Шонхор нэгдүгээр асуудал биш

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Шонхор нэгдүгээр асуудал биш

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    Өнгөрсөн баасан гариг буюу намрын чуулганы нээлтийн өдөр байгаль орчны иргэний хөдөлгөөнүүдээс УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Манайхны “урт нэртэй хууль” гэж нэрлээд байгаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна гэж. Хариуг нь энэ сарын 7-нд авна гэсэн. Ер нь энэ хуулийг яагаад хэрэгжүүлж болдоггүй, юун дээрээ саатаад байдаг юм бэ?

    -Яг одоогоор би тэр шаардлагыг хүлээж аваагүй байна. Уг хууль нь өөрөө бичилтийн хувьд их жижигхэн хууль. Харин хэрэгжүүлэх явц нь маш өргөн хүрээг хамар ч байгаа. Хуульд зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойн сан, усны сав бүхий газар, усны урсац бүрэлдэх газруудын координатыг тогтоох ёстой. Орон нутаг мөн ялгаагүй. Манай яамнаас өнгөрсөн жил ойн сан, усны сав буюу урсац бүрэлдэх газруудынхаа координатуудыг тогтоогоод өгчихсөн. Хоёр сая гаруй цэгийн координатыг тодорхойлохын тулд маш олон хүн дайчилсан, олон хоног ажиллаж дуусгасан. Харин орон нутгийнхан үүнийг хийх чадваргүй байсан, ихэнх нь хийж чадаагүй. Энэ ажил өөрөө их хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардсан ажил. Тиймээс 2010 онд БОАЖ-ын яамны төсөвт туссан мөнгөнөөс 500 сая төгрөг гаргаж, 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд орон нутагт ажилласан. Мэдээж өвөл нь цас, зудтай байсан учраас ажил тасалдсан. Гуравдугаар сараас эхэлж үргэлжлүүлээд зургадугаар сарын сүүл гэхэд бүх хэмжилтүүдээ хийж дуусгаад, долдугаар сард зураг дээр буулгасан. Тооцоо судалгаанаас эхлээд маш их ажил байсан. Наймдугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж, хуульд заасан газар нутгийн координатуудыг Засгийн газар манай яамнаас хүлээж авсан.

    -Яг одоо тэгвэл ямар ажил хийгдэж байгаа юм? Уг нь анх хууль санаачлагчид усны урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газраас 400 метрийн радиус дотор ашигт малтмал эрэх хайх, олборлохыг хориглохоор байсныг радиусыг нь бас багасгаж баталсан байх аа?

    -100 метрийн дотор хориглохоор баталсан. Манай гаргаж өгсөн координат дотор үндсэндээ 1500 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн координат нь давхцаж байгаа. Энэ давхцаж байгаа газруудад хийсэн аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалт, нөхөн төлбөр хэд байх вэ гэдэг журам дээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам одоо ажиллаж байгаа. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар оруулах байх.

    -Анх хуулийн төслийг гишүүд оруулж ирэх үед энэ хуульд заагдсан ойн сан, усны сав бүхий газар гэж юуг хэлэх тухай тодорхойлолт нь ч манайд алга байна, юун хил хязгаарыг нь тогтоох вэ гэж ажлын хэсгийнхэн ярьж байсан. Одоо нэг мөр ойлголттой болсон гэсэн үг үү?

    -Анх бол хуулийн төсөлд “усны сав газар” гэж оруулж ирсэн шүү дээ. Гэтэл Монгол Улс тэр чигээрээ усны сав газар байхгүй юу. Тиймээс гол мөрний урсац бүрэлдэх эх гэж тусгайлан зааж өгч, координатыг нь шинээр гаргасан.

    -Өнгөрөгч долоо хоногт энэ хуулийн ажлын хэсэг хуралдсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн жишээ нь “Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллахгүй байна” гэсэн. Мөн энэ хуультай холбоотойгоор лицензээ хураалгах болоод байгаа аж ахуйн нэгжүүдэд өгөх нэхэн төлбөрийн хэмжээ ч маргаантай байна. 4,7 их наяд төгрөгөөс долоон тэрбум ам.доллар гэсэн хол зөрүүтэй тоо яригдаад байгаа. Үүн дээр БОАЖЯ ямар байр суурьтай байгаа вэ? Тухайлбал, тэдгээр компанийн байгаль орчинд хийсэн нөхөн сэргээлтийн ажлаас шалтгаалж нөхөн төлбөрийг олгох биз дээ?

    -Манай яам бол ямар нэг тоо, мөнгөний дүн гаргаагүй. ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар нөхөн төлбөрийн хэмжээг тооцож гаргах ёстой. Тухайн аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг бодитойгоор тооцоод.

    -Өнгөрсөн хавар УИХ-аар батлагдсан Агаарын төлбөрийн тухай хууль бас хэл ам татлаад байна. Уг нь бол агаарын бохирдолтой тэмцэх эхний арга механизм гэж харагдаж байсан. Гэтэл хуулийн дагуу танай яам, Засгийн газраас баталж хэрэгжүүлэх ёстой дурэм журмууд бэлэн болоогүйгээс хэрэгжүүлэх боломжгүй суучихаад байгаа гэсэн?

    -Хууль нь өөрөө өнгөрсөн хаврын чуулганаар батлагдаж, “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр хэвлэгдээд наймдугаар сарын сүүлээс л хүчин төгөлдөр болсон. Манай яам хуулийг хэрэгжүүлэх журмаа боловсруулж, бүх яамдаас саналыг нь авч байгаа. Энэ сарын дундуур Засгийн газрын хуралдаанаар оруулах ёстой. Хуульд зааснаар агаарын төлбөр ирэх 2011 оноос төсөвт сууж эхлэнэ шүү дээ. Ирэх онд бид багцаагаар 30 тэрбум төгрөгийг эндээс оруулж ирнэ гэж төсөвт тусгасан. Байгаль орчны салбарт мөнгө босгох анхны бодит жишээ болсон. Өнөөдрийг хүртэл байгаль орчны салбар дандаа л үлдэгдлийн зарчим дээр хуваарилалтаа авч ирсэн. Бүх мөнгийг “эдийн засгаа босгоё, нийгмийн халамжаа нэмэгдүүлье, тэтгэвэр тэтгэмжээ өсгөе” гэдэг байдлаар л зарж ирсэн биз дээ. Одоо бол энэ салбарт хөрөнгө мөнгө зарахаас өөр аргагүй болсон. Сүүлийн 20 жил байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй. Хүнээр бол хамаг эд эрхтэн нь гэмтээд, машинаар бол “их засварт” орохоор болчихсон.
    Одоо яаралтай энэ салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой, мөнгө хөрөнгөтэй болж ирж байгаа дээрээ. Нэгэнтээ уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөний тодорхой хувийг байгаль орчны салбарт чиглүүлэх ёстой. Хамгийн анхны жишээ нь Агаарын хууль болсон. Агаарын хуулиар Агаарын санг байгуулах ёстой. Энэ санд мөнгө төвлөрүүлж, агаарыг сэргээдэг ногоон байгууламжуудыг сэргээх, тоосжилтийг багасгах, усны асуудлыг шийдэхэд тодорхой хөрөнгө оруулалт хийнэ. Гэх мэтчилэн олон ажил байна. Ганц жишээ хэлэхэд мод тарьсан хүмүүст урамшуулал олгох анхны боломж олдож байна. Тарьсан биш, ургуулсан хүмүүст.

    -Б.Бат-Эрдэнэ гишүүний ярианаас, тэр тоо баримтаас харахад Байгаль орчны яам нь байгаль хамгааллаа яриад, Эрдэс баялгийн яам болохоор уул уурхайн компаниудынхаа эрх ашгийг хамгаалаад хоёр тийшаа харчихаа юм уу гэж анзаарагдсан. Нөхөн олговорт шаардлагатай гэж байгаа мөнгө нь хүртэл хол зөрүүтэй байх жишээтэй. Үүнийг яаж нэг зүгт чиглүүлэх, хоёр өөр сонирхлыг нэг цэгт огтлолцуулах вэ?

    -Наадах чинь бол Б.Бат-Эрдэнэ гишүүний өөрийнх нь л бодол гэж би бодож байна. Цаг хугацааны л асуудал байгаа байх. ЭБЭХЯ-ныхан бол ажиллаж байгаа гэж бий ойлгож байгаа. Яг юу хийж байгааг нь бас газар дээр нь очиж үзээд, яамнаас нь тодруулсан нь дээр байх.

    -Хэрэгжих боломжгүй болчихлоо гээд байгаагийн нэг шалтгаан нь нүүрс олборлогчид жишээ нь “Хэрвээ Засгийн газар нүүрсний үнийг чөлөөлөхгүй юм бол бид кг тутмаас 1-2 төгрөгийн татвар төлж чадахгүй, тэртэй тэргүй алдагдалтай ажиллаж байна” гэж эсэргүүцэж байна. Нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал нь албан ёсоор ингэж хэлсэн шүү?

    -Нүүрс олборлосноос тэнд тоосжилт үүснэ, түүхий нүүрсний хэрэглээнээс болоод хотын утаа униар тамтгаа алдлаа, байгаль орчны бохирдлыг өчнөөнөөр нь бий болгож байна. Үүний л төлбөр шүү дээ. Хэрвээ энэ бохирдлоо багасгаж, шинэ дэвшилттэй техник технологи бий болгосон, ашигласан тохиолдолд урамшууллын мөнгө гаргаж байгаа. Дээр нь нүүрсээ угаагаад, хагас коксжуулаад гаргах юм бол татвараас чөлөөлөхөөр байгаа. Тиймээс наад асуудал чинь бол зүгээр л шалтаг байхгүй юу. Хэрвээ дампуурах гээд байгаа бол олборлохоо больчих л хэрэгтэй.

    -Олборлохоо больё, Улаанбаатар хөлдвөл ч хөлдөг гэж хэлж байгаа?

    -Хэн олборлохгүй байхыг нь л харья.

    -Засгийн газраас боловсруулсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хаврын чуулганаар нэлээд хэлэлцэж байж “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй болгоод баталчихсан. Мэдээж байгаль орчны бохирдол, Улаанбаатарын утаа бууруулах чиглэл зорилго нь тэр хэмжээгээр бүрхэгдсэн байх. Гэтэл саяхан Ерөнхийлөгч “Үлгэр жишээ, бохирдолгүй хөгжлийн санаачилга” нэртэй олон улсын санаачилгад бас нэгджээ. Тэнд цуглаад байгаа 10 тэрбум орчим ам долларын хөрөнгийг 12 оронд зарцуулахаар болсны эхний ээлжинд Монгол Улс багтаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Байгаль орчинд хор нөлөөгүй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулах юм байна л даа?

    -Тэгээд…

    -Гэвч үүнд үүнд БОАЖ-ын яам хэр оролцоотой байгаа вэ, энэ салбарт хэрэгжүүлэхээр батлаад байгаа төсөл хөтөлбөрийн өчүүхэн хэсэг нь ч гэсэн Ерөнхийлөгчийн энэ санал санаачилгад багтсан болов уу? Эсвэл хуучин шигээ л хүн бүр нэг өөр өөр зүйл яриад, хөрөнгө мөнгө гуйгаад гадашгаа “чавхдаад” байна уу?

    -Ер нь бол гаднын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах чиглэлээр бүх түвшинд санал санаачлагатай ажиллаж байгаа. Сая таны хэлдэг жишээ ч байна. Дээр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр хуримтлуулсан НҮБ-ын сангаас мөнгө авахын тулд бид өөрсдийнхөө бүх нөхцөл байдлыг маш сайн тайлбарлаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд Монголын төр засаг идэвхитэй, санаачлагатай ажиллаж байгаагаа илэрхийлж, Засгийн газрын хуралдааныг говьд хүртэл хийсэн шүү дээ. Энэ нь дэлхийн нийтийн анхаарлыг Монголд хандуулах, сангаас мөнгө хүртэх гэсэн л бодлого шүү дээ. Үүнээс гадна бид дотроо бас идэвхитэй, санаачлагатай ажиллах ёстой. Тухайлбал, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр тодорхой обьектууд, бүтээн байгуулалтыг хийх, уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй зээл авах замаар төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нэлээд санаачилга гаргаж, хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулж байгаа. Тодорхой асуудлууд шийдэгдэх байх гэж найдаж байна. Паралельно олон арга замаар ажиллаж байна л гэсэн үг л дээ.

    -Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээж “БОАЖ-тай хамтарч ажиллаж, мэргэжилтнүүд нь оролцож байгаа” гэсэн л дээ. Гэхдээ тодорхой жишээ татаагүй болохоор би хувьдаа итгээгүй?

    -Энэ санаачилга бол дөнгөж эхний ээлжинд санал солилцох шатанд яваа зүйл. Тиймээс бид түүнд өөрсдийн төсөл хөтөлбөрүүдээс тодорхой саналуудыг бэлтгэж оруулахаар ажиллаж байгаа, он гарахаас өмнө.

    -Өнгөрөгч баасан гаригт Засгийн газар ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Мэдээж танай яамны төсөв ч бас явж байгаа. Нөгөө хэлтэй амтай шонхрынхоо асуудлыг яаж оруулсан бэ? Энэ онд бол тоо толгойг нь бууруулаад үнийг нь нэмсэн шүү дээ?

    -Энэ онд 240 толгой шонхор гаргаж байсныг хэвээр нь үлдээсэн. Ер нь ойрын 5-6 жилд нэмэхгүй байх. Энэ хугацаанд бэлчээрийн тоо толгойг нь нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарна. Хоол тэмжээлийн олдож, цаг агаар зэрэг орчин нөхцлөөсөө шалтгаалаад жил бүр тоо толгой нь өөрчлөгддөг. Үлийн цагаан оготноор хооллодог. Гэтэл энэ жил өвс их ургасантай холбоотойгоор оготно цөөрсөн. Оготно л жишээ өвсний зөвхөн үзүүрийг иддэг байхгүй юу, өвс урт ургачихаар хоолгүйддэг. Тиймээс бид энэ жил 5000 орчим хиймэл үүрийг шонхор нутагшдаг газруудад тавьсан. Хоол тэжээлийн байдал зэргээсээ шалтгаалаад өндөглөх тоо нь хүртэл янз бүр байдаг юм байна. Дунджаар нэг 3-4 өндөг гаргадаг. Түүнийх нь 1-2 нь дэгдээхэй болдог жишээтэй. Харин энэ жил хиймэл үүр тавьснаар долоо хүртэл өндөг гаргасан тохиолдол гарсан шүү. Ер нь бол шонхорын асуудал байгаль орчны номер нэг асуудал биш шүү дээ. Мянгад бол орж магадгүй. Наана нь өчнөөн асуудал, устаж үгүй болохын ирмэгт ирчихээд байгаа шувууд ч бий. Үүнийг хэн ч ярьдаггүй л байхгүй юу. Жаахан мөнгө олдог болохоор нь шонхрыгоо л тойрч улс төр хийдэг болохоос биш.

    -Хятад, Түвдэд бас шонхортой гэдэг биз дээ, манайх тоогоо бууруулахаар тэд гаргах уу?

    -Үгүй. Дэлхий дээр ганцхан Монгол Улс л шонхор экспортлох зөвшөөрөлтэй. Олон улсын шувуу хамгаалах нийгэмлэг буюу SITES-аас өгсөн зөвшөөрөл нь тэр. Экспортлох дээд хязгаарыг нь ч гэсэн тэндэс тогтоож өгдөг. Хэдийгээр шонхор нүүдлийн шувуу ч гэсэн өндөглөх, дэгдээхэй болох цаг нь манайд тохиодог учраас эндээс экспортлох нь зөв гэж үздэг юм билээ.

    -Өмнө нь шонхороо хамгаалах хэрэгтэй байсан бол өнөөдөр жуулчид, анчдаа хамгаалах шаардлагатай болчихсон юм биш үү? Хөдөө гадаа амарч яваа монголчуудаа хүртэл орон нутгийнхан, хяналт шалгалтынхан барьж аваад нэгждэг болсон гэсэн гомдол гарч байна?

    -Бид зөвхөн шонхортой холбоотойгоор энэ чиглэлд хяналт шалгалт тавьдаг бүх байгууллагуудыг хамарсан зөвлөгөөн хийсэн, өнгөрсөн арваннэгдүгээр сард. Тагнуул цагдаа, мэргэжлийн хяналт, гаалийнхан, эрдэмтэд, ТББ-ууд болон БОАЖЯ хамтраад. Тэгээд шонхор барих асуудал дээр гардаг бүх шүүмжлэлийн дагуу нарийн журам боловсруулсан. Тиймээс энэ жилийн хувьд ямар ч зөрчил гараагүй. Харин эсрэгээрээ Монгол талаасаа дарамт үзүүлдэг барьдаг зүйл анзаарагдсан. Гэхдээ яах вэ, энэ чинь амьдралын л процесс шүү дээ, нэг нөхцөл байдлаас нөгөө нөхцөл байдалд шилжиж байгаа юм чинь. Аль аль талынх нь үүрэг хариуцлагыг чангатгах л асуудал байгаа. Тиймээс энэ жил бид нэлээд амжилтад хүрсэн, харьцангуй зөрчил бага гарсан. Ирэх жилээс бид Монголоос гарах бүх шувуунд чип зүүж өгнө. Хоёрдугаарт, арабчууд шонхрыг ихэвчлэн 3-4 жил ан ав хийлгэж байгаад буцаагаад тавьдаг. Тийймээс цаашдаа тэр тавьж байгаа шонхроо Монголд нь буцааж авчирч байгаач ээ гэдэг саналыг тавьж байгаа. Энэ ажлын эхлэл болгоод ирэх долоо хоногт 25 шонхорыг Арабаас авчирч тавина.

    -Эр эмийг тэнцүү гаргадаг нь ямар учиртай юм бэ. Үржүүлдэггүй биз дээ?

    -Монголд бол эм шувуу нь хэрэгтэй л дээ, үржлийн талаасаа. Арабууд бол эм шувууг үржлийн зорилгоор авдаггүй. Тэнд өндөглүүлээд дэгдээхэй болгохоор нөгөө зэрлэг байдал нь үгүй болчихдог юм гэсэн. Тиймээс арабчууд эм шувууг өндөг гаргагчаар авдаггүй. Эм шувуу нь илүү дайчин, үр өндгөө тэжээх, идэш тэжээл олох инстинктээрээ ч тэр үү ан ав хийхдээ хүртэл сайн байдаг юм гэсэн.  

    -Өнгөрсөн зун Засгийн газрын хуралдааныг говьд хийж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцид нэгдсэн орнууд, хандивлагчдад хандаж уриалга гаргасан. Мөн тэндээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгө мөнгөний санхүүжилт олох тал дээр идэвхитэй ажиллах үүргийг БОАЖ-ын сайдад өгсөн байгаа. Энэ дагуу ямар ажил хийгдэж байна вэ?

    -Олон улсын байгууллагад хандаад, уур амсьгалын энэ өөрчлөлт, цөлжилтөд хамгийн их, гурав дахин их нэрвэгдэж байгаа Монгол Улсад үүнтэй тэмцэх техник технологийн болон хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхэд онцгой анхаарал хандуулаач ээ л гэдэг уриалга гаргасан шүү дээ. Өндөр уулын бүсэд оршдог улс орнууд илүү нэрвэгдэж байгаа гэдэг утгаар нь манайд адил нөхцөл байдал үүсээд байна шүү гэж. Уур амьсгалын энэ өөрчлөлттэй тэмцэхэд зориулж өндөр хөнжилтэй орнуудаас 60 тэрбум ам.долларыг 2012 он хүртэл хугацаанд цуглуулна гэж байгаа. Сангийн хөрөнгийг мэдээж байгаль орчинд ээлтэй “ноу хау” худалдаж авах болон бусад асуудалд зарцуулна. Эндээс л боломжийн, ахиухан мөнгө авчих л хувилбарыг ярьж байгаа. Манайхан ч тодорхой түвшинд төслүүдээ бэлтгэж байгаа. 2012 он хүртэл ерөнхий 2-3 төслийг бий болгочихно.

    -Сая Турк улсад ажиллаад ирсэн. Энэ үеэр “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах санхүүжилтийн асуудлыг дахин ярьсан гэсэн. Хэр урагштай байгаа юм?

    -Туркийн Засгийн газар, Байгаль орчны асуудал хариуцсан яамтай “Орхон говь” төслийн тооцоог хийхэд зориулж таван сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно гэсэн урьдчилсан тохиролцоотой, меморандумд гарын үсэг зурчихсан, тэр ажил маань хоёр хүлээгдэж байгаа. Монголын талаас бол урьдчилсан бүх ажлаа хийчихсэн, ерөнхий судалгаа нь бэлэн болчихсон. Одоо зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал хүлээгдэж байгаа учраас Туркийн талд үүнийгээ хурдан шийдээч ээ, хугацаа алдаад байна гэдгийг танилцуулсан. Энэ сарын 15-16-нд Улаанбаатарт Монгол Туркийн Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан болно. Туркийн тал энэ асуудлыг Засгийн газрын хуралдаандаа оруулаад энэ хуралдаан дээр эцсийн байдлаар авчирна гэсэн шийдвэрт хүрсэн.

    -Гарын үсэг зураад санхүүжилт орж иртэл хэдий хугацаа орох вэ?

    -Бид бол гарын үсгээ зураад ирэх оны хавар гэхэд бүх үйл ажил эхэлсэн байхаар асуудлаа шийдээч ээ л гэж хэлсэн байгаа.

    -БОАЖЯ-наас үргэлж уяатай байдаг бас нэг маргаан байна. Богд уулын дархан цаазат газрын асуудал. Өнгөрсөн хавар сайд тушаал гаргаад зарим газрын зөвшөөрлийг цуцалсан. Тэгээд ямар үр дүн гарсан юм бэ?

    -Би бол зөвхөн газрын төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн компаниудын л зөвшөөрлийг цуцалсан. Газрынхаа төлбөрийг төлж байгаа, дээр нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудынхыг бол цуцлаагүй. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиараа нээлттэй учраас.

    -Гэвч үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөд орон сууц барьчихсан компаниудыг, Зайсангийн аманд боссон энэ олон орон сууцны хорооллыг яах вэ?  Та болохоор “Би нэг ч газрын зөвшөөрөл өгөөгүй” гэдэг. Гэтэл “Зөвшөөрөл өгөхгүй болохоор болчихдог юм уу, өмнө нь хууль зөрчөөд өгчихсөн газруудыг яах юм?” гэж асуух хүмүүс олон байна?

    -Яам зөвшөөрлийг өгдөг, үүний дараа мэргэжлийн хяналтынхан хяналтаа тавих ёстой. Тэд ажлаа хийг л дээ. Хийж чадахгүй бол тэр хянадаг шалгадаг, хураадаг цагддаг эрхээ манай яаманд өгөх хэрэгтэй. Чадахгүй бол бид энэ эрхийг чинь авья гэсэн, өгөхгүй л байгаа биз дээ. Хоёрдугаарт, энэ намрын чуулганаар дархан цаазтай газар нутгийн асуудлаар нэг зүйлийг оруулна. Хөвсгөл нуурын орчим дахь дархан цаазат газар нутгийн хил хязгаартай холбоотой. Энэ үеэр Богд хан уулын асуудал давхар яригдах ёстой. Тэр үед би байр сууриа илүү тодорхой хэлнэ.

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж