МАХН-ын бүлгийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлгийн хурал өндөрлөв

Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэн Ажлын хэсгүүдэд орж ажиллах гишүүдийн нэрс, хуралдах хувиарыг гаргажээ. Намын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан хуралдаанд оролцоогүй тул намын бүлгийн дэд дарга Д.Дондог гишүүн хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганаар нийт 26 асуудал, мөн үүн дээр тухайн үед өргөн баригдах асуудлыг тухай үед нь хэлэлцэхээр болсон. Нэр заасан 26 хуулинд бүлгийн зүгээс бэлтгэл ажил хангахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулжээ. Энэ төлөвлөгөөний дагуу бүлгийн ажлын алба, бүлгийн удирдлагатай ярилцан гишүүдийн санал шүүмжлэлийг сонсоод төсөл бэлдсэн аж. Үүнийг бүлгийн хурал дээр танилцуулан гишүүдийн саналыг авч, чуулганы асуудлыг хэлэлцэх хувиарыг гаргажээ.

Гишүүдийн ажиллах хуулийн төслийн нэрс гарсан байна.  Үндсэнд нь нэг хуулийн төсөл дээр гурваас таван гишүүн ажиллахаар болов. Тухайлбал Төрөөс баримтлах мөнгөний бодлого, Эрүүгийн хууль, Үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэгт тус тус дөрвөн гишүүн, бусад дийлэнх хуулийн төсөлд гурван гишүүн орсон байна.  Нэг хуулин дээр ийнхүү цөөн гишүүдийг хуваарилсан явдал нь уг хуулин дээр цаг гарган ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой гэнэ.  Учир нь хуулийн ажлын хэсэгт олон гишүүн байгаа тохиолдолд хуралдааны ирц бүрдэхгүй байх нөхцөл болдог гэнэ. Ажлын хэсгүүдийн хуралдаан давхцах зэрэг нь хэд хэдэн ажлын хэсэгт зэрэг орсон гишүүдэд хүндрэл үүсгэдэг аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж