Иргэний зориг намын дарга С.Оюунтай ярилцлаа. Өдгөөгөөс 10 жилийн өмнө байгуулагдаж байсан ИЗН өнгөрсөн хугацаанд улс төрийн тавцанд идэвхтэй ажиллаж, УИХ-д ямагт төлөөлөлтэй явж ирсэн юм. Сонгуулиас сонгуулийн хооронд гуравдагч хүчинд итгэл үзүүлэх сонгогчдын тоо нэмэгдсээр ирсэн бол энэ орон зайд хамгийн гол төлөөлөл нь Иргэний зориг нам болж чаджээ. Саяхан ИЗН 10 жилийн ойгоо тэмдэглэн хуралдаж, мөрийн хөтөлбөр, зорилт, зорилгоо шинээр тодорхойлон томьёолохоор ярилцлаа.
-Иргэний зориг нам байгуулагдаад 10 жил болж байна. Энэ бол багагүй хугацаа. Та бүхэн энэ хугацаанд Монголын нийгэм, улс төрд юу бүтээж бий болгов?
-Иргэний зориг нам 2000 оны гуравдугаар сарын 9-нд анх зохион байгуулах хурлаа хийж Дээд шүүхэд бүртгүүлж байснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Тухайн үед дэвшүүлэн тавьж байсан зорилт, мөрийн хөтөлбөрөөс биелсэн зүйлүүд цөөнгүй бий. Эдгээрийн заримыг нь бид бусад улс төрийн нам, хүчинтэй хамтран хэрэгжүүлж, заримыг нь өөрсдийн хичээл зүтгэлээр бий болгосон.
ИЗН анх байгуулагдаж байсан 2000 онд сайн засаглалын талаар хэн ч ярьдаггүй байлаа. Төрийн өндөр тушаалын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн оролцоог хангах нь сайн засаглалын гол ойлголтууд. Мөн төр нь авлигаас ангид байх, татварын бодлогоор бизнес эрхлэгчдээ дэмжиж байж эдийн засгаа өсгөх, улс төрд эмэгтэйчүүдийн квот тогтоох, газар хувьчлалыг явуулахын өмнө бэлтгэл хангах гээд тухайн үедээ аль ч нам хүчний дэвшүүлээгүй амин чухал асуудлуудыг тэр үед ИЗН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэн тавьсан юм. Эргээд харъя л даа. Хэн ч хуулийн хэмжээнд ярьж байгаагүй Авлигатай тэмцэх тухай хуулийг 2000 онд анх баталж, ямар ч байсан авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулж чадсан. Хэдийгээр бид гуравдагч хүчний төлөөлөл байсан ч гэлээ би УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан нь зохих хэмжээгээр үүнд нөлөөлсөн болов уу. Тэр үед бид өөрсдөө хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтэд зарлаж бусдыг уриалж байсан бол одоо төрийн өндөр тушаалын албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлдэг боллоо. Энэ бүхэнд бидний оролцоо их байсан. Өнөөдөр бол яахав улстөрчид, иргэний нийгмийнхэн гээд бүгд авлига, шударга ёсны тухай ярих болсон. Тухайн үед харин бид цөөнх дуу хоолой байлаа. Татвар, эдийн засгийн орчны хувьд 2004-2005 онд АН, МАХН-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажиллаж, 2007 онд хууль баталснаар татварын реформ хийсэн. Ямар ч байсан бизнес эрхлэгчдийн нуруун дээрх татварын ачааллыг бууруулсан. Энэ бол манай нам анх байгуулагдсан цагаасаа л нэлээн хүчтэй ярьж, дэвшүүлэн тавьж байсан зорилт байсан төдийгүй энэ нь бусад нам хүчинтэй хамтран хэрэгжүүлсэн зүйлүүдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендерийн хувьд гэвэл бид бусад намуудаас хамгийн түрүүнд анх удаа намынхаа дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг суулгаж чадсан. Аливаа шатны сонгууль, намын болоод төрийн байгууллагын бүтцэд эмэгтэйчүүд 30-аас доошгүй хувийг эзлэх ёстой гэсэн заалт хэдийгээр хуульд нэг ороод, нэг унаад яваа ч УИХ-аас батлагдсан Мянганы хөгжлийн зорилтод үүнийг тусгаж чадсан. Энэ нь амьдралд мөн л хэрэгжихгүй байгаа ч гэсэн…
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар та нэлээн хүчтэй дуугарч, идэвхтэй ажиллаж ирсэн гишүүдийн нэг. Одоо ч бас сонгуулийн хуулийг өөрчлөхөөр УИХ-аас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Монголын улс төрийн орчинд бугласан олон шударга бус зүйл сонгуулийн тогтолцоо, хуультай холбоотой гэдэгтэй та санал нэгдэх байх?
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг би бас 200-2006 онд хамтран даргалж байсан. Тэгэхэд эмэгтэйчүүдийн квотыг хуульд тусгах, сонгуулийн болон улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, хязгаарлах зэрэг асуудлыг бид анхлан ярьж байсан. Хуульд тодорхой хэмжээгээр туссан ч гэлээ хэрэгжиж бас чадахгүй л байна. Яагаад сонгууль, намуудын санхүүжилтыг яриад байна гэхээр мөнгөний хүчин зүйл сонгуульд ялах номер нэг хүчин зүйл болчихоод байна. Сонгууль шударга болох уу, үгүй юү гэдэг нь мөнгөтэй байх уу үгүй юү гэдгээс хамаарч байна. Юу гэхээр сонгуулиар иргэдэд бэлэн мөнгө тараадаг, мөнгө амладаг, ер нь асар их мөнгө зарцуулж байж сонгуульд ялдаг болсон. Хэвлэл мэдээллийг 24 цагийн турш худалдаж аваад тархи угаадаг. Мөнгөтэй бол ялдаг, мөнгөгүй бол ялдаггүй ийм сонгууль байх юм бол ардчилал гэж ярих боломжгүй. Тэгэхээр сонгууль, улс төрийн намуудын санхүүжилтийг анхнаасаа ч ярьж байсан, цаашид ч хүчтэй ярих хэрэгтэй. Сонгууль цаашид шударга, ардчилсан болох уу, үгүй юу гэдэг мөнгөтэй холбоотой.
-Монголын улс төрийн тавцанд гуравдагч хүчний орон зайд гол төлөөлөл нь Иргэний зориг нам. Мөн 10 жил парламентад төлөөлөлтэй явж ирлээ. Энэ хугацаанд сөрөг хүчин ч байсан, мөн эрх баригчидтай нийлж ч үзсэн. Аль нь илүү үр дүнтэй байсан гэх бэ?
-Хамгийн амаргүй зүйл Монголын хувьд ажилгүйдэл, ядуурал. Сүүлийн хорин жилийн турш албан ёсны тоо баримтаар хүн амын 36 хувь нь ядуу явж ирлээ. Ядуурлын судалгааг анх 1995 онд хийж байхад ч энэ тоо ийм л байсан. Дараа нь 2000, 2003 он, хамгийн сүүлд 2008 онд хийсэн судалгаагаар ч мөн л хүн амын гуравны нэг ядуу гэсэн үзүүлэлт гарсан. Хүн амын орлого нэмэгддэггүй, амьдрал сайжирдаггүй нь Монголын өмнө тулгамдаж байгаа хамгийн том зовлон юм. ИЗН гурван А-г арилгах, гурван Б-г бий болгох томьёлолтой хөтөлбөр гарган ажиллаж эхэлсэн тэр үеэс хойш огт үр дүнд хүрэхгүй байгаа нэг асуудал нь мөн л энэхүү ажилгүйдэл. Мэдээж бид энэ арван жилд төрийн эрх барьж үзээгүй, гуравдагч хүчний нам шүү дээ. Засгийн газарт бага хугацаанд, нийтдээ жил хагас төлөөлөлтэй ажиллаж үзсэн, бусад хугацаанд үргэлж сөрөг хүчин байж ирсэн. Гэхдээ дуу хоолойгоо хүргэх, төрийн бодлогод тусгахыг хичээж байсан. Эрх баригчдыг шүүмжлэхээс илүү юу хийх, хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг л хэлэхийг хичээж байсан. ИЗН Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, Гадаад хэргийн яамыг удирдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд атрын аяныг өрнүүлэх, өөрсдийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангая, төрийн зүгээс ч энэ салбарт татаас өгөх ёстой гэдэг асуудлыг ИЗН анх дуугарсан юм. Тэгэхэд татаас өгнө гэж байж болохгүй зүйл, зах зээлийн хуулиар нь л зохицуулах ёстой гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан ч өнөөдөр татаас нь бодит асуудал боллоо шүү дээ. Энэ бол С.Баярын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн зүйл. Үүнээс хойшхи хоёр, гурван жилд газар тариалангийн салбар хөл дээрээ босч ирлээ.
Түүнээс гадна зээлийн баталгааны сан гэдэг асуудлыг ИЗН 2002, 2003 оноос хөндөж тавьсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд тэд зээл авах ёстой. Харин зээлийн баталгааг нь тодорхой хэмжээнд төрөөс гаргаж байя гээд ярихад биднийг дооглож байсан. “Энэ чинь бизнес юм чинь банк нь зээлээ өгч байна, баталгаагаа өөрсдөө гаргах ёстой” гэж шүүмжилж байлаа. Гэтэл жижиг, дунд үйлдвэрийг зайлшгүй ямар нэг байдлаар зээлийн баталгааны сангаар дамжуулан хамгаалах хэрэгтэй байдаг юм байна. Үүнийг олон орны туршлага харуулсан. Манайд зээлийн баталгааны сан сүүлийн хоёр, гурван жилд тодорхой байдлаар хэрэгжээд явж байна. Бид хэдийгээр засгийн эрх бариагүй, гуравдагч хүчин ч гэсэн тодорхой дэвшилттэй саналуудыг гаргахыг анхнаасаа л хичээж ирсэн. Зарим нь бидний оролцоотой, зарим нь нөгөө хоёр намтай хамтарсны үр дүнд, мөн зарим нь бидэнтэй бидэнгүй хэрэгжээд явж байна. Гэхдээ улс төрийн намын хамгийн гол ажил нь улс орноо хөгжүүлэх зөв, оновчтой шийдлүүдийг гаргаж ирэх явдал. Мөн түүнийгээ олон нийтэд таниулах, сөрөг хүчний хувьд буруу бодлого хэрэгжиж байвал шүүмжлэх, хянах явдал шүү дээ.
-Иргэний зориг нам өнгөрсөн арван жилийн ажлаа дүгнэн цэгнэснээс гадна цаашдын мөрийн хөтөлбөрөө шинэчлэхээр болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-ИЗН-ын энэ арван жил дэвшүүлсэн зорилтуудаас биелсэн нь ч байна, биелээгүй нь ч байна. Тэгэхээр цаашдаа дахин мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтуудаа шинэчлэн тодорхойльё гэдэг зорилгыг тавьж байгаа. Өнгөрсөн бямба гаригт бид намынхаа 10 жилийн ойн баярын хурлыг хийлээ. Орон нутгаас ч олон гишүүд ирлээ. Гэхдээ баярын гэхээс илүү улс орноо хөгжүүлэх дараагийн шийдлүүд юу байна вэ гэдгийг ярилцсан ажил хэрэгч уур амьсгалд болж өндөрлөсөн.
Бидний бодлоор эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь шинэчлэх хэрэгтэй байна. Манай эрүүл мэндийн салбар, эмнэлгүүд маш хэцүү байдалд байна шүү дээ, төсөв санхүүгийн хувьд ч тэр. Үүнийг өөрчлөхийн тулд эхлээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх ёстой юм. Энэ бол номер нэг асуудал. Хоёрт, уул уурхайн ордуудыг яаралтай эргэлтэд оруулах ёстой ч тэдгээрээс орж ирсэн орлогыг, хүн болгон тарааж цацаад үрэн таран хийгээд байж болохгүй. Үүнийг бүтээлч, улс орноо хөгжүүлэх, баялаг бий болгох зүйлд хөрөнгө оруулахгүйгээр хүн бүрт жар, далан мянгаар тараагаад байвал маш буруу бодлого. Тэгэхээр улс төрийн хариуцлагагүй амлалт, мөнгөний сонгуулийг хазаарлах хэрэгтэй ч гэдэг юм уу шинэ бодлогуудыг бид тодорхойлно. Шинэ мөрийн хөтөлбөр, бодлого маань энэ зундаа бий болно. Энэ ялдамд өнгөрсөн арван жилийн хугацаанд ИЗН-ын сэтгэх тархи, цохилох зүрх болж ирсэн нийт гишүүд, дэмжигчдэдээ баярлаж явдгаа илэрхийлж, цаашдын үйлс зорилго, аж амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.
-Ардчиллын хорин жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэнэ. Ардчилсан хувьсгалд гар, бие оролцсон олон лидер өнгөрсөн 20 жилийн амжилт, алдаа оноог дүгнэн үгээ хэлж байгаа. Тэр дундаас таны санаа бодол, дуу хоолойг сонсох гэсэн хүн маш олон байгаа. Та ардчиллын ололт, амжилтад хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Мэдээж олон ололт амжилтад хүрсэн. Энэ бол маргашгүй зүйл. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөг нээж өгсөн. Хэвлэн нийтлэх, гадаадад зорчих эрх гээд хүн болгоны мэддэг амжилтууд байгаа. Түүгээр бахархах ёстой. Харин хамгийн том шийдэж чадаагүй асуудал бол ажилгүйдэл ядуурал. Эдийн засгийн хувьд хүмүүсийн амьдрал хорин жилийн өмнөхтэй харьцуулбал дийлэнх олонхийнх нь төдийлөн сайжраагүй. Цөөн хэдэн хувийнх нь амьдрал сайхан болсон, маш баян болсон. Нөгөө хэсэг нь хорин жилийн өмнөхөөс бүр ч илүү ядуу болсон. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөг нь бүрдүүлэх, хүмүүсийн амьжиргааны төвшнийг сайжруулах нь номер нэг асуудал хэвээр байгаа шүү дээ.
Хямралтай байсан 2009 оныг эс тооцвол сүүлийн дөрөв, таван жилд эдийн засаг тогтвортой өсч байгаа хэр нь ядуучуудын тоо буурахгүй байгаа. Нийгмийн халамжид зарцуулж буй мөнгө ДНБ-тэй харьцуулахад хэдхэн жилийн өмнө долоон хувь байснаа 11 хувь болж нэмэгдээд хүмүүст тарааж байгаа мөнгө нь өссөн байна. Тэгсэн хэрнээ бас л ядуурал буурахгүй байна. Нийгмийн халамж гээд тарааж байгаа мөнгө ч амьдралд хүрэхгүй, хүмүүсийнх нь авч буй цалин ч амьдралд нь хүрэлцэхгүй байгааг наад зах нь эмч, багш нарын жишээ харуулж байна шүү дээ. Тэгэхээр одоо аль л болохоор хурдхан ажлын байруудыг бий болгож, амьдралд нь хүрэлцэхүйц орлогыг бий болгох хэрэгтэй байна. Зүгээр нэг ажлын байр биш амьдралд нь хүрэлцдэг цалинтай ажлын байр. Хүмүүст сая таван зуун мянган төгрөг өгнө гэж амлах биш. Ордуудаас орж ирсэн орлогоос дөрөв таван жил цувуулж өгсөөр байгаад хэзээ нэгэн цагт сая таван зуун мянгыг өгөх биш сар бүр тийм хэмжээний цалин авдаг ажлын байр бий болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд нэгдүгээрт хувийн хэвшлийг дэмжих ёстой. Энэ жил хувийн хэвшлийг дэмжих жил гэж Засгийн газраас зарлалаа. Үүнийгээ оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүнд суртлыг багасгах, татварын ачаалал буурсан ч амьдрал дээр төвөг учруулсаар байгаа татваруудыг эргэж харах. Уул уурхайн томоохон төслүүдээ эргэлтэд оруулах хэрэгтэй. Оюутолгойг шийдлээ гээд баярлаад байгаа ч Тавантолгой, Шивээ-Овоо, ураны гээд ордууд шийдэл хүлээж байна. Хоёр, гурван жилийн өмнө Их хурал дээр стратегийн ач холбогдолтой гээд 15 ордыг баталсан. Эдгээрээс Оюутолгойг л шийдээд байна. Асуудлаа хурдхан шийдээд шийдээд цааш явах хэрэгтэй байна. Намрын чуулганаар л гэхэд хэд хэдэн гол реформын шинжтэй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байснаа хэлэлцэж амжилгүй завсарлачихлаа. Улстөрчид ажлаа шуурхай, гэхдээ оновчтой, цаг алдалгүй хийхгүй бол тэр хэрээр л улс орны хөгжил, иргэдийн ажлын байр, орлого хойшлогдлоо гэсэн үг. Жишээ нь, Тавантолгойн ордын асуудлыг өнгөрсөн намрын чуулганд оруулж ирэх байсан бас л хойшилсон. Оюутолгойн гэрээ шиг дахиад тав, зургаан жил ярьж болохгүй. Цаана нь олон хүний орлого хүлээгдэж байгаа шүү гэдгийг ямагт санаж байх ёстой. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, даатгалын шинэчлэлийг ярьж байсан, бас л асуудал нь орж ирсэнгүй. Нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлогыг Засгийн газар танилцуулна гэж байсан бас л амжаагүй. Төсвийн шинэчлэлийг хийнэ гэж байсан, хуулийг нь өргөн барьсан ч УИХ хэлэлцэж амжсангүй хойшлууллаа. Энэ мэтээр гол гол реформын шинжтэй асуудлуудаа хойшлуулаад байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ