С.Баяр, Ц.Нямдорж буюу Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

С.Баяр, Ц.Нямдорж буюу Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл

Н.Энхбаярт дургүй­чүү­дийн нэгдэлд  С.Баяр, Ц.Ням­дорж нар зүй ёсоор орно. Гэхдээ 1996 онд Б.Даш-Ёндонгоос МАХН-ы салгаж авах үеэр  Н.Багабандитай, Н.Энхбаяр намын даргад өрсөлдсөн нь нэлээд юмны эхлэлийг тавьсан биз. Тэр үед МАХН-ын Гомбосүрэн, Чимэд  нар  Н.Энхбаярыг дэвшүүлж өрсөлдүүлсэн нь түү­нийг таньсандаа бус  нэр хүнд нь унасан МАХН-д ганц ч гэсэн шинэ хүн оруулж ирэх хүслээс шалт­гаалсан байх. Үүнээс өмнө ч түүнийг Соёлын сайд болгоход мөн л залуу хүнийг нийгэмд харуулах нь МАХН-д бага зэргийн ашигтай байсан биз ээ.  Гэвч тэд ялагдал хүлээж  Н.Багабанди намын дарга боллоо.  Гомбосүрэн, Чимэд нар уурандаа МАХН-ыг хаяад явчихлаа. Гэх­дээ   энэ жижигхэн тог­­лоо­моос нэр хүндийн хувьд Н.Энх­баяр хожсон юм.  Тиймээс  Н.Энхбаярыг 1997 онд Н.Багабандийг Ерөн­хий­лөгчөөр сонгогдсоны да­раа Завханы нөхөн сон­гуулиар УИХ-д сонгогдож улмаар  МАХН-ын дарга болж билээ. Гэхдээ үүний өмнө нэг инээдтэй алхам болсныг  улс төрийн хүрээнд  мэр сэр ярьсаар өнөөг хүрсэн юм. 1996 онд Н.Энхбаяр Н.Багабандитай өрсөлдөж ялагдчихаад, Гом­­босүрэн, Чи­мэд нар на­маасаа гарсны дараа яахаа мэдэхээ байв.

Ганцхан жилийн дараа буюу  1997 онд хувь тавилан түүнд боломж олгоно гэдгийг тэр яаж таах  вэ дээ.  Ингээд аргаа барсан түүнийг эхнэр О.Цолмон нь хөтлөн Ардчилсан намын дарга М.Энхсайхан дээр явж очив.  “Манай нөхөр нэг ийм хүн байгаа юм. Танай намд орвол удирдах албан тушаалд тавих боломж байна уу. Уг нь яггүй боловсролтой хүн шүү” гэж.  Сонгуульд ялчихсан байсан намын дарга, нийгэмд рейтинг нь өндрөөр үнэлэгдэж явсан М.Энхсайхан яалаа гэж Н.Энхбаяр зэргийг тоох вэ дээ. “Манайд даргын орон тоо байхгүй” гэх маягаар томроод явуулчихсан юм гэнэ билээ. Хожмын хоёр холбоотон анх удаа нүүр тулж байсан нь тэртээ 1996 он. Учрал тавилан гэдэг ийм сонин. Дараа жил нь 1998 онд Н.Энхбаяр Н.Багабандийн оронд УИХ-д орж ирүүтээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьж билээ. Тэгэхээр Н.Энхбаярын улс төрд хөл тавиад л хийсэн анхны алхам бол М.Энхсайханыг огцруулах ажиллагаа байсан юм. Тэр санасандаа хүрсэн.  Гэхдээ энд нэг сонин зүйл ажиглагддаг. Тэрбээр МАХН-ын даргын хувьд УИХ –ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн хувилбарыг Үндсэн хуулийн цэцээр гаргуулж дөнгөв. Ингээд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулаад Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдлаа.Тэр үед Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай бас үй зайгүй болчихсон байв.  Үндсэн хуульд хамтдаа засвар хийж, М.Энхсайханы Засгийн газрыг хамт “нойрсуулж” дөнгөсөн  Эл­бэ­гээгийн анд Н.Энхбаяр түүний сайдуудыг УИХ дээр унагаж эхлэв. МАХН 25 –уулаа учир хурал хаяад гарахад УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрэлддэггүй тийм адармаатай квот байсан л даа.  Энд нэг зүйлийг сонирхуулахад Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр нэг эмнэлэгт нэг тасагт хамт хэвтэж байсан шүү дээ. Ц.Элбэгдорж нь Ардчилсан намын дарга Ерөнхий сайд, Н.Энхбаяр нь сөрөг хүчний бүлгийн ахлагч МАХН-ын дарга. Эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь хоёулаа хүүхдүүдээ сахиж харж хандах.  Сайн аавууд шүү.

С.БАЯР Н.ЭНХБАЯРТ ТОНГОРУУЛАВ

Н.Багабандитай үүсгэсэн “дайн” 2000 оны дараагаас илт идэвхжив. Н.Энхбаяр Ерөнхий сайд бөгөөд намын дарга болов. Мэдээж Н.Багабандитай уралцаж эхэлсэн тул С.Баяртай ч бас муу байхын эхлэл болов.  Гэхдээ Н.Энхбаяр сайндаа биш  С.Баяр сонгуулийн менежер байсан тулдаа МАХН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сонгуулийн менежерийг мэдээж гайгүй албан тушаалд тавих ёстой.  Ингээд Н.Энхбаярын ухаан гүйлгэж  эхэллээ. Мань хүн өөрөө С.Баяр дээр явж очоод “Чи ерөөсөө ми­ний танхимд Гадаад хэр­гийн  сайд бол” гэжээ. С.Баяр зөвшөөрөв. Гэтэл Н.Энхбаяр Удирдах зөвлөл дээрээ “С.Баярыг Гадаад хэргийн сайд бол гэсэн чинь голж байна. Заавал Ерөнхий сайдын орлогч болно гэнээ” гэж баахан ярив. Ингээд өгсөн албан тушаалыг голсон гэсэн шалтгаанаар түүнийг ОХУ-д суух Элчин сайд болгож Гадаад хэргийн сайдаар Эрдэнэчулуун хэмээх хэн ч мэдэхгүй нөхрийг авчраад тавьчихав. Өөрөөр хэлбэл, С.Баярын дээр гавихгүй нэг амьтан тавьж чадсанаараа өөрөө кайф авлаа. С.Баярыг чадсандаа тэр маадгар байв. Нөгөөх Эрдэнэчулуун нь ажлаа хийж чадахгүй тул өөрөө сайн дураараа огцрох хүсэлтээ Н.Энхбаярт гурван удаа тавьсан гэдэг юм. Гэвч өөрийнхөө Засгийн газраас хэн нэгэн сайдыг хугацаанаас нь өмнө огцруулах нь түүний нэр төрд халгаатай.  Ингээд шүд зуусаар  2004 оныг дуусгалаа. Ингэж эхний удаа С.Баярыг   тэр хулхидав. Ха­рин дараагийн удаа буюу өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх жилээ 2005 онд С.Баярыг Москвагаас дуудлаа. “Чи л энэ намыг ав. Би Ерөнхийлөгч болно.  Урьдын явдлаа март. Одоо ажлаа ав”гэсээр түүнийг ирүүлэв . Гэвч С.Баярыг биш М.Энхболдыг тэрбээр намын дарга болгочихлоо.   С.Баяр ийнхүү дахин нэгэнтээ алдаа хийв.  Одоо яах вэ, С.Баярт  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаас өөр арга байсангүй. Намын дарга болно чинээ зүүдлээгүй явсан М.Энхболд гэнэт л ингэж татуулж эхлээд УИХ-ын гишүүн дараа нь намын дарга болж улмаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулан байж Ерөнхий сайд боллоо. Тухайн үедээ тэрбээр нэг л өдөр Н.Энхбаяртаа тонгоруулж огцорно гэдгээ мэдээгүй л байсан. Хожмоо мөн л түүний урхинд орсноор огцорч өдгөө Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэлд элсчихээд  яваа. М.Энхболдын тухай дараа жичдээ өгүүлэх тул одоо Ц.Нямдоржийн талаар бичсүү.

Ц.НЯМДОРЖИЙГ ИЛТ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ

1996-2000 оны пар­ламен­тад Дарханаас сонгогдсон Чимэдцэрэн гэдэг гишүүн цаг бусын ослоор нас барлаа.  Түүний нөхөн сонгуульд Цэвээнжав хэмээх нөхрийг гаргахын тулд МАХН-ын дарга Н.Энхбаяр, генсек Л.Энэбиш, Ц.Нямдорж гурав Дарханд очиж ажиллажээ. Тэгээд буцаж явахдаа замд бууж хээр ганц шил юм задалж уух зуураа “Одоо гурвуулаа л намаа авч явъя. Биднээс өөр хэн байх вэ. Дараагийн сонгуульд намаа ялуулж тулгын гурван чулуу шиг байя” гэлцжээ. Энэ тухай Ц.Нямдорж нэг удаа телевизэд ярилцлага өгч байхдаа ярьсан тул тийм юм болжээ гэж ойлгосон  хэрэг. Түүнээс тэр гурвыг хээр сууж архи уунгаа юу ярьсныг мэдэх аргагүй шүү дээ. За тэгээд 2000 онд нам нь ялж Н.Энхбаяр Ерөнхий сайд,  Л.Энэбиш  УИХ-ын дарга боллоо. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллав. Гэхдээ Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр нэг тохироо хийжээ.  Тэр нь дотоодын цэрэг, Тагнуулын Ерөнхий газар,  цагдаа гурвыг нэг дор татан төвлөрүүлж Хууль зүй, дотоод хэргийн яаманд захируулан сайдаар нь Ц.Нямдоржийг тавих байлаа. Н.Энхбаяр хэлсэндээ хүрч түүнийг Хуульзүй, дотоод хэргийн сайд болгосон.  Гэхдээ цагдаа дээр нэмээд Хилийн цэргийг л Хууль зүйн яамны мэдэлд өгөв. Ц.Нямдоржийн хамгийн ихээр сонирхож байсан Тагнуулын Ерөнхий газар мөн Цагдаагийн даргыг мэдэж томилох асуудлыг Ерөнхий сайд өөртөө авч үлдэв.  Ингээд тоглоом өөрөөр эргэчихлээ. Ц.Нямдорж хууртсанаа мэдлээ. Бүр Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр эхнэрээ тавьчихсан байв.   Ингэж тэр Ц.Нямдоржийг доош нь хийлээ. Ингээд  зогссонгүй. Засгийн газрын хуралдаан, олон нийтийн хүлээн авалт энэ тэр дээр Хууль зүйн сайдыг илт басамжлах болов. Нэг удаа бүр “Манай Засгийн газарт компьютер мэддэггүй хоёр хүн байна аа. Эрдэнэчулуун ч яахав хараа муутай болохоороо тэгдэг юм байгаа биз. Харин Ц.Нямдорж хэтэрхий хоцрогджээ” гэсэн гэдэг. Эв нь л таарвал доромжлох, егөөдөх нь  хэтэр­сэн тул Ц.Нямдорж түүнтэй хэрэлддэг боллоо.  Ерөн­хийдөө намынхан нь Н.Энхбаярыг хэн болохыг таньж эхэлсэн байв. Ерөн­хийлөгч Н.Багабанди, Ш.От­гонбилэг нар үгсэж түүний Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөг бо­ловс­руулсан гэсэн мэ­дээллүүд хэвлэлийн хуудас­наа мэр сэр үзэгдэх боллоо. Хаврын чуулган эхлүүт янз бүрийн юм болох нь гэсэн болгоомжлол улс төрийн хүрээнд хэдийнэ яригдаж эхэлсэн цаг.  Гэвч тийм юм болоогүй. НҮБ-ын­хан­тай хамт зуданд нэр­вэгдсэн малчдад тус­ламж өгөхөөр явсан Ш.Отгонбилэгийн сууж явсан онгоц осолдож хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Ингээд байдал намжив. Н.Энхбаярын Засгийн газар аюулгүй боллоо. Цаг хугацаа явсаар. Гэтэл бас нэг л өдөр Л.Энэбиш хорвоогоос халилаа. МАХН-д яах аргагүй хүнд гарз тохиолоо. Гэвч улс төр гэдэг хатуу байдаг хойно мөдхөн түүний оронд хэн УИХ-ын дарга болох вэ гэсэн таамаг явж эхлэв. Харин энэ үед Ц.Нямдорж өөрийгөө гарцаагүй УИХ-ын дарга болгоно гэж Н.Энхбаярт итгэж байсан гэдэг. Өөр байх вэ. Дарханаас ирж явах замдаа ярьсан тохирсон бүхнээ үнэн гэж итгэж байжээ. Гэвч өөдөөс нь хэдэрлэх болсон Ц.Нямдоржийг биш өөрийнх нь үгэнд сайн орох “чадвартай” Төмөр-Очир гэгчийг  УИХ-ын дарга болгочихов. Ингэнэ гэж Ц.Нямдорж бодоогүй. Хожим бас 2005 онд Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчөөр сонгогдох үед түүний оронд Ц.Нямдорж болсон. Гэхдээ Н.Энхбаяр түүнийг огт дэмжээгүй. Харин ч сөргүүлж Лүндээжанцанг зүтгүүлсэн байдаг. Харин UVS нам буюу Увсын фракци овсгоотой ажилласны  ачаар УИХ-ын дарга болсон. Нямдоржийг дэмжихгүй нь тодорхой хүмүүст гадаад томилолт өгөөд явуулчихсан юм гэдэг.  Дараа нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах ажиллагааг Ардчилсан нам дотроос эхлүүлээд “Элсний 13”-аар дэмжүүлэн байж гүйцэтгэсэн байдаг. Өнгөрсөн жил буюу 2009 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход түүний   тойрог  дээр  Ард­чилсан намаас нэр дэвш­сэн Р.Бурмаа гэгч эмэг­тэй Н.Энхбаярын үгээр илт хөдөлсөн нь намд нь таалагдаагүй. Тэр Ц.Нямдоржийг огц­руу­лах ажиллагаанд мөн л Н.Энхбаярыг заавраар оролцож Цэцэд заалдаж байсан тул  сонгуулийн үеэр  нам нь хаячихсан хэрэг байлаа.

С.Баяр, Ц.Нямдорж хэ­мээх Монголын улс тө­рийн орон зайд  хэзээ ч давтагдашгүй өнгө төрхтэй энэ хүмүүс өөр өөрийн хувь тавилан, цаг үедээ нэг л хүнд хууртаж явжээ. Тэр нь Н.Энхбаяр. Тэд одоо  эргэлт буцалтгүйгээр Н.Энхбаяртай “үзэлцэж” байна. Одоогийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга Сү.Батболдод учиргүй хайртайдаа ингэж яваа юм гэж бүү эндүүр. Тэдэнд өөр өөрийнх нь туулсан зам бий. Тэр болгон эцсийн цэгт Н.Энхбаяртай муудалцах хэмжээнд аваачсан тул ийнхүү хэвлэлийн бай болж яваа. “Н.Энхбаярт дур­гүйчүүдийн нэгдэл”-д М.Энхболд, У.Хүрэлсүх нар ч зүй ёсоор багтана. Тэдний тухай дараагийн удаа бичих тул түр завсарлая.

Үргэлжлэл бий


Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж