Эмчийн алдаанд цэг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Эмчийн алдаанд цэг тавих уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хариуцлагагүй эмч нарын алдаанаас  балчир охиноо  зэрэмдэглүүлсэн эцэх эх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт солигдсон хэмээн УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн  байцаах албанд 2010 оны есдүгээр сарын 13-ны өдөр  гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Баянгол дүүргийн  цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад .нЭрдэнэболд уг хэргийг шалгаж байгаа аж. Хэргийн материалтай танилцах хугацаа өнөөдөр дуусгавар болж, эрүүгийн хэрэг үүсгэх үү үгүй юу гэх асуудал шийдэгдэх юм байна. Эрүүл саруул мэндэлсэн охиндоо “эмчилгээгүй” гэх онош тавиулсан эцэг, эх  хүний амь насыг дорд үзэх “зоригтой” эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэж хатуу хариуцлага тооцохыг хүлээж буй. Эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас М.Номинжин охины тархи үхжиж, эмчилгээгүй болсон гэх хэрэгт  Баянгол дүүргийн  цагдаагийн хэлтэс  эрүү үүсгэн шалгаад нэг жил өнгөрсөн боловч өнөөдрийн байдлаар ЭНЭШТ, Шүүх эмнэлэг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дунд охины өвчний түүх солигдсоор төрөлхийн тархины  өвчтэй гэсэн оноштой болж  хувирсанд гомдолтой байгаагаа илэрхийлж бидэнд хандсан юм. Чухам яагаад хэрэг явдал ийм байдалд хүрэх болсныг дор сийрүүлье.

    Шүүх эмнэлгийн анхны дүгнэлт өөрчлөгджээ
    М.Номинжин охины өвчнийг буруу оношилж,  эмчилснээс  тархи нь  үхжиж, тахир дутуу болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн гурван ч дүгнэлт  гарсан аж. Тодруулбал 2009 оны 10-р сарын 05-ны өдөр гарсан эхний дүгнэлтээр  "…Номинжин охин ЭНЭШТ-д эмчлэгдэж байхдаа 2009 оны тавдугаар сарын 11-нд баруун эгэмний доорх венийн судсанд гуурс тавих явцад баруун уушги хатгагдаж, баруун уушгины гялтангийн хөндийд хий хуралдаж, баруун уушгины бүрэн бус өвчлөлт үүссэн. Амьсгалын дутагдал хавсарсан байдлаар гүнзгийрч, сэхээн амьдруулах арга хэмжээ авсны үр дүнд амь нас нь аврагдсан" гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлт гарсны дараа буюу 2009 оны 12-р сараас  ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас клиникийн захирал Ш.Энхтөрийн зөвшөөрөлтэйгээр гурван ч удаа авсан байх юм. Өвчтний түүхийг дээрх эмч нар авснаас хойш  шүүх эмнэлгийн 2, 3 дахь удаагийн дүгнэлтэд  М.Номинжин охин   төрөлхийн тархины өвчтэй гэж гарчээ.  Одоогийн байдлаар М.Номинжин охин орчны мэдрэмжгүй, хараагүй, сонсголгүй, байнгын таталт өгч үргэлж  тайвшруулах, өвчин намдаах, унтуулгын эмчилгээ хийлгэж, "ямар ч эмчилгээгүй" гэсэн хариуг сонсоод байгаа аж.

    Эмч нар хэрхэн хариуцлага алдав
    М.Номинжин охин 2009 оны нэгдүгээр сарын 23-нд нэгдүгээр амаржих газарт 3,1 кг жинтэй,  хүндрэлгүй, өвчин зовиургүй эхээс мэндэлжээ. Харин гурван сарын дараа дөрөвдүгээр сарын 29-ны өдөр уушгины хатгаагаар өвдөж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн аж. Удалгүй охины аав Мандахзориг хамаатныхаа ЭНЭШТ-ийн нярайн сэхээний эмч С.Энхтуяаг авчран охиноо үзүүлэхэд охины биеийн байдлыг хүнд байна гээд “Манай эмнэлэгт хүндэрсэн хүүхдүүдийг шилжүүлэн эмчилдэг. Тиймээс  яаралтай авч явъя" гээд  Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт  хүргэжээ.

    Охиныг эмчлэгч эмч Б.Гэрэлтуяа хүлээн авч үзээд "Танай хүүхэд хатгаа өвчтэй, бас дээр нь шингэн их алдсан байна" гэсэн онош хэлжээ. Гэтэл хэд хоногийн дараа "М.Номинжин охинд эмчилгээ хийх гэсэн боловч судас нь олдохгүй байна. Иймд венийн судсанд нь гуурс тавих шаардлагатай" гээд орой 18 цагийн үед унтуулгын эмч Б.Одгэрэл яаруу сандруу ирээд охинд гуурс тавьчихаад яваад өгчээ. Үүнээс хойш М.Номинжин охин гэнэт уйлж сувилагч нар гуурсаар өвчин намдаах тарианууд хийсэн боловч охины бие муудсаар зүрх нь зогссон байна.  Учир нь Б.Одгэрэл эмч гуурс тавихдаа хайнга хандаж охины уушгийг хатгасны улмаас уушгинд нь хий хуралдан улмаар зүрх нь зогсоход хүрчээ. Хэрэв эмч  Б.Одгэрэл охины уушгийг хатгаснаа тэр даруйд нь мэдэж яаралтай арга хэмжээ авсан бол охин өдгөө эмчилгээгүй болтлоо хүндрэхгүй байх байсан болов уу хэмээн эцэг эх нь ярьж байна.

    Харин тухайн өдрийн жижүүр эмчээр ажиллаж байсан эмч С.Очир дээрх хүндрэлийг найман цагийн дараа мэдсэнээр уушгины хагалгаанд яаралтай оруулахаар болсон байдаг. Эмч нарын энэхүү хариуцлагагүй байдлаас болж М.Номинжин охин хоёр хоног аппаратанд байсны эцэст зүрх нь дахин цохилж эхэлжээ. Эмнэлэгт гуурстай долоо хоносны дараа  судсаар нь идээ гүйсэн байж.

    "Охин чинь эдгэрсэн тул эмнэлгээс гарч болно” гэх сайхан мэдээ гэвч …
     Эмнэлэгт 14 хоног хэвтсэн ч М.Номинжин охины биеийн байдал сайнгүй хэвээр. Харин эмчлэгч эмч Б.Гэрэлтуяа, О.Солонго нар "Танай охины шинжилгээний хариу гайгүй гарсан байна. Удахгүй биеийн байдал нь сайжирна. Эм тариа ихээр хийлгэсэн учир шоконд орсон байгаа шүү. Харин одоо эрүүл агаарт гараад л дорхоноо эдгэрчихнэ. Зүрх нь хэсэг хугацаанд зогссон учир ойролцоогоор хоёр жил зүрхний эмчийн хяналтанд байх хэрэгтэй” гээд эмнэлгээс гаргажээ. Гэтэл дөрөвхөн сартай бяцхан охины бие эмнэлгээс гараад огт дээрдээгүй,  ойр ойрхон таталт өгдөг болсон тул арга буюу амбулаторийн мэдрэлийн эмчид үзүүлэхэд "тархины зураг авахуулах шаардлагатай" гэсэн хариу өгсөн байна. Үүний дагуу "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт тархины зураг авахуулан, ЭНЭШТ-ийн хүүхдийн зөвлөх эмч н.Жаргалсайханд үзүүлтэл "Охины чинь зүрх нь зогссоны улмаас тархи нь үхэжсэн байна. Одоо эмчилгээ хийгээд үр дүнд хүрэхгүй.  Ямар ч эмчилгээгүй" гэх  гашуун  бөгөөд үнэн үгийг хэлж.
    Гэвч эсэн мэнд, эрүүл саруул төрүүлсэн үрээ  аврах сүүлчийн найдвараа хайн Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэх гэсэн ч "эмчилгээгүй” хэмээн буцаажээ. Ямар ч үнээр хамаагүй охиноо аврах гэсэн эцэг эх хоёр аргаа барахдаа Тайланд, Өмнөд Солонгосыг зорихоор сэтгэл шулуудсан ч "биеийн байдал нь тэнцэхгүй" гээд онгоцонд суулгасангүй.  

    Охины өвчний түүхийг өөрчилжээ
    Сүүлийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарах үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШҮХ/ эмч нар  "Номинжинг авч ирж үзүүл" гэсний дагуу эмч н.Энхбаатарт үзүүлэхэд  "… танай охины зүрх зогссон гэсэн бичилт өвчтөний түүх дээр байхгүй байна. Ганцхан чи л зүрх нь зогссон гээд байгаа юм байна" гэх хачин жигтэй үгийг хэлсэн  аж. Охины  эцэг эх  өвчний түүх дээрээс зүрх зогссон талаарх тэмдэглэлийг харуулах гэтэл урьд нь цагдаагийн газар,  ЭНЭШТ-ийн клиникийн захирал Ш.Энхтөрийн өрөөнд харж байсан өвчтөний түүхийн хуудас солигдож, "2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн  03-05 цагийн үед зүрх нь 2 удаа зогссон" гэсэн тэмдэглэлийн оронд хуудас нэмж наан,  нэмэлт бичилтүүд хийсэн болохыг мэджээ. Ингээд шүүх эмнэлгийн 3 дахь удаагийн дүгнэлтийг харахад “зүрх зогссон талаарх тэмдэглэсэн зүйл байхгүй" гэх дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлт нь охины биеийн байдал эмчилгээгүй болтлоо доройтсонд эмч нарыг ямар ч буруугүй мэт ойлголтыг төрүүлж буй юм.

    Шүүх эмнэлгийн  дүгнэлтүүд өөр өөрөөр гарах үндэс бий юу?
    ЭНЭШТ-ийн эмч нар, шүүх эмнэлгийн эмч нар  бүгд эрүүл энхийн төлөө тангараг өргөж,  тус салбартаа олон жил ажилласан хүмүүс. Гэтэл өнөөдөр хариуцлагаас мултрахын тулд мэргэжил нэгт нөхдөө буруутгахаас зайлсхийж түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэх дүгнэлтэд охины эцэг эх хүрчээ. Түүнчлэн ганцхан хувь хадгалагдаж байдаг өвчтөний түүхийг хохирогч тал үзэж харах боломж хомс атал эмч нар чөлөөтэй нэвтэрч, огт өөр болгон засварлаад явж байна. Тухайлбал  ЭНЭШТ-ийн сэхээн амьдруулах тасгийн эмч н.Энхцолмон, н.Солонго нар 2009 оны тавдугаар сард  охиныг эмнэлгээс гарах үед өвчтөний түүх дээрээс хуулан картан дээр бичсэн “… зүрх 2 удаа /30-40 минут зогсов/ зогсож, улмаар амьсгал дэмжих эмчилгээг яаралтай хийсний үр дүнд амь нас аврагдсан” гэх бичилт, зүрх зогссон талаарх тэмдэглэлийг цаг минутаар нь хуулж өгчээ. Гэтэл өнөөдөр “энэ тэмдэглэлийг бичсэн нь үнэн, гэхдээ зүрх зогссон гэдгийг андуураад бичсэн байна” гэх хэнэггүй тайлбарыг өгч буй. Уг нь өөрийнх нь хийсэн бичилтээс үндэслэн дараагийн эмчилгээ хийгддэг гэдгийг мэдэж баймаар.

    Бас уг бичилтийг хийхдээ өвчтөний түүхээс хуулж бичсэн болохоос зохиож бичээгүй нь лавтай. Ийнхүү улаан цайм арьсаа хамгаалж, хүний амийг дорд үзэж байгаад М.Номинжин охины аав, ээж элэг эмтрэн гашуудаж сууна. Охины амь нас минут секундээр хэмжигдэж байхад алдаагаа ухамсарлаж, хариуцлага хүлээх нь бүү хэл “шоу хийхээ боль”  хэмээн зандрах “хатан зоригтой”  явна, эмч нар. Тэр ч байтугай  охины эцэг эхийн хамаатан гэх ЭНЭШТ-ийн нярайн тасгийн эрхлэгч С.Энхтуяа  нүүрээ буруулж танихгүй хүн шиг царайлах болсон нь хамт олныхоо дунд нэр хүндээ алдахаас эмээгээд байна уу, эмнэлгийн удирдлагынхаа дарамтанд ороод байна уу, эсвэл ийм хүн чанаргүй хүн үү гэх олон асуултыг дагуулж буй. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэхийг цаг тухайд нь хүргэх болно.

    С.Отгонсүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж