Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв

Монголын Ерөнхий сайд   АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хий­гээд ирлээ. Ерөнхий сайдыг түү­ний гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын зарим гишүүн, холбогдох албаны хүмүүс дагалдан явсан юм. Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 20-27-нд Нью-Йорк хотноо ажилласан. Энэ үеэр Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чулганы ерөнхий шүүмжлэлийн хуралдаанд орол­цож хэлсэн үгэндээ Мянганы хөгж­лийн бодлогын үндсэн гурван асууд­лын нэг ядуурлыг бууруулах,  уур амьсгалын өөрчлөлт, цөлжил­тийн эсрэг, жендерийн тэгш эрхийг хангах талаар Монголын төр, засаг хэрхэн ажиллаж байгаа тухай ярилаа. Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын хамт Соросын сангийн удирдлагууд, ноён Ж.Соростой уулзаж дэлхийд алдар­тай хөрөнгө оруулагч, бизнесмэний хувьд Монголын эдийн засагт ашиг­тай   хөрөнгө оруулалтын боломжууд байгаа талаар хүлээн зөвшөөрүүлж чад­сан байна. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан, Дэлхийн са­наа­­чилга” байгууллагын тэргүүн Билл Клинтон, Чехийн Ерөнхийлөгч Вацлав нартай уулзсанаас гад­на “Ройтерс”, “Блүүмберг”-т дэлгэ­рэн­­гүй ярилцлага өгсөн юм. Уг ярилц­лагыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим телевизээр шууд дамжуулсан билээ. Ярилцлагын төгсгөлд Мон­гол Улсын Ерөнхий сайдын дипло­мат харилцаа, хэлний мэдлэг, өөрий­гөө илэрхийлэх чадвар нь дээрх нэр хүндтэй агентлагуудын сур­валжлагчдыг сэтгэл хангалуун үлдээсэн нь тодорхой байв.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын дараа­гийн өртөө нь Канад улс байлаа.  Манай улстай дипломат харилцаа тог­тоосноос хойш 37 жилийн да­раа албан ёсны айлчлал хийж бай­гаагийн хувьд Канадын тал энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байв. Оттава хот дахь Монголын ЭСЯ-д болсон хүлээн авалтад тус ул­сын парламентын хоёр танхимын дар­га, чухал сал­барын сайд нар, нэр хүндтэй улс­­төрчид хүрэл­цэн ирснээс гад­на То­ронтод болсон Ка­­над Монго­лын хө­рөнгө оруу­лагч­­дын форумд олон улсын зах зээлд нэр хүндтэй Хойд Америкийн то­­моохон пүүс ком­­­панийн төлөө­лөг­­чид оролцсон 70 гаруй хөрөнгө оруу­лагч чуулсан юм.

Торонтод бол­сон уг форумд “Rio Tinto”, “Centerro Gold”, “South Gobi”, “Ivanhoe Mines” зэрэг мон­голчуудын танил дэлхийн томоохон компаниуд оролц­сон бөгөөд тэд га­даадын хөрөнгө оруу­лалтыг хам­гаа­лах хэ­лэл­цээр байгуулах аж­лаа эрчим­жүү­лэхийг Монгол Ул­­сын Ерөнхий сай­даас хүссэн бай­на. Тэрбээр То­­ронтогийн хө­рөн­гийн биржид зо­ч­лох үеэрээ Мон­голын үндэсний компани анх удаагаа олон улсын зах зээлд хувьцаа гаргах гэж байгааг мэдээл­лээ. Энэ үеэр 157 жилийн түүхтэй Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлага Монголын хө­рөнгийн биржтэй бүх талаар хамтран ажил­лах сонирхолтой бай­гаагаа илэр­хийлсэн нь ганзага мялаа­сан том олз байлаа.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн айлчлалын үеэр Ванкуверт ажил­лаж амьдарч байгаа монгол иргэд­тэйгээ уулзсан. Канадын хөгжлийн заг­варыг Монголд бий болгох бо­ломжийг хэрэгжүүлэгчид нь тэнд мэргэжил эзэмшиж, технологиос нь су­ралцаж байгаа залуучууд юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр онцолсон байна.

Ерөнхий сайд С.Батболд Ка­над улсад айлчлах үеэрээ Мон­гол Улс, Канад улсын хооронд худал­даа, хөгжлийн хамтын ажил­лагааг бэхжүүлэх үүднээс харил­цан ойлголцлын гурван санамж би­чиг байгуулсан. Үүнд юуны өм­нө Төрийн албаны өөрчлөлт, ши­нэчлэлийн туршлага, мэдээлэл солилцох, хамтран ажиллах та­лаар Монгол Улсын Төрийн ал­баны зөвлөл, Канадын Төрийн ал­баны комисс хоорондын харил­цан ойлголцлын санамж бичиг бай­гууллаа. Мөн Монголын Стан­дартчилал, хэмжилзүйн газар, Кана­дын Стандартын байгууллага хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,   Монгол Улсын ХХААХҮЯ, Ка­над улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологт, ху­далдаан солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурсан байна. Ийнхүү АНУ, Канадад нийт арав гаруй хоног айлчлаад ирсэн Ерөн­хий сайдын томилолтын олз чамлахааргүй байлаа. Тэрбээр буцах замаараа сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадоржийн үс авах, зодог тайлах ёслолд оролц­сон. Энэ үеэр түүнийг   Японы Ерөнхий сайд Наота Кан өөрийн хүсэл­тээр хүлээн авч уулзлаа. Тэд­ний уулзалтад улс төрийн нөлөө бүхий төлөөлөгчид, томоохон хө­рөнгө оруулагч, бизнесийнхэн оролц­сон нь мөн л анхаарал татсан юм. Ерөнхий сайд С.Батболдыг эх орондоо хөл тавихад нь Монголын улс төр, МАХН, Засгийн газар нь олон шинэ мэдээлэл, сонирхолтой үйл явдлуудаар гэнэтийн бэлэг барьсан нь ойлгомжтой. Түүнийг их ажил хүлээж байна.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж