Ураны ирээдүй ОХУ-аас хамаарна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ураны ирээдүй ОХУ-аас хамаарна

Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал хангалттай бий. Ялангуяа, түлш, эрчим хүчний чухал түүхий эдийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох хэд хэдэн орд газартай. Төр засгаас эдгээр чухал ашигт малтмалуудынхаа ирээдүйг дэс дараатайгаар шийдэж, голлох орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах алхмуудыг хийсээр байна. Тухайлбал, нүүрсний ирээдүйг үндсэндээ тодорхойлчихсон. Мөн газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах эхний алхмуудыг ч хийсэн. Харин уран тойрсон асуудал төдийлөн жигдэрч өгөхгүй байна. Хэдийгээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж тодорхой болсон ч ураны нөөцийг үргэлжлүүлэн судлах, дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудал тийм ч хангалттай биш. Товчхондоо Монгол Улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратегийн зорилт бүрхэг байна гэхэд болно. Улстөрчид хийгээд хэвлэл, мэдээллийнхэн ураны орд газруудын лиценз эзэмшигчидтэй холбоотой маргаан, ашиг сонирхлын зөрчлийн талаар л голлон анхаарч элдэв шүүмж өрнүүлж буй. Харин зарим эрдэмтэн судлаач энэ салбарын ирээдүй, стратегийн зорилтод илүү санаа зовох болжээ. Өөрөөр хэлбэл, урантай холбоотой бүхий л асуудал стратегийн зорилтод захирагдах ёстой гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм.

Ураны судалгааны ажил сүүлийн үед л анхаарал татаад байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ 1970-1990 онд нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарсан судалгааг хийсэн байдаг. Энэ хугацаанд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхит газруудыг илрүүлсэн байна. Тодруулбал, Монголын нутаг дахь ураны орд илрэлүүдийг Монгол-Приаргуний, Говь-Тамсагийн, Хэнтий-Дагуурын, Хойт-Монголын гэсэн үндсэн дөрвөн мужид ангилан үздэг бөгөөд нийт таамаг нөөцийг 1.4 сая тонн гэж тогтоосон байдаг. Эдгээрээс хамгийн ирээдүйтэй, үйлдвэрлэлийн ач холбогдолтой орд нь 2000 км хоёр талбай бүхий Дорнодын хүдрийн зангилаа. Дорнодын хүдрийн зангилаа нь Дорнодын Гурванбулаг, Мардайн гол, Нэмэрийн хүдрийн талбайнуудаас тогтдог. Өдгөө ураны ордуудыг ашиглах талаар бөөн маргаан дэгдэх болсон. Зөв, буруу, бид чадах уу, чадахгүй юу, аюултай, аюулгүй гээд л. Гэвч үнэн хэрэгтээ ураны хүдрийг олборлох нь тийм шинэ ойлголт, аюултай зүйл биш. Оросууд хаа байсан 1987 онд дээр дурдсан орд газарт нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр жилд хоёр сая тонн шороон хүдэр олборлох хүчин чадалтай үйлдвэр байгуулан ашиглалтад оруулж байсан шүү дээ.

Ураны геологийн судалгааг хийхэд хуучнаар ЗХУ-ын геологийн байгууллага маш их хүч хөдөлмөр зарцуулсан. Тийм ч учраас хойд хөршийнхөн Монголд ураны орд газар эзэмших, үйл ажиллагаа явуулахад бусад орноос илт давуу талтай гэж үздэг. Ерөнхийдөө Монголын ураны геологийн судалгааны анхдагч болон боловсруулсан асар их хэмжээний тайлан материал тэр чигээрээ ОХУ-ын мэдэлд байгаа. Тэд эдгээр тайлан материалын ердөө 18 хувийг л 1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн шүү дээ. Ийм учраас л монголчууд өөрсдөө ураны геологийн судалгааны тайланг бүхэлд нь судалж үзэх, үйлдвэрлэлийн стратегийг бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй болсон гэхэд болно. Мөн дээр нь манай улсын ураны нөөцийн 90 гаруй хувь нь таамаг нөөцийн ангилалд багтдаг болохоор аль ордыг хамгийн эхэнд сонгож ашиглах, бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулахыг шийдэхэд хүндрэл учирдаг. Тиймээс монголчуудын хувьд ураныг хэрхэн ашиглах, хэнд эзэмшүүлэх, хэнтэй хамтрах тухай ярихаас илүү геологийн нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийхэд гол анхаарлаа хандуулах нь хамгийн тулгамдсан асуудал болж байна. Яагаад гэвэл ОХУ Монголын ураныг гартаа оруулахын тулд өнгөрсөн хугацаанд хийсэн нийт судалгааны тайлангийнхаа 82 хувийг манайд тийм хялбархан өгчихгүй. Өөрөөр хэлбэл, оросууд давуу талаа ашиглан бойкот хийж байна гэсэн үг. Үүнээс гадна өнгөрсөн онд Цөмийн энергийн газар өөрийн гэсэн хуультай болсонтой холбоотойгоор лиценз, буюу тусгай зөвшөөрөл эзэмигчдийн нэлээд бужигнуулаад авсан. Хэдийгээр энэ нь Засгийн газрын шинэ агентлаг ураны асуудлыг цэгцлэхийн тулд хийсэн ажил боловч нөгөө талаас цаг хугацаа алдахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэхэд болно. Өнгөрсөн жилийн өдийд Ашигт малтмалын газарт харьяалалтай байсан бүх тусгай зөвшөөрөл, геологи, хайгуулын тайлан, судалгааг Цөмийн энергийн газарт шилжүүлэн авах ажил ид өрнөж байв. Нийтдээ 160 гаруй талбайд тусгай зөвшөөрөл олгосон байсан. Үүнийг бүгдийг нь шилжүүлж, шинэчлэн бүртгэхэд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Ямартай ч, өнөөдөр бүртгэл, мэдээлэлтэй холбоотой асуудал ерөнхийдөө цэгцэрлээ. Харин одоо юу хийх вэ. Хайгуул судалгаа хийж дууссан ордуудынхаа нөөцийг батлаад хариуцсан компаниудад нь ашиглалтын лиценз өгөх үү. Эсвэл шууд л цөмийн реактор барих ажилдаа орох уу гээд олон асуулт хариугаа хүлээж байна. Ямар ч байсан бид урьдын адил уранаа түүхий хүдэр хэлбэрээр гаргахгүй, дотооддоо боловсруулна гэсэн шийдвэрийг төрөөс гаргаж, хуульчилж өгсөн. Тодорхой хэлбэл анхан шатны боловсруулалтаас эхлээд атомын цахилгаан станцад хэрэглэх хэмжээнд хүртэл боловсруулах зорилт тавиад байгаа. Гэхдээ бидэнд ураныг шар нунтаг болгох туршлага, боловсон хүчин байхгүй. Мөн Монголын уран руу хошуурах улс олон байгаа ч яг хөрөнгө оруулалт хийх тал дээр тийм ч зоригтой шийдвэр гаргасан улс алга. Тухайлбал, ОХУ-ын “Росатом” корпораци л гэхэд Азийн зах зээл дэх байр сууриа асар хурдтай тэлж байгаа ч Дорнодын ураныг ашиглах, Монголд атомын станц барьж өгөхөө амлалтаа бараг мартаад байна. Гэхдээ жинхэнээсээ мартсан гэсэн үг биш. Гуйлгах сонирхол тэдэнд байгаа. Эргэлзээ, тээнэгэлзээ их байгааг далимдуулж байгаа юм. Төрийн бодлого жигдрээгүй, зоримог шийдвэр гаргахгүй байхаар тэд даварч байгаа нь тэр.

Уг нь дэлхийн зах зээл дээр ураны үнэ улам өсөх хандлагатай болж байна. Килограмм ураны хүдэр 90 орчим ам.долларын үнэтэй байгаа бол боловсруулсан шар нунтаг 160-190 ам.долларт хүрч байгаа. Энэ үнэ ер нь буурахгүй. Харин өсөх боломж бий гэдгийг шинжээчид хэлж буй. Яагаад гэвэл атомын станцтай орнуудын ураны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Манай урд хөрш л гэхэд шинээр 30 гаруй цөмийн реактор байгуулах төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Ер нь сүүлийн үеийн мэдээллээр БНХАУ эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ-ыг аль хэдийнэ ардаа орхичихоод байгаа. Энэ бол ойр зайд том зах зээл бий болж байгаагийн нэг илрэл. Үүнийг бид хэт алсын зорилт мэтээр харах нь эрсдэлтэй. Аливаа зах зээлийн боломж хэнийг ч хүлээдэггүй. Хэн амжиж хөдөлсөн нь хождог. Оюутолгой, Тавантолгойн хувь заяаг сайнтай, муутай шийдсэн шигээ ураны ирээдүйг ч бас яаралтай шийдвэл яасан юм бэ. Ураны ирээдүйг өөрсдөө л удирдахгүй бол эгзгийг нь тааруулж байгаад янз бүрийн дохиур хөдөлгөх гэсэн сонирхол хаа сайгүй байна шүү. Ялангуяа, оросуудад. 

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж