Куб эдийн засгийн шинэчлэлд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Куб эдийн засгийн шинэчлэлд бэлтгэж байна

Кубын эрх баригчид тө­рийн албан хаагчдыг цом­хотгох замаар хувийн секто­рыг хөгжүүлэх зорилт тавьжээ. Тэд үүндээ хүрэхийн тулд эхний ээлжинд хувийн бизнес эрхлэх 250 мянган лиценз олгохоор болсон аж. Шинэ дүрмийн дагуу бол кубчууд жуулчдад өрөөгөө түрээслэх, үйлчлэгч хөлсөлж авах гэх зэргээр ямар нэг хэмжээгээр хувийн бизнес эхлүүлэх, ажилтан авах, цалин хөлсийг нь тооцож өгөх боломжтой болжээ. Коммунист тогтолцоотой тус улсын хувьд ийм зөвшөөрөл олгосон нь анхны тохиолдол юм. Албаны төлөөлөгчдийн мэдээлж буйгаар энэ нь хувиараа ажил эрхлэх бо­ломжийг нэмэгдүүлж, үйлд­вэрлэлийн чадамж, бү­тээг­дэхүүний өсөлтийг сайж­руулах алтан боломж аж. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Кубын Засгийн газар хагас сая орчим төрийн албан хаагчаа цомхотголд оруулах шийдвэр гаргасан билээ. Нэг үгээр хэлэхэд, тэд коммунизм гэгч зүйл улс оронд хөгжил авчрахгүйнэ гэж дүгнэсэн бололтой.

Ирэх оны гуравдугаар сараас эхлэн Кубын төрийн албан хаагчдын 500 мянга нь ажлаа орхих болсон нь эдийн засгийн тогтолцоогоо шинэчилж байгаа хэрэг мэт боловч үнэн хэрэгтээ ингэхээс өөр аргагүй байдалд  хүрээд байгаа юм. Учир нь Кубын ажиллах хүчний зах зээлийн 85  хувь буюу таван сая гаруй хүн улсын байгууллагад ажилладаг. Тиймээс тэдний цалин хөл­сийг төсвийн хөрөнгөнөөс гаргаж өгнө. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Ерөнхийлөгч Раул Кастро төрийн байгууллагынхны дунд сая гаруй хүн ямар ч ажлын бүтээмжгүй хөдөлмөр эрхэлж байгааг онцлон дурдсан. Тиймээс тэднийг цомхотгох нь улс орны эдийн засгийг урагшлуулахад нэг том алхам болно хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэ мэдэгдлийн дараагаас ард иргэдийнх нь дунд “ажлаа алдах нь” гэх болгоомжлол бий болсон нь дамжиггүй юм. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар энэ нь энгийн иргэдийн хувьд хувийн бизнесээ цэцэглүүлж, амь­жиргаагаа дээшлүүлэх бо­ломж билээ. Албан ёсны мэдээ баримтад дурдсанаар Кубэд 143 мянган хүн ху­виараа ажил эрхэлдэг хэ­мээн бүртгүүлжээ. Гэхдээ албан бус мэдээгээр бол энэ тоо дор хаяж гурваас дөрөв дахин үржигдэх юм. Хүмүүс ажил эрхлэлтийн байдлаа нууж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө татвар төлөхөөс зайлсхийх болон Засгийн газар тус­гай зөвшөөрөл бараг ол­годоггүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Кубэд хар зах хөгжсөн гэсэн үг юм. Гадны валют руу хөрвөх чадваргүй Кубын песогоор тус улсын иргэд арилжаа хийдэг. Харин хар зах дээр бол тэдгээрийг хөрвөгч валютаар сольж, гадны бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болж байгаа юм.

Р.Кастро 2008 оны хоёр­дугаар сард Ерөн­хий­лөгчөөр сонгогдсоныхоо да­раагаас улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийхийг оролдсоор ирсэн билээ. Тэрбээр 2008 оны есдүгээр сард төрийн мэдэлд байдаг 2.5 сая акр газрыг өөрсдөө газар тариалан эрхлэхийг хүссэн фермерүүдэд олгожээ. Түүнч­лэн 110 мянган фермер газар боловсруулж, үр тариа тариалах боломжтой болсон юм. Кубын Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний им­пор­тод зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 100 сая ам.доллар зарцуулсан аж. Фермерүүдэд газар олгосноор энэ зардлаа бууруулах боломжтой хэмээн тус улсын эдийн засагчид тооцож байгаа юм. Кубын төрийн мэдлийн “Гранма” сонинд өнгөрсөн сарын 24-нд мэдээлснээр тус улс авто­машины засварчин, му­жаан, массажчин, хүүхэд асрагч, үйлчлэгч зэрэг 178 төрлийн ажил, мэргэжлийг хүлээн зөвшөөрч, хуулиар баталгаажуулсан байна. Иймэрхүү замаар хувиараа ажил эрхлэх боломжийг нэ­мэгдүүлж, нийгмийн ха­­лам­жид зарцуулах төс­вийн зардлаа танах аж. Кубын Сангийн сайд Ма­рино Марилло Жорж өн­гөр­сөн баасан гарагт “Хэ­дийгээр хувийн секторыг дэмжиж байгаа ч ойрын та­ван жилдээ бөөний ху­далдааг хөгжүүлэхгүй” хэ­мээн мэдэгджээ. Зарим ажиг­лагчийн үзэж буйгаар бөөний худалдааг дэмжихгүй юм бол хувийн сектор хөгжих ямар ч боломжгүй юм. Тиймээс Кубын Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийхээр зориглосон л бол дорвитойхон шиг хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Ах дүү Кастрогийн хувьд шинэчлэл хийж буй явдал анхны тохиолдол биш юм. Тэртээх 60-аад оны үед цалин хөлсөнд зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээг бууруулах зорилгоор эдийн засгийн тогтолцоондоо өөрч­лөлт хийж, хөдөө аж ахуй, хувийн секторыг дэмжиж бай­сан. Харин 90-ээд онаас гадны хөрөнгө оруулалтыг зөвшөөрч эхэлсэн юм. Олон улсын ажиглагчдын үзэж байснаар тухайн үед Фидель Кастро Хятад, ЗХУ хоёрын алиных нь загвараар шинэчлэл хийх вэ гэдгийг сонгох шаардлагатай болжээ. Ф.Кастро Зөвлөлт засгийг дууриахаар шийдвэрлэсэн. Гэвч америкчуудыг баяр­луул­сан М.Горбачёвийн шийд­вэр Оросын социалист сис­темийг нураасан билээ. Энэ үед улс төрийн нөхцөл байдлын хувьд социализмыг хадгалсан хэрнээ эдийн засгийн хувьд капитализмтай нөхөрлөсөн Хятадын талаарх дүгнэлт нь Ф.Кастрод тийм ч их таалагдаагүй гэхэд болно. Гэвч одоо сард 20 ам.долларын цалин авч, төрийн байгууллагад на­саа­раа ажиллах хувь та­ви­лантайгаа кубчууд эвлэрвэл энэ улсын эдийн засаг нэг их хол явахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Тийм­дээ ч Кубын Засгийн газар Хятадын эдийн засгийн шинэч­лэлийг дууриахын тулд алсуур бөгөөд алгуурхан хөдлөж эхэлжээ. Гэхдээ одоогийн байдлаар хувийн секторыг дэмжихийн тулд Засгийн газраас тодорхой хөрөнгө гаргах нь  зайлшгүй байгаа юм. Төсвийн зардал нь хэрээс хэтрээд байгаа тус улсын хувьд цаад сан­хүүжүүлэгчээр нь АНУ “ажиллаж” байж ч мэдэх юм хэмээн зарим шинжээч дүг­нэжээ. Тус улсын хувьд Кубтэй харилцаагаа сайжруулах нь “Америк мөрөөдөл”-ийнх нь нэг хэсэг гэж үзэх хүн ч байна. АНУ Кубтэй хийх ху­далдаандаа хориг тавьсан учраас тус улсад Кубээс ирэх цагаачлалыг дэмждэггүй. Ха­рин хоёр орны харилцаа сай­жирвал Америк руу гарч, ажил эрхлэн ар гэрээ тэжээх сонирхолтой кубчуудын тоо цөөнгүй байдаг аж. Энэ нь зарим талаараа хувийн сек­торыг хөгжүүлэх гол сан­хүүжилт болно гэж үзэх эдийн засагчид байгаа юм. Нө­гөө талаас АНУ-ын хувьд одоо худалдааны хоригоо цу­цалчихвал Кубын зах зээлд нэвтэрч, тэнд дураараа тог­лох боломжтой болж байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж