Уулзалтууд тасралтгүй үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Уулзалтууд тасралтгүй үргэлжлэв

ХӨРӨНГИЙГ БИРЖИЙГ ХЭН УДИРДАХ ВЭ
Монголын хөрөнгийг бир­жийг аль улс авах вэ хэмээх асуудал өн­гөрсөн долоо хоногийн эдийн засгийн хүрээнд яригдсан  хам­гийн халуухан байгаа сэд­вийн нэг байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэлийг батлах тухай болон өмч хувьчлалын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тог­тоолын төслүүдийг энэ оны эхэнд хэлэлцсэн билээ. УИХ болон Засгийн газраас бэлэн болгоод байгаа өмч хувьчлалын бараг сүүлчийн гэж хэл болохуйц тогтоолын төсөлд Монголын хөрөнгийн бир­жийн менежментийн ба­гийг өөрчлөн байгуулах асуудал багт­сан. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хариуцсан том эрх дархтай ч хийсэн гийгүүлсэн юм бараг байхгүй хэмээгддэг Монголын хөрөнгийн биржийг хаана­хын хэнд өгөх вэ гэдэг асуу­дал товлосон хугацаандаа үр дүнд хүрээгүй. Менежментийн багийн сонгон шалгаруултад гадаад дотоодын 10 гаруй ком­­пани, Хөрөнгийн бирж өрсөлдсөн ч шаардлага хангах баг олдоогүй. Харин Мон­гол Улсын Ерөнхий сайд “Ройтерс” агентлагт өг­­сөн ярилцлагадаа “Шал­га­руу­лалтад Лондонгийн Хө­рөнгийн бирж ялах магад­лал­тай” хэмээснээс үүдэн багагүй шуугиан дэгдээгээд амжсан Лондонгийн Хөрөнгийн бирж, “Ренинанс Капитал” компани бо­лон хөрөнгө оруулалтын бан­кууд хамтран өнгөрсөн са­рын 29-нд “Монголын хө­рөн­гийн зах зээл” олон ул­сын бага хурлыг зохион бай­гуулсан. Энэ үеэр Лондонгийн Хөрөнгийн биржийнхэн манай улсын хөрөнгийн зах зээлийг “Зах зээлийн асар том тал­бар. Зөв хөгжүүлбэл асар их боломж, сайхан ирээдүйг авчирна” хэмээн тодорхойлж байв. Мөн Лондонгийн Хө­рөнгийн биржийн Үнэт цаас­ны анхдагч  зах зээл ха­риуц­сан захирал Трэси Пер­си “Бидэнд Монголын Хөрөн­гийн биржийг удирдах турш­лага, бусад газраас ялгарах да­вуу тал хангалттай байгаа. Да­вуу талаа ашиглан Монголын Хөрөнгийн бир­жийг технологийн хувьд өн­дөр түвшинд хөгжүүлнэ. Хө­рөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд хүргэнэ” хэмээжээ.

ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Монгол Улсын Засгийн га­зар өнгөрсөн сарын 29-нд хийсэн ээлжит хурал­даа­наараа хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Үүний дотор Мон­гол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сан­гийн ирэх оны төсвийн төс­лүүд багтсан юм. Засгийн газрын гишүүд, Сангийн яам­ныхны тооцоолсноор ирэх жи­лийн нэгдсэн төсвийн нийт ор­лого гурван их наяд 114 тэрбум 100 сая төгрөг байх аж. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 39,7 хувьтай тэнцэх тоо юм. Харин нэгдсэн төсвийн нийт зарлага гурван их наяд 250 тэрбум 800 сая байх бол нэгдсэн төсвийн нийт алдагдал 136,7 тэрбум байна хэмээн Засгийн газ­рын гишүүд тооцоолжээ. Зас­гийн газар болон УИХ-ын гишүүдийн өмнө “Хүний хөг­жил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг хэр­хэн хуваарилах вэ гэсэн асуудал тулгараад байгаа. Оюут­нуудын хувьд энэхүү мөн­гөө сургалтын төлбөр хэл­бэрээр авахаар болсон. Сан­гийн сайд С.Баярцогт үлд­сэн иргэдийнхээ 800 гаруй мянгад нь эрүүл мэндийн даат­­гал, нийгмийн даатгалыг төлөх замаар хишиг хүртээнэ хэмээн нэгэнтээ хэлсэн. Сан­гийн яамнаас энэ мэтээр эх орны хишгийг хэрхэн олгох вэ гэсэн хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Ямартай ч улсын төсвөөс ирэх жилд тус санд 328.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тоо­цоолсон байна. Харин зар­лага нь энэ жилийнхээс 461 тэрбум төгрөгрөөр илүү буюу  795.9 тэрбум төгрөг байх нь. Мөн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит чуулганы үеэр ирэх оны улсын төсвийн нийт орлого хоёр их наяд 302.3 тэрбум төгрөг, зарлага нь хоёр их наяд 250.2 тэрбум байна хэ­мээн танилцуулсан юм. Ул­сын төсвийн нийт тэнцэл 250 тэрбум төгрөгийн ашигтай га­рах урьдчилсан тооцоог ч гаргасан байна. Манай улс Олон улсын валютын сан­тай хамтран хэрэгжүүлж бай­гаа хөтөлбөрийн шалгуур үзүү­лэлт нэгдсэн төсвийн зар­лагад хүлээсэн үүргийг 2011 оны төсвийн төслийн үзүү­лэлт хангаж байгаа гэж Засгийн газар үзжээ.

ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ
Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн дэргэдэх “Иргэний тан­хим”-д ҮХШХ, БСШУЯ, ШУА, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгд­сэн холбоо, Эдийн зас­гийн бодлого, өрсөлдөх чад­варын судалгааны төв зэрэг байгууллагуудын оролцсон “Инноваци ба технологийн бодлого, хөгжлийн чиг ханд­лага” сэдэвт олон улсын ба­га хурал өнгөрсөн долоо хо­ногийн пүрэв гарагт бол­сон. Тус хуралд АНУ-ын “М-САМ” компанийн ерөн­хийлөгч Дэвид Пратт, гүйцэтгэх захирал Дэвид Мартин нар оролцсон юм. Манай улсын хөрөнгийн зах зээл, байгалийн баялгийг ашиглах асуудал дэлхий нийтийн анхаарлыг улам бүр тат­саар байгааг гадаадын хө­рөнгө оруулагчдын оролцсон эдгээр чуулга уулзалтууд ха­руулж байна. Хуралдааны үеэр оролцогчид инновацийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжих асуудлыг голчлон ярилцсан байна.

ХОЙД АМЕРИКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЧУУЛЛАА
Хойд Америк-Монголын биз­несийн зөвлөлөөс жил бүр зо­хион байгуулдаг хөрөнгө оруу­лагчдын чуулга уулзалт өнгөр­сөн долоо хоногийн баа­сан гарагт болсон. АНУ болон Канадын хөрөнгө оруу­лагчдын оролцдог энэхүү уулзалтыг энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Чуулга уулзалтын үеэр оролцогчид манай улсад хөрөнгө оруулах нөхцөл, боломж ямар байгааг ярилцсан байна. Гадаадын  төлөө­лөгчид энэ үеэр  “Монгол Ул­сад уул уурхайн үсрэнгүй хөгж­лийн үүд нээгдсэн” хэ­мээн онцолж байв.  Чуулганы үеэр уул уурхайд хөрөнгө оруулах та­лаар болон Монголын их, дээд сургуулиудын сургалт, ор­чин болон мэргэжилтэй бо­ловсон хүчний нөөц тэдгээ­рийг бэлтгэх бодлогын та­лаар санал солилцжээ.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮҮ
Энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин, тэт­гэвэр, тэтгэмжийн хэмжээ 30 хувиар нэмэгдэж байна. Тө­рийн албан хаагчид, тэт­гэврийн насныхан болон төрөөс тэтгэмж авдаг иргэд энэ өдрийг тэсэн ядан хүлээ­сэн гэхэд болно. Үүний хажуугаар МҮЭ-ийн хол­боо­ныхны ажил хаялтаар айл­ган байж гаргуулсан энэ­хүү шийдвэрийн үр дүн ямар байх бол хэмээх асуулт Засгийн газрын захирамж гар­сан цагаас хойш одоог хүртэл иргэдийн дунд бай­гаа гэхэд болно. Засгийн газ­раас нийгмийн гурван талт хэлэлцээрийн үеэр ца­лин тэтгэврийг нэмбэл ба­раа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцийг нэмэгдүүлнэ хэ­мээх тайлбарыг өгч байсан билээ. Цалин нэмэх сургаар ба­раа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг зуршил манайд бий. Эдийн засагчид ч цалин, тэт­гэврийг нэмэхтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэ­мэгдэх магадлалтай хэ­мээгээд буй юм.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж