Бид шашнаараа нэгдэж чаддаг

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Бид шашнаараа нэгдэж чаддаг

Буриад
улсын Ардын их хурлын гишүүн, тус улсын буддын шашины дэд хамба
Содномдоржиев Даши-Нима Владимировичийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Халимагийн Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов анх Монголд ирэхдээ “Би
гэртээ ирлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Энэ бол яах аргагүй
угсаа нэгтэй монголчууд гэдэг утгаараа хэлсэн үг. Тэгвэл танд Монголд
ирэх бүрт тань тийм сэтгэгдэл төрдөг үү?

-Би анх Монголд цэргийн даргын сургуульд сурахаар 20 настайдаа ирж
байлаа. Тэр үеэс хойш би энд ирэх бүртээ баярлаж, догдолдог. Монголд Улс
ирэх нь миний монгол хүн гэсэн бахархлыг сэргээдэг юм.

Би бас энд Шашины их сургууль төгссөн. Энд миний шашины гүн ухааныг
ойлгоход хөтөлсөн багш нар маань байдаг болохоор би Монгол руу ирэх
бүртээ баяртай байдаг. Монгол их сайхан хөгжиж байна.

-Та яг энэ сэтгэлээрээ манайхныг Буриадад очиход элгэмсэг хүлээж авдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн би ч бус манай бүх буриадууд монгол хүндээ
элгэмсэг, дотно ханддаг. Улаан-Үүдийн монголчууд яг л Улаанбаатартаа
байгаа юм шиг байдаг. Эндээс бөхчүүд манайд очиж их барилдана. Би
тэднээс “Энд та нартай ялгаварлаж харилцаагүй биз” гэж хүртэл асуудаг
юм.

-Тэд ямар хариулт өгч байна?

-Үгүй гэдэг юм. Бид монголчууддаа хайртай шүү дээ. Улаан-Үдэд монголчууд
их олноороо наймаа хийдэг. “Ардай” зах болон “Баянгол” гэж худалдааны
төвийг дандаа монголчууд ажиллуулдаг. Нийтийн хоолны үйлчилгээний төвийг
ч ерөнхийдөө монголчууд л нээсэн байдаг.

-Татвар нь яг адил байх уу?

-Тэд манай зарчмаар л татвараа төлнө. Түүнээс бус гадны хүн гэж илүү татаас авах зүйл байхгүй ээ.

-Та 1987-1992 оны хооронд манайд Шашины дээд сургуульд сурч төгссөн
хүн. Энэ утгаараа тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийн талаар ямар
сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

-Тэр үед Орост ч бас л нийгмийн эрчимтэй өөрчлөлт эхэлсэн. Би тэр
бүхнийг зөв зүйл гэж бодож байсан. Хүн бүр эрх чөлөөтэй болж, шашин
шүтэх эрхтэй болж, нийгэмд хүн хүссэн бүхнээ бүтээх боломжтой болсон. Би
тийм болохоор их сайшаалтай хандсан.

-Яагаад буддын шашины чиглэлээр суралцах болсон юм бэ?

-Нийгмийн өөрчлөлт надад эрх чөлөө олгосон. Иймд аавынхаа хүсэлтээр
ламын ном үзэж, судалж эхэлсэн. Монгол хүнд чинь эцгийнхээ үгэнд орох
хэрэгтэй гэсэн нэг ёс жаяг байдаг даа. Тэгээд л буриад зон олондоо
буддын шашины гүн ухааныг таниулж, хүмүүст буян үйлдэж явна.

-Буриадад буддын шашинаас өөр шашин хөгжиж байна уу?

-Орос гүрэн дундаас манайд буддын шашин их сайн хөгжсөн. Мөн Халимаг,
Тувад нэлээн өргөжиж байгаа. Бидний хувьд Буриадад хувьсгалын өмнө
байсан бүх дацан, дуганыг сэргээж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн.

-Төр засгаас тань та бүхнийг дэмждэг үү?

-Манай Буриадын буддын шашины хамба лам Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх
шашины зөвлөлийн гишүүн хүн. Ерөнхийлөгч Д.Медведев манайд айлчлахдаа
төв гандангаар орсон нь бидний хувьд ихээхэн талархууштай үйл явдал
болсон. Анх 1992 онд Ерөнхийлөгч агсан Б.Ельцин ирж байсан. Түүнээс хойш
20-иод жилийн дараа Ерөнхийлөгч айлчилсан нь биднийг ойлгож, хүндэлж
байгаагийн нэг илэрхийлэл болов уу. Мөн өмнө нь сүм, хийдээ манай
сүсэгтэн олон өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулдаг байсан. Харин гурван
жилийн өмнөөс төрөөс төсөв гаргаж, бодлогоор анхаардаг болоод байгаа.
Энэ нь үндэсний соёлын үнэт өвөө сэргээж, түүхийн дурсгалт зүйлээ
хамгаалахад ихээхэн чухал хувь нэмэр болсон.

-Та Монгол, Буриадын ардчиллын хөгжил, үр дүнгээс ялгаа олж хардаг
уу. Монголын хувьд тусгаар тогтносон улс гэдэг талаасаа ардчиллын үлгэр
жишээ орны тоонд ордог гэдэг утгаар нь танаас энэ тухай асууж байгаа юм
шүү. Мөн та Буриадад бодлого тодорхойлж буй хүн шүү дээ?

-Буриад бол Оросын захиргаанд байгаа улс. Энэ утгаараа бид Оросын
бодлогоор явах ёстой. Гол нь Буриадын хувьд хэл, соёлоо хамгаалах нь
чухал. Бидний ард Орос гэсэн том гүрэн байгаа гэдгийг бид сайн ойлгодог.
Энэ дунд тусгаар тогтнох, захиргаанаас нь гарах тухай бус харин буддын
шашин гэдэг үнэт зүйлээ хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй. Лам нарын хувьд
энэ бол эн тэргүүний зорилго. Бид шашинаа, хэл соёлоо, үндэстнийхээ өв
уламжлалыг л энэ дунд хамгаалах хэрэгтэй. Бид ийм шугамаар л явдаг.

-Гол нь буриадуудыг мөн чанараа хадгалж үлдэх хэрэгтэй гэж хэлж
байна уу. Оросын төрийн бодлогыг сүүлийн үед улс дотроо байгаа үндэстэн
хоорондын ялгааг багасгах, тэр дундаа оросжуулах бодлого хүчтэй илэрч
байгаа гэсэн шинжээчдийн дүгнэлт байдаг. Буриадыг гэхэд л Агийн болон
Устын гэдгээр нь Эрхүү, Чита муж руу хоёр салган уусгаж байгаа гэх юм
билээ. Энэ дунд та бүхэн өөрийн тань хэлж буй шиг өөрсдийгөө авч гарч
чадна гэдэгт итгэлтэй байна уу. Яг одоогийн байгаа түвшнээ хадгалах тал
дээр гэсэн үг л дээ?

-Хоёр жилийн өмнө манай Агийн тойргийг  Чита мужид, Устын тойргийг
Эрхүүд хамааруулсан. Гэхдээ энэ бол асуудал биш. Гол нь манай буриадууд
шашинаараа нэгддэг. Манай Буддын шашины тэргүүн хамба Аг болон Устын
буриадуудын дунд өөрийн холбоотой байдаг. Нэг ёсны бидний хэлхээ холбоо
нэг л байдаг. Тасарна уу, үгүй юу гэдэг нь чухал бус. Гол нь шашинаараа
буюу “Ум маани бадми хум” гэдэг үнэт зүйл дор бид нэгддэг. Танайд эрийн
гурван наадмаа төрийн ивээл дор зохион байгуулдаг. Тэгвэл манайд шашины
ивээл дор энэ үндэсний наадмаа зохион байгуулдаг. Энэ бас их чухал зүйл.

-Буриадыг хамгаалах гол хүчин зүйл нь буддын шашин гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Та зөвхөн буддын шашины төлөөлөгч  гэдгээс илүү Бу­риадын Ардын их
хурлын гишүүний хувьд үүнээс өөр дархлаа байх ёстой гэж үздэггүй юү?

-Үгүй ээ. Зөвхөн хэл, соёлоо хамгаалбал буриад үндэстэн оршин тогтнож
чадна. Түүнээс бус эдийн засаг энэ тэр гэж ярих хэрэггүй. Энэ хоёрыг
ярихад л болно. Соёл гэдэг бол тухайн үндэстний хамгийн том үнэт зүйл,
хамгаалал нь байж чадна.

-Саяхан В.Жириновский нэг ярилцлагадаа “Ардчилал эхлэхэд Оросын
үндэстэн хоорондын хил хязгаарыг устгах ёстой байсан” гэж ярьсан байсан.
Энэ нь улсын доторх хил хязгаар нь нэгдмэл Орос гэдэг тодорхойлолттой
зөрчилдөж байна гэдэг утгаар нь хэлсэн үг болов уу.Та энэ үгтэй санал
нийлэх үү?

-Том зүйл задраад жижиг болж болдог. Гэхдээ би В.Жирновскийн хэлсэн
үгтэй санал нийлэхгүй байна. Хил хязгаартай байлаа гээд салж, бутрах
зүйл байхгүй. Орос бол тэртээ тэргүй нэгдсэн улс. Орос гүрэн ийм олон
үндэстэнтэй байгаадаа чадалтай, хүчтэй байдаг. Энэ олон үндэстэн өөрийн
хил хязгаартай байлаа гээд үүнд айж, эмээгээд байх асуудал байхгүй. Бид
нэгдмэл байж чаддаг.

-Оросын Засгийн газраас бага үндэстнүүдийнхээ байгалийн баялгийг
эрчимтэй ашиглах бодлого хэрэгжүүлж эхэлсэн гэж дуулж байсан. Танайд энэ
төрлийн хөрөнгө оруулалт хэр эрчимтэй хөгжиж байгаа вэ?

-Манай байгалийн хөрсөн дор асар их баялаг бий. Тэр утгаараа сүүлийн үед
харьцангуй хурдтай хөгжиж байна. Дээр нь манайх Оросыг Монгол, Хятадтай
холбох гол түшиц хил. Ерөнхийдөө Ази руу гарах гол гарцынх нь нэг гэсэн
үг л дээ.

-Сүүлийн үед манайд буддын шашины шинэчлэлийн тухай асуудал нэлээд
их яригдах болсон. Танайд ч бас энэ талаар санал солилцох үе байдаг л
байх, тийм үү?

-Манайд буддын шашины сургаал, номыг буриад хэл рүү хөрвүүлэх ажил
эрчимжиж байгаа. Дээр нь олон нийт рүү хандсан буяны болон танин
мэдэхүйн ажил хийхэд ихээхэн анхаардаг. Лам нар дацандаа сүсэгтэн орж
ирэхийг хүлээгээд суух бус тэдэнд хүрч, үйлчлэх хэрэгтэй. Үүнд Монголын
лам, хуваргууд ч анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Ард түмнийхээ
дунд орж, цэцэрлэг, сургуулийн хүүхдэд сургаал номоо танилцуулж, мөн
чанарыг нь таниулдаг байх нь чухал. Би хувьдаа Монголын буддын шашин
чадалтай байвал Буриадын буддын шашин чадалтай байна гэж боддог. Иймд
Монголын буддын шашин сайн хөгжиж байгаад би баяртай байдаг. Гэхдээ би
танайд христийн сүм ихээр баригдаж, хөгжиж байгаад эмзэглэж байна. Би
бүхэл бүтэн 300 гаруй жил танайд хөгжиж, шүтэж ирсэн, дадсан сурсан
шашинаа хүндэтгэж явах хэрэгтэй гэж боддог.

-Таны ярианаас харахад Монгол, Буриад хоёрын хувьд буддын шашины
холбоо хэлхээгээ улам бүр хөгжүүлэх нь чухал гэж боддог юм шиг
санагдлаа?

-Тийм ээ. Бидний хувьд шашинаараа холбогдож, энэ замаар харилцаагаа
хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс бус төр засгийн болон улс төрийн холбоо
хэлхээний тухайд яриад ч хэрэггүй. Энэ бол миний гол бодол.

-Зарим буриадын Монголд нэгдмээр байна гэдэг яриа ямар ч хэрэггүй гэж ойлгож болох уу?

-Хэрэггүй ээ. Шашинаараа л нэгдэх хэрэгтэй.

-Тувад болж байгаа Ардын их хурлын сонгуулиар намууд нь “Нэгдмэл
орос бол хүчтэй орос” гэдэг лоозонгоос илүү “Төрөлх Тува” гэдэг уриаг
дэвшүүлж, энэ нь тувачуудад ихээхэн таалагдаж байгаа тухай мэдээлэл
гарсан байсан. Буриадад ийм төрлийн уриа хэр явцтай дэмжигдэх бол?

-Манай буриадад үндэсний үнэт зүйл гэж бий. Гэхдээ иймэрхүү байдлаар асуудлыг тавих улс төрийн хүчин байхгүй.

-Буриадад төрийн бодлогоос илүү шашины бодлого нь чухал бололтой. Энэ тохиолдолд төр засаг нь юу хийдэг юм бэ?

-Сурагчдад заавал буриад хэл заах ёстой гэдгийг хэрэгжүүлж байна. Энэ
мэт шийдэх ёстой, хэлэлцэх ёстой зүйлээ хэлэлцээд, хэрэгжүүлээд явдаг.

-Оросын ДУМ-д буриадуудын эрх ашгийг хамгаалах боломж хэр байдаг юм бол?

-Байлгүй яах вэ. ДУМ-д манайхаас хоёр төлөөлөгч бий. Тэдний хувьд
буриадуудын эрх ашгийг хамгаалахын тулд өөрсдийн санал бодлыг илэрхийлж,
тэнд бидэн рүү чиглэсэн бодлогыг тодорхойлуулдаг.

-Төсвийн зарцуулалт нь хаашаа чиглэдэг вэ?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн нийгмийн шинжтэй хангамжид манай төсвийн 70 хувь нь зарцуулагддаг.

-Та намын гишүүн үү?

-Үгүй ээ. Манай Буриадын Ерөнхийлөгч надад нэр дэвшээч гэдэг санал тавьснаар би нэр дэвшсэн.

-Ардын их хуралд танаас өөр лам гишүүн бий юү?

-Байхгүй ээ. Би ерөнхийдөө шашины асуудлыг нь хариуцаж, дацан хийд
байгуулах зөвшөөрөлд гарын үсэг зурах, үндэсний соёлоо хамгаалах гэх мэт
бодлого руу түлхүү санал бодлоо чиглүүлдэг.

-Танай Ардын их хурлын гишүүд цалин авдаггүй нь их  сонирхолтой санагдаж байсан?

-Ардын их хуралд байнга суудаг, хуралддаг 14 гишүүн л цалин авдаг. Бусад нь тэнд байнга суудаггүй учраас цалин олгодоггүй юм.

-Тэгэхээр хаанаас цалинждаг гэсэн үг вэ?

-Ихэнх нь бизнес эрхлэгчид болохоор өөрсдийн орлогоосоо л өөрсдийнхөө цалинг авдаг байх даа.

-Таны хувьд?

-Би бас цалин авахгүй ээ. Надад Буриадын буддын шашины дэд тэргүүн гэсэн
алба байна. Би тэндээсээ цалинждаг. Тэгээд давхар цалин аваад байх
хэрэггүй гэж үзээд л анхнаасаа тэгж тогтсон байдаг юм.

-Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч    Д.Медведев   
үн­дэст­­­нүүдийнхээ Ерөн­хий­лөг­чийг солиод эхэлсэн. Буриадад энэ
талын шинэ мэдээлэл гарч байна уу?

-Үгүй ээ. Манай Ерөнхийлөгч гурван жил ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийг ОХУ-ын Ерөнхийлөгч сонгох ёстой. Тэр дагуу л явах байх.

-Зарим үед өөрсдийн Ерөнхийлөгчийг өөрсдөө сон­годог бол гэх бодол орж ирэх үү?

-Тийм юм байхгүй ээ. Орос гүрэн бол том гүрэн. Миний бодлоор хэт их
ардчилал хэрэггүй гэж боддог. Төрийн бодлогын дор бид ажиллах ёстой. Би
бол Оросын Холбооны Улсын иргэн. Энэ утгаараа л асуудалд ханддаг.

-Оросын иргэн хаана ч Оросын иргэн гэдгээ мэдэх ёстой гэсэн үг байдагтай адил уу?

-Тийм ээ. Би Орос улсын иргэн учраас  Оросоороо бахархдаг.

-Харин Монгол угсааныхаа тухайд?

-Би орос хүн биш. Монгол хүн л гэж өөрийгөө хэлнэ. Нэг ёсны би монгол
угсааны буриад хүн гэдгээ мэддэг. Үүний адил Оросын иргэн гэдгээ ч бас
сайн мэднэ.  

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж