“Смарт өргөө” компанид оршин суугчид эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Смарт өргөө” компанид оршин суугчид эргэлзэж байна

Баянзүрх дүүргийн 16 дугаар хо­рооны 17 дугаар байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр барилгын суурь цутгаж эхэлжээ. Энэхүү газар нь тэр хавийн засмал замын хажууд байдаг учир байршил сайтайд тооцогддог. Засмал зам руу шороог нь түрэн, хуучин байсан хүүхдийн тоглоомын жижигхэн талбайг зам руу шахаж өргөтгөжээ. Зам руу түрсэн шороо нь яг л далан мэт харагдаж байв. Талбайн яг голд ойролцоогоор Спортын төв ордны сагсны заалны хэмжээтэй газрыг тойруулан цементээр нэлээн өргөн суурь цутгаад удаагүй бололтой харагдана. Хэв оруулахаар дарсан банзуудыг нь салгаж аваагүй байсан. Талбай дээр нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн ажиллаж байлаа. Тэд “Талбайн зүүн талд гэр барин байрлаж байгаа, арав хоногийн дотор тоглоомын талбай ашиглалтад орно” хэмээсэн. Хэ­дий­гээр талбайн хажууханд Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар хүүхдийн тоглоомын цогцолбор барьж байгааг самбар дээр  танилцуулсан байсан ч энэ хавийн оршин суугчид нэг л итгэж өгөхгүй байгаа тухайгаа хэлж байлаа.

17 дугаар байрны оршин суугч Д.Баяр:
Урьд нь байсан тоглоомын талбай тийм ч муу биш байсан. Гэхдээ энэ танилцуулгаар бол их л аятайхан сагсны талбайтай болох бололтой. Хэрэв энэ танилцуулга дээрх үнэн бол шүү дээ. Ер нь сүүлийн үед компаниуд  ямар нэг газрыг авахдаа анхандаа ийм ч юм барина, тийм ч юм барина гэж байгаад нэг л өглөө босоод ирэхэд нь өөр зүйл барьчихсан байдаг жишиг тогтоод удлаа. Сайн итгэж өгөхгүй л байна. Цаашид юу болохыг харж л байя. 

СӨХ-НООС НЬ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭЛГҮЙ ТАЛБАЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧЭЭ

Тухайн орон сууц хавийн хүүх­дийн тоглоомын талбай СӨХ-ны мэдлийнх байдаг.  Тиймээс энэ талбай дээр баригдаж байгаа гэгдэх тоглоомын талбайн талаар “Булаг” СӨХ-ны дарга Д.Орломжав ямар мэдээлэлтэй байгааг сонирхсон юм.

-Шинээр тоглоомын талбай барьж байгаа газар танай СӨХ-нд харьяалагддаг уу?

-Тийм. Орон сууцнуудын ойр хавийн нийтийн эзэмшлийн тал­бай­нуудыг “орчны газар” гэж нэрлэдэг. “Орчны газар”-уудыг хотын дар­гатай гэрээ хийсний үндсэн дээр СӨХ-нд өмчлүүлдэг. Манай СӨХ хотын даргатай гэрээ хийж, ойр хавийн нийтийн эзэмшлийн газ­руу­дыг кадастрын зураглалд оруулж, өөрийн эзэмшлийн болгож авсан.

-Танай мэдлийн газарт байсан хүүхдийн тоглоомын талбайг “Смарт өргөө” ХХК  шинэчлэх гэж байгаа юм байна. Та бүхэн үүнийг шалгасан уу?

-Манай хорооны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ ажил эхэлсэн. Бид Засаг даргадаа итгэхгүй бол болохгүй биз гэж бодоод анхнаасаа ямар нэгэн хардлагагүй талбайгаа найр тавин хүлээлгэж өгсөн. Одоо барилгынх нь ажил эхлээд явж байна. Үнэн байх л гэж найдаж байгаа.

-Барилгын суурь цутгаад байгаагаа хэрхэн тайлбарласан бэ?

-Сагсан бөмбөг тоглох орчин үеийн тал­бай барих учир суурь цутгах шаард­лагатай байгаа гэсэн.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛАХААР ХӨРӨНГӨ ХАЯЖ БАЙГАА ГЭВ

“Смарт өргөө” ХХК нь Өмнөд Солонгосын 25 ху­вийн хөрөнгө оруу­лалттай компани аж. Энэхүү тал­байг тохижуулах саналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “Смарт өргөө” ХХК-ийн захирал Б.Дайчинхүүд тавьжээ. Тохижилтын сан­хүүжилт болох 120 гаруй сая төгрөгийн 25 сая төгрөгийг нь Баян­зүрх дүүргийн Засаг даргын Тамгын  газар гаргаж, үлдсэнийг нь “Смарт өргөө” ХХК санхүүжүүлж байгаа аж. Гол нь Баянзүрх дүүргийн зур­гадугаар хорооны нутаг дэвс­гэрт  байх оюутны хотхны дундах талбайг нэг шөнө нүхэлсэн хэргийн эзэн нь “Смарт өргөө” ХХК аж. Энэхүү газарт оюут­нуудад зориулсан спорт цогцолбор ба­рина хэмээж байсан боловч МОХ-ны эсэргүүцэлтэй тулсны улмаас үйл ажиллагаа нь зогссон. Ийнхүү “Смарт өргөө”-гийнхөн Баянзүрх дүүргийн нутагт өөрийн хөрөнгөөр тохижилт хийгээд байгаа нь олон хүнд газрын асуудалтай холбоотой гэсэн сэжиг төрүүлэх болжээ.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “Смарт өргөө” ХХК-ны Б.Дайчинхүү нар ямар холбоотой болохыг “Смарт өргөө” компанийн захирлаас асуусан юм.

-Танай компани хөрөнгө гарган Баянзүрх дүүрэгт хоёр ч газарт спортын цогцолбор барихаар бол­сон байна. Өглөгийн цаана авлага заавал байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргатай ямар нэгэн тохиролцоонд хүрсний үнд­сэн дээр энэ бүхнийг хийж бай­на гэж хардах хүмүүс олон байна. Тухайлбал газар авахаар тохирох ч юм уу?

-Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг бидэнд санал тавьсан. Ямар ч газар бидэнд  ийм санал тавихад бид хүлээж авна. Манай компани сагсны талбайн резинэн шал үйлдвэрлэж байгаа. Мөн урд хөршөөс хүүхдийн талбайн тоглоом оруулж ирдэг. Тиймээс л энэ бүхнийгээ танилцуулах гэж үүнийг хийж байна. Нэг ёсондоо амталгаат худалдаа гэх үү дээ. Энэ бүхний цаана газрын наймаа байна гэх мэт хардлага үүсч байгаа нь үнэн. Гэхдээ бид газар авахаар байсан бол энэ бүхэнд зарцуулж байгаа мөнгөө ямар нэг албан тушаалтанд өгчихөд л хангалттай байсан шүү дээ. Та нар судлаад үзвэл Баянзүрхийн нутагт манай компани ямар ч газаргүй болохыг тогтоох байх. 

С.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж