Дэлхийн Жэки Чан байхыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн Жэки Чан байхыг хүсдэг

Хонг Конгийн төдийгүй дэлхийн Жэки Чан байхыг хүсдэг гэж ярьж буй нэрт жүжигчин, кино од Монголд ирлээ. Хэдхэн жилийн өмнө түүнд Холливудад хүчээ сорих бодол байгаагүй ч 1998 онд түүний тоглосон “Оргил цаг” кино нь итгэмээргүй амжилт авчирч “Box Office”-т 100 сая ам.долларын ашиг орлогоороо тэргүүлж байсан юм. Жэки Чан ирсэн өдрөө хэвлэлийнхэнтэй уулзаж Спортын төв ордноос Их жанжны талбай хүртэл агаарын бохирдлын эсрэг гүйлтэд оролцсон юм. Түүний Монголд ирсэн гол шалтгаан нь өнчин, ядуу хүүхдүүдэд туслах, Монгол дахь хүүхдийн төлөөх байгууллагуудтай хамтран ажиллах юм. Хүмүүнлэгийн ажлын талаарх албан ёсны хэвлэлийн бага хурлын үеэр нэрт жүжигчин Жэки “Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Та бүхэн намайг маш сайхан хүлээж авлаа. Би хоёр жилийн өмнө Х.Баттулга сайдтай Бээжин, Хонг Конгд уулзаж байсан. Тэрнээс хойш Монголд ирэх маш их эрмэлзэлтэй байсан боловч өнөөдөр л ирж байна. Х.Баттулга сайд надад Монголчууд бүгдээрээ Жэки Чанд хайртай гэсэн, харин одоо би энд байна. Энэ завшааныг ашиглаад монголчууд та бүхэнд ч гэсэн би маш их хайртай шүү” гэв. Хурлын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Таны хүмүүнлэгийн ажлын чинь дийлэнх хувь нь хүүхдэд чиглэгдсэн байдаг?
-Тийм ээ, яагаад гэвэл Жэки Чан ганцхан. Тухайлбал дэлхийн хаана нэгтээ газар хөдлөхөд би яаж туслахаа мэддэггүй. Яагаад гэвэл миний хүч мөхөсддөг. Би чадахаараа л хүмүүст, хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Гэхдээ Жэки Чан ганцаараа хагас сая хүнд тусламж үзүүлж чадахгүй.

-Таны хүмүүнлэгийн ажлын бас нэгэн зорилго бол агаарын бохирдлыг эсрэг байгаа. Та өнөө өглөө ирэхдээ нийслэл хотыг утаан дунд байгааг харсан байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол зөвхөн нэг хүн, нэг улсын асуудал биш юм. Хүн болгон хувь нэмрээ оруулах ёстой. Лос-Анжелест ч гэсэн ийм асуудал бий. Заримдаа би өөрийгөө энэ хар утааг сороод авчихдаг супер хүн байсан ч болоосой гэж боддог. Би дэлхийн олон орноос явж байсан. Хүмүүс надаас дандаа ингэж асуудаг. Гэхдээ хүмүүс би түүний төлөө юу ч хийж чадахгүй гэж боддог нь буруу. Бид илүү сайхан орчинд амьдрахын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Бид хамтдаа үүнийг ялж гарч чадна.

-Холливудын оддын дунд хүүхэд үрчилж авах нь олонтаа тохиолдог. Та өөрөө нэг хүүхэдтэй, танд хүүхэд үрчилж авах бодол бий юу?

-Хүүхэдтэй болно гэдэг маш их үүрэг хариуцлага хүлээх болно гэсэн үг. Харин надад ийм үүрэг хүлээх цаг маш бага байдаг. Би хоёр нохой тэжээдэг. Гэхдээ би нохойгоо өөрөө бараг асардаггүй. Заримдаа нохой маань намайг танихгүй хазах тохиолдол байдаг. Би сүүлийн жилүүдэд байнга л дэлхийг тойрон аялж байгаа. Магадгүй сүүлд тийм зүйл болж болзошгүйг хэлж мэдэхгүй байна.


-Та Чингис Хааны тухай кино хийх үү?

-Яг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Батука бид хоёр энэ талаар ярилцсан. Би Чингис Хааны тухай кино хийхийг үнэхээр их хүсч байгаа.

-Таныг монгол гаралтай гэдэг үнэн үү?

-Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ миний аав надад өвөг эцэг маань монгол цустай гэдэг байсан. Тиймээс би нэг л өдөр, хэзээ нэгэн цагт Монголд Чингис хааны тухай кино хийнэ гэж боддог юм. Би Батукатай энэ талаар ярилцсан. Хэдэн жилийн өмнөөс л ярилцаж байгаа. Чингис хааны тухай маш олон кино, нэвтрүүлэг байдаг ч гэхдээ кино бол түүхийг хэрхэн сонирхолтойгоор харуулахад оршдог. Би Чингис хааны тухай киног жирийн нэг байлдаантай кино шиг хиймээргүй байна. Кино зохиол бүхэлдээ маш сонирхолтой байж хүнд хүрэх ёстой. Тэр нь л чухал.

-Хүн болгон таныг инээдмийн жүжигчин гэдгээр чинь мэддэг бас хайрладаг. Та инээдмийн киноноос өөр кинонд тоглох бодол байгаа юу? Холливуд дахь таны дараагийн алхам юу вэ?
-Би маш олон жил кинонд тоглож байна. Сүүлийн 20 жил тасралтгүй кино бүтээсэн. Гэхдээ би зөвхөн инээдмийн жүжигчин төдийгүй сайн жүжигчин байхыг хичээдэг. Би үзэгчдэд кино болгоноороо өөр өөр зан характер, өөр action харуулахыг хичээдэг, яагаад гэвэл би жинхэнэ жүжигчин хүн. Би хамгийн сүүлд “The Karata Kid” кинонд тоглосон. Яг одоо тоглож байгаа кино маань “1911” гэдэг кино. Энэ бол миний тоглож байсан кинонуудаас огт өөр.  Би зөвхөн “Цагдаагийн түүх 1, 2, 3” гэдэг кино хийхийг хүсэхгүй байна. Би кино болгондоо өөрчлөгдөхийг хүсдэг.

-Таны шинэ киноны тухайд та юу хэлэх вэ?

-Яг одоогоор би “1911” гэдэг кинонд тоглож байгаа. Магадгүй ирэх жил “The Karate Kid-2” кино гарах байх.

Н.Энхтуяа, М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж