүн бизнес эрхлэхэд саад болдог зүйлс арилж, хууль эрх зүйн орчин нь сайжирна гэж ойлгоод байгаа. Энэ жилийн нээлтийн үеэр барилга барихын тулд 114 зөвшөөрөл авдаг, үүнийг 50 хувь бууруулна гэж байсан. Тэдгээр тусгай зөвшөөрөл, лицензийн тоог амласан хэмжээнд бууруулж чадсан уу?

-Бизнес эрхлэх хууль эрхзүйн орчныг бид тал бүрээс нь судалж үзэж байна.

 Хууль зүй дотоод хэргийн яам­наас өгсөн мэдээллээр бол бизнес эрхлэхтэй холбоотой 81 хууль байдаг юм байна. Эдгээр хууль эрхзүйн баримтуудад давхцал маш их байна. Мөн цоорхой ч байна. Үүнээс үүдэн хүндрэл үүсэх нь бий. Тиймээс тус яам Германы хамтын ажиллагааны төсөлтэй хамтран эмхэлж, нэгтгэх саналыг боловсруулж байгаа. Түүнч­лэн манайд бий болж амжаагүй биз­несийн шинэтгэлийн хууль олон байна.Тухайлбал, зээлийн батлан даалтын тухай хууль, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, даатгалын сис­темийг бий болгох  гэхчилэн шинээр боловсруулах эрхзүйн баримт цөөнгүй. Аливаа бизнес эрхлэхэд хүндрэл саад учруулдаг тусгай зөв­шөөрөл лицензийн тоог 50 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ дагуу Шадар сайдаар ахлуулж, яамдын төрийн нарийн бичгийн дар­га нар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг эхний ээлжинд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл лицензийн үндэслэл тайлбарыг авч байгаа. Тайлбар, үн­дэс­лэлийг харгалзаад шаардлагагүй тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл ар­га хэмжээг авна. Яг энэ асуудлаар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран судалгааны баг ажиллуулж дүн шинжилгээ хийж байна. Таны онцлоод байгаа барилгын салбарын 100 гаруй тусгай зөвшөөрлийг л гэхэд маш олон байгууллагаас олгодог. Мэргэжлийн хяналтын газраас л гэ­хэд долоон зөвшөөрөл олгодог байс­наа дөрөв болгож бууруулсан. ЗТБХБЯ-ны харъяа алба агентлагууд мөн 7-4 болгон бууруулсан байна. Үлд­сэн дөрвөн зөвшөөрлийн хувьд зайлшгүй шаардлагатай лицензүүд гэсэн тайлбарыг өгч байгаа. Жишээ нь, кран ажиллуулах зөвшөөрлийг цуц­лах ямар ч боломжгүй юм байна. Сүүлийн үед кран унаснаас болж хэд хэдэн удаагийн эрсдэл гарсан байдаг. Энэ мэтчилэн аюулгүй байдалтай холбоотой болон олон түмний нийт­лэг эрх ашгийг хамгаалсан тусгай зөв­шөөрлийг  бол байлгахаас аргагүй.

-Тэгэхээр лиценз, зөвшөөрлийн тоог бууруулах ажлыг энэ жилдээ хийж амжих уу?

-Амжуулахыг л зорьж байна. Ажиг­лаад байхад яам, агентлагаас олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоо харьцангуй цөөрсөн. Яам агент­лагуудын үйлчилгээ ч нэг цэгт шил­жээд удаж байна. Гэтэл хамгийн олон тусгай зөвшөөрөл лиценз орон нутагт байна. Нийслэл дүүрэг, аймаг сум­дад маш олон тусгай зөвшөөрөл байдаг. Тусгай зөвшөөрөл лицензийг цуцлахын өмнө олон нийтэд зарлан санал авахаар төлөвлөж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид, олон нийт энэхүү санал асуулгад идэвхтэй оролцож өөрсдөд тулгардаг бодит бэрх­шээлээ арилгахын төлөө сэтгэл гаргах хэрэгтэй. Хувийн хэвш­лийнхний зүгээс шүүмжлэл их гардаг ч тодорхой санал байдаггүй.

-Тусгай зөвшөөрөл олгож буй үйл явц нь тодорхой бус байгаад хү­мүүс бухимддаг. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Тусгай зөвшөөрлийг хэдий хуга­цаанд, ямар шаардлагын дагуу ол­гох нь олон нийтэд ойлгомжтой бус байх нь бий. Тиймээс тусгай зөвшөөрөл, лиценз олгох шат дамж­лагыг бууруулах асуудал дав­хар хөндөгдөж байгаа. Цаашдаа биз­несийн байгууллагын төлөөллийг оролцуулсан тусгай зөвшөөрлийг ол­годог, хянадаг бүтцийг бий болгох са­налтай байгаа. Ганц удаа лицензийн тоог бууруулах бол юу ч биш. Тэгтэл ахиад л нэмэгдээд байдаг учир тусгай зөвшөөрөл лицензийг бий болгохдоо  бизнесийнхний саналыг сонсох учиртай.

-Бизнес эрхлэгчдэд тулгардаг бас нэг хүндрэл нь хөрөн­гө мөнгөний хомсдол. Тэдэнд санхүүгийн  дэмжлэг үзүүлэх та­лаар хийх зүйл их биш үү?

-Бизнесийн орчны шинэтгэлийн жилд тусгайлан хөрөнгө мөнгө тө­сөв­лөөгүй гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хэм­жээг 30 тэрбумаас 100 тэрбумд хүргэе гэсэн санал оруулсан боловч батлагдаагүй. Харин ирэх онд 16 тэрбум төгрөг суулгачихсан байгаа. Мөн 2009,2010 оны зээлийн эргэн төлөлтөөс мөн 16 тэрбум төгрөг төв­лөрнө. Түүнчлэн Японы Засгийн газраас олгож буй хоёр үе шаттай зээ­лийн талаар ярилцаж байна. Цаашдаа бизнес эрхлэгчдийг дэмжье гэвэл УИХ, Засгийн газраас хөрөнгө мөнгө төсөвлөх л учиртай. Алсаа харъя гэвэл ажлын байр нэмэгдүүлж, эх орондоо нэмүү өртөг бүтэж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай. Бид­ний хувьд батласан төсөвт л баригдаж ажиллана шүү дээ.

-Төр хувийн хэвшлийн хамтын ажил­лагааг бэхжүүлэхэд зориулж юу хийж байна вэ?

-“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэрхжүүлэх стратеги”-ийг манай ҮХШХ боловсруулж байгаа. Уг стратегийн талаар холбогдох яамдын саналыг аваад, 4-5 удаа бизнесийн байгууллагынхнаар хэлэлцүүлсэн. Биз­нес эрхлэхтэй холбоотой гарч бай­гаа аливаа шийдвэрийг гаргахдаа биз­несийн төлөөллийн байгууллагын саналыг авдаг болох,  санал зөв­лөм­жийг гарч буй шийдвэртээ тус­гадаг болгохоор зорьж байна. Энэ бол огт байгаагүй зүйл бол биш. Гэх­дээ төрийн үйл ажиллагаа ил тод ойлгомжтой байх, бизнесийн үйл ажил­лагаанд төр тэр бүр оролцоод бай­хааргүйгээр зохицуулалт хийх нь зөв юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж