Бичил уурхайн журам боловсруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Бичил уурхайн журам боловсруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олны нэрлэж заншсанаар нинжа нар буюу гар аргаар ашигт малтмал олборлогчдын асуудлыг хэрхэн зохицуулах, хууль эрх зүйн орчинг нь сайжруулах талаар олон ч жил ярьж, олон ч төсөл хөтөлбөр болвсруулсан. Тэдэнд зориулсан тусгай хууль боловсруулах тухай ч яригдаж байсан. Нинжа нарын асуудлыг одоо ямар хууль журмаар зохицуулж байгаа, тусгай хууль гаргана гэж байсан санал хэрхсэн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.

    -Гар аргаар алт олбор­логчид буюу “нинжа”-нууыг зохицуулах хууль эрх зүйн орч­ныг бүрүүлсэн тухай яриагаа эхэлье?

    -Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар 2009 онд Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төсөл боловсруулж, Ашигт малтмалын тухай, Газрын тухай хууль, Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч  иргэний орлогын албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьж батлуулсан. Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулийн нэмэлтүүд хэрэгжиж эхэлсэн байгаа. Хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудал уул уурхайн салбарын хувьд үнэхээр тулгамдсан асуудал болоод байгаа. Олон хүн ийм аргаар ажиллаж, амьдарч байгаа тул ор тас хориглочихож болохгүй . Өмнөх үе үеийн Засгийн газар хувиараа ашигт малтмал олборлогчдыг зохицуу­лахаар хоёр ч удаа түр журам гаргаж байсан боловч төдийлөн зохицуулж чадаагүй юм.

    -Гар аргаар алт олбор­логчдын талаар тусдаа хууль гар­гана гэж байсан. Яагаад бо­льсон юм бэ?

    -Үүнд их хугацаа шаардлагатай. Ажлын хэсэг нэлээд ажилласны үндсэн дээр зарим хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан юм.

    -Гэсэн ч асуудлыг зохицуулж чадахгүй л ­байна шүү дээ. Жишээл­бэл, тэдэнд тусдаа га­зар зааж, ол­бор­лолт хийх бо­лом­жоор хангая гэж яригдаж байсан?
    -Ажиллах талбайг Газрын тухай хуульд нэмэлт оруулж өгч заасан байгаа. Бичил уурхайн зориулалтаар орон нутгаасаа заасан газарт л үйл ажиллагаа явуулах юм. Нэг суманд 10-аас дээшгүй, нэг газар нь таван га-гаас илүүгүй байна гэж хэмжээг нь мөн тогтоож өгсөн байгаа.

    -Тэгвэл Ашигт малтмалын ту­хай хуульд ямар нэмэлт оруулсан юм бэ?

    -Нэмэлтээр нэлээд асуудлыг тодорхой болгож өгсөн байгаа. Тухайлбал, бичил уурхай гэж заасан зориулалтаар олгосон ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ гэж 4.1.23-д оруулсан байгаа.
    Мөн орон нутгийн хүсэлтээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бичил уурхай эрхлэх боломжтой газрыг мэргэжлийн үүднээс тодорхойлж өгнө. Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, гар аргаар олборлогчид  нэгдэж нөхөрлөл болж ажиллаж болно гэсэн үг. юНөхөрлөлийг заавал бүртгүүлнэ гэхээр аж ахуйн нэгж болоод тамга тэмдэгтэй байхаас эхлээд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах хэлбэр рүү ороод явчихна. Тиймээс нөхөрлөл хэлбэрээр ажиллаж болно гэж хуульчилсан. Хамтран ажил­лах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болох бөгөөд заавал улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно гэж Иргэний хуульд заасан байгаа. Нөхөрлөлд таваас дээш хүн нэгдэнэ, харин орон нутаг тэднийг бүртгэнэ. Сум нөхөрлөлтэй гэрээ байгуулж, газрыг нь заан өгч ажиллах юм.

    -Орон нутагт хэн энэ ажлыг хариуцах вэ?

    -Энэ хоёр хуульд нэмэлт заалтууд орсонтой холбогдуулан Засгийн газрын журам гаргах ёстой. Төсөл бэлэн болсон, яамдуудаар санал авах шатандаа явж байна. Саналаа авч дуусаад Засгийн газарт өргөн барих юм. Энэ аравдугаар сард багтаад батлагдчих болов уу гэж найдаж байна. Тэгэхээр журмаар илүү нарийн асуудлыг зааж өгөх юм. Нөхөрлөлтэй хэн гэрээ байгуулж ажиллах, нөхөрлөл хэдэн хүнтэй байж болох, техник хэрэгслийн ашиглалт гэх мэт асуудлуудыг журмаар зохицуулах учраас журам батлагдахыг хүлээж байна.

    -Гар аргаар алт олбор­логчдын хамгийн гол асуудал нь олборлосон хүдрээсээ алтаа ялган авах байдаг. Цианид натри, мөнгөн ус ашиглуулахгүй, байгаль орчинд халгүй технологиор ажиллуулахад ямар зохицуулалт хийсэн байгаа вэ?
    -Энэ тухай журам дээр зааж өгнө. Цайнид, мөнгөн ус зэрэг химийн хорт ашиглахгүй, байгаль орчинд халгүй технологиор ажиллана гэдгийг. Алтны ордыг үндсэн болон шороон гэж ангилдаг. Шороон ордод бол химийн бодис ашиглахгүйгээр алтаа ялгаж авах боломжтой. Харин үндсэн ордын алтыг авахад боловсруулалт хийж, химийн бодис ашигладаг. Хэрвээ үндсэн ордод ажиллаж алт авахаар бол Төв аймгийн Борнуур суман дахь “ХАМО” гэх мэтийн компаниар баяжуулалт хийлгэж алтаа авах боломжтой.

    -“ ХАМО” компани алтаа яаж ялгаж авдаг юм бэ?

    -Хүндийн хүчний аргаар ямар ч химийн бодис ашиглахгүйгээр алтаа ялгаж авдаг юм. Гэхдээ үндсэн ордын хүдрийн алтыг бүрэн авах боломжгүй. Ерөнхийдөө бол тээрэмдэж нунтаг­ласан хүдрийн суллагдсан алтыг авах технологи юм.

    -Тэгэхээр нунтаг шороонд үлд­сэн алтыг яаж ялгаж авах вэ?

    -“Бороо гоулд” гэх мэт химийн бодис ашиглах эрхтэй компаниудад өгч угаалгах боломжтой.

    -Монголд гар аргаар алт олборлогч хаа сайгүй байна. Гэтэл химийн бодис ашиглахгүйгээр алтаа ялган авах үйлдвэр нь хэр байгаа билээ. “ХАМО” шиг компани өөр Монголд бий юу?

    -Швейцарийн хөгжлийн агентлаг Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд “ХАМО” шиг хэд хэдэн компани барьж байгуулъя гэсэн төсөл явж байгаа. Хамгийн түрүүнд эхний ээлжинд Баянхонгорт барих тухай яригдаж байна.

    -Бичил уурхайчид татвар төлөх үү?

    -Бид энэ талаар авч үзсэн. Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд хамруулж, сард нэг хүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин багасгасантай тэнцэх хэмжээний татвар авдаг байя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан боловч дэмжигдээгүй. УИХ-ын энэ намрын чуулганаар энэ хуулийн асуудлыг дахиж хэлэлцэж шийдвэрлэх байх гэж найдаж байгаа.

    Б.БЯМБАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж